Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням бүх л сэдвийг улстөржилт гэж хардаг бололтой. Учир нь өнөөдөр хийсэн мэдэгдэлдээ улс төрийн зорилготой гэж харж байна гэдэг үгийг хэд хэдэн удаа ашиглав. Мөн улсаараа шахуу шатахууны эрэлд гарч, шатахуун түгээх станцуудад оочирлож байгааг ч мөн улс төрийн зорилго гэж харж байгаа аж.

Харин манай редакцын зүгээс зарим шатахуун нийлүүлэгчтэй холбогдож АИ92 шатахууны нөөцийн талаар тодруулахад Петровисын бүх салбарт дууссан, МТ шатахуун түгээхийн зарим салбарт карт, талонтой үйлчлүүлэгчдэд олгож байгаа гэв. Харин салбарын сайд маань үүнийг үгүйсгэж “ОХУ-д нөхцөл байдал хэцүү байгаа ч манай улсад нийлүүлэлт хэвийн байгаа. Гол асуудал нь улс төрийн зорилго гэж харж байна” гэв.

Өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр шатахууны үнэ Улаанбаатар хотод 200, хөдөө орон нутгуудад 500 орчим төгрөгөөр нэмэгдсэн. Тухайн үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан байсан бөгөөд нефть импортлогчдын асуудлаар ШӨХТГ-т хандаж, хамтран ажиллана гэдгээ мэдэгдэж байв. Мөн шатахууны үнийг хэвийн байдалд нь оруулахын төлөө ажиллана гэдгийг ч мэдэгдээд байсан. Гэвч тухайн үеийн Засгийн газар огцорсноор уг асуудал Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямд шилжсэн билээ. Гэвч энэ асуудлаар салбар залгамжилсан сайд нэг үг ган хийсэнгүй шатахууны үнэ тэр хэвээр үлдсэн. Үр дүнг нь иргэд үнийн өсөлтөөр үүрч яваа.

Нөгөө талд манай гол нийлүүлэгч ОХУ дотооддоо ч шатахууны асуудалтай байгаа гэдэг мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй. Тухайлбал, Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн твиттер хуудастаа “Орост томоороо эхний тавд ордог газрын тос боловсруулах үйлдвэр шатаж үйл ажиллагаа нь зогслоо. Оросын нефть боловсруулах хүчин чадал дунджаар 40 хувиар унаад байна. Бензин тасалдах юу ч биш болоод байна даа” хэмээн жиргэжээ.

Ерөнхийдөө гадаад, дотоод нөхцөл байдал хүнд байна. Харин салбарын сайд нь үүнд анхаарах байтал шатахууны хомсдолд орсон иргэдийнхээ зовлонг улс төр рүү “бух”-аад орхих бололтой. Түүнийг ийн улстөржиж байх хооронд монголчууд бид улсаараа явгарах нь.