Түүх, соёл, төрт ёсны гайхамшигт уламжлалтай тэнгэр заяат монголчууд бид түмэн олны их баяр цэнгэл, Үндэсний их баяр наадмаа нар хур тэгширсэн зуны дэлгэр өдрүүдэд ёслол төгөлдөр, ерөөл бэлгэдэл дүүрэн, хийморь золбоо өөдөө тэгш сайхан тэмдэглэлээ.
Жил бүрийн наадмаар ертөнцийн дайд Монгол хэмээх нэр дуурьсаж, алтан соёмбот далбаа дэлхийд томоохон хотуудад манддаг сайхан уламжлалтай билээ.
Энэ жилийн наадмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн нэр дээр таван тивийн олон улс гүрний хаад, хатан хаан, ерөнхийлөгч нар, амбан захирагч нараас гадна НҮБ болон олон улсын байгууллагуудын тэргүүнүүдээс манай Монгол улсын нэр төр, агуу их өвөг дээдсийн алдар суу, их түүх, өв соёлыг хүндэтгэсэн олон олон баярын мэндчилгээнүүд ирлээ.
Хаяа дэрлэн суух манай мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд Монголын ард түмэнд баяр наадмын мэндчилгээ хүргэж, хамтын ажиллагааны ирээдүйн хол замыг хамтран туулахаа илэрхийлжээ. Түүнчлэн бидний “гуравдагч хөрш” АНУ, ХБНГУ, Франц, Япон БНСУ, Энэтхэг, Турк, Итали, Чех, Польш, Вьетнам, Австрали, Канад зэрэг улс орнуудын удирдагчид Үндэсний их баяр наадмын мэндчилгээг ирүүлсэн нь Монголын гадаад харилцааны өргөн цар хүрээг илтгэв. Чингис хааны өлгий нутагт зохион байгуулагддаг Үндэсний их баяр наадамд Европын төрт ёсны олон зуун жилийн уламжлалтай хаант улсууд болох Их Британи, Бельги, Нидерланд, Швед зэрэг улсын хаад мэндчилгээ илгээхдээ бидний дундаршгүй өв соёл, бахдам сайхан түүхийн өгүүлжээ.
Дэлхийн тэргүүлэх томоохон улс орнуудын удирдагчид Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний их баяр наадмыг хүндэтгэн буйгаа илэрхийлж байгаа нь Монгол Улсын идэвхтэй, олон тулгуурт, тэнцвэртэй, бие даасан гадаад бодлого, төрийн тэргүүний дипломат үйл ажиллагаа болон Монголын олон улсын байр суурь өсөн нэмэгдэж буйн нэгэн илэрхийлэл гэж үзэж болно.
Сүүлийн жилүүдэд монгол наадмаар дэлхийн улс орны тэргүүнүүд тэр тусмаа улс орны хаад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар морилон ирэх болж, наадам нь зөвхөн үндэсний баяр биш, Монгол Улсын "зөөлөн хүч"-ний (Soft Power) хамгийн том индэр болон хувирч байна.
Улс орнуудын төрийн тэргүүнүүдийн мэндчилгээ, өндөр хэмжээний айлчлалууд, олон улсын хэвлэл мэдээллийн анхаарал зэрэг нь наадмыг дипломат харилцааны нэгэн өвөрмөц платформ болгож буй тул "Naadam Diplomacy" хэмээн нэрлэх бүрэн боломжтой юм.
Дэлхийн улс орнууд үндэсний онцлог баяр, соёлын арга хэмжээгээ дипломат харилцааны нэгэн хэрэгсэл болгон ашиглах болсон нь шинэ үзэгдэл биш. Япон улс сакурагийн улирал, Өмнөд Солонгос үндэсний соёлын давлагаа, Франц Бастилийн баяр, Энэтхэг олон улсын йогийн өдрийг улс орныхоо эерэг дүр төрхийг түгээн дэлгэрүүлэх "зөөлөн хүч"-ний бодлоготой уялдуулдаг. Үүнтэй адил Монгол Улсын Үндэсний их баяр наадам ч үндэсний соёлыг дэлхийд сурталчлах төдийгүй дипломат харилцааг бэхжүүлэх өвөрмөц индэр болж төлөвшиж байна.









.jpg)






