УИХ-ын гишүүн П.Батчимэг нарын есөн гишүүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Үүгээр цахилгаан скүүтер болон дугуй, хувь хүний бичил цахилгаан тээврийн хэрэгсэл гэсэн тээврийн хэрэгслийн ангиллыг шинээр тодорхойлж, эдгээрийг жолоодох насны хязгаар, тээврийн хэрэгслийн техникийн дээд хурд, зорчихыг зөвшөөрсөн замыг хуульчлахаар зорьж буй.
Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч дээрх төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн зүгээс хойшлуулахыг хүслээ.
Тус ажлын хэсгийн ахлагч Г.Уянгахишигийн тайлбарласнаар нийслэлийн холбогдох албан тушаалтнууд дугуйн болон тусгай замын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах гэж бүтэн жилийн турш хөөцөлдөж буй гэнэ.
Өдгөө скүүтер, мопед, дугуйтай хүмүүсийг явган хүний замаар зорчуулахгүй байхад хяналт тавих ажлыг олон нийтийн цагдаа нар хийж байгаа. Гэвч явган хүний замаас хөөгдөж авто зам дээр гарч буй тэдгээр хүмүүсийн аюулгүй байдал хангагдаж байгаа юу гэвэл эргэлзээтэй. Иймд эдгээр шинэ төрлийн хэрэгсэл зорчих суурь дэд бүтцийн өнөөгийн сүлжээ ямар байгааг мэдэх шаардлага тулгарч, түүнийг нийслэлийн засаг захиргаанд ажиллаж буй холбогдох албан тушаалтнуудад авах гэсэн ч өгөлгүй жил тойрсоор өдийг хүргэж. Нэгэнт УИХ-ын гишүүдэд шаардлагатай мэдээлэл нь олдоогүй, өгөөгүй тул энэ удаагийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй байгааг тэд учирлаж, хүсэлтийг нь ёсоор болгон хойшлуулсан нь энэ. Улмаар хэзээ хуралдах нь тодорхойгүй үлдлээ.
Гэтэл сүүлийн жилүүдэд манай улсад иргэд, ялангуяа 18 нас хүрээгүй хүүхэд, залуучууд цахилгаан дугуй, суррон, скүүтерээр замын хөдөлгөөнд оролцох явдал эрс нэмэгдсэн. Хүн амын хэт төвлөрөл, хотжилт, авто замын түгжрэлээс үүдэлтэйгээр Улаанбаатар хотод нийтийн хэрэглээний цахилгаан скүүтер түрээсийн шинэ төрлийн үйлчилгээ бий болж, иргэдийн хэрэглээг өсгөж буй.
Улмаар тэдгээрээс унаж бэртэх, явган зорчигч, автомашин, унадаг дугуй, мотоциклтэй мөргөлдөж зам тээврийн осол гэмтэлд өртөх, иргэдийн аюулгүй зорчих эрхэд нөлөөлөх, өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирол учруулах явдал ихэсч байгаа.
Үүнийг яаралтай зохицуулах гэж төрийн эрх барих байгууллагын түвшинд хууль хүртэл батлах гэтэл нийслэлийн албан тушаалтнууд арагш сууж, хууль тогтоогчдыг үл тоож буй нь ямар шалтгаантай юм бол? УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар парламентаар хэлэлцэж, сонсож буй аливаа асуудал, мэдээлэлтэй холбоотойгоор шаардлагатай мэдээллийг гишүүдэд өгч, асуултад нь хариулах төрийн албан хаагчид гагцхүү үнэн зөвийг хэлж, ярих ёстой. Цаашлаад хуульд заасан хугацаанд шаардсан мэдээллийг нь хүргүүлэх үүрэгтэй. Үүнийг нь ч дээрх хуулиудад тодорхой тусгаж, хүлээх хариуцлагыг нь тодорхой заачихсан. Хачирхалтай нь, УИХ-ын гишүүдийг ажил хариуцах ёстой албан тушаалтнууд үл тоож байна. Уг нь энэ хуулийг нэг хоногийн ч өмнө болов баталбал олон олон хүүхэд, залуусын эрүүл мэнд, амь насыг аварч, хамгаалах юм сан.





.jpg)









