МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэрийг шөнө дүлээр гаргаж. Үүнийг үл зөвшөөрсөн М.Бадамсүрэн, Д.Энхтүвшин тэргүүтэй нэр бүхий гишүүд Хяналтын ерөнхий хороо эл шийдвэрээ эргэж харахгүй бол УИХ дахь намын бүлэг, цаашлаад МАН-аас гарахаа мэдэгдэв. Тэднийг дэмжиж нэгдэх гишүүд цөөнгүй байгааг ч онцлохын сацуу УИХ-ын гишүүн Б.Баярбаатар намынхаа Хяналтын ерөнхий хорооны даргаар ажиллах нь Үндсэн хууль болон өөр бусад хуулийн холбогдох заалттай зөрчилдөж буйг санууллаа.

Үнэндээ тэд энэ тухай өнөөдөр дуугарч буй нь харамсалтай. Учир нь 2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ бүтэц, бүрэлдэхүүнээ хэлэлцэж байнгын хорооны удирдлагыг сонгоход Б.Баярбаатарыг Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга болгосон юм. Уг нь УИХ-д анх удаа сонгогдсон гишүүнд байнгын хороог даатгадаггүй “бичигдээгүй хууль”-тай ч түүнийг томилж, өнгөрсөн долдугаар сарын 9-нийг хүртэл ажилласан юм. Учир нь УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ өдөр буюу наадмын өмнөхөн баталж, Ёс зүй, дэгийн байнгын хороог “татан буулгаж”, Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяанд Ёс зүйн дэд хороог байгуулсан билээ. Аанай л Ёс зүйн дэд хороог Б.Баярбаатар удирдаж буй. Тус дэд хороо УИХ-ын гишүүний ёс зүй, сахилга, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэг сахиулахтай холбоотой асуудлыг хамааран хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар 126 гишүүний ёс зүй, сахилгыг хариуцаж байна гэсэн үг. Ардын намын нэр төрийг амь шигээ хайрлан дээдлэх үүргийг биелүүлэх ёстой Хяналтын ерөнхий хорооны дарга нь олон намын төлөөлөл болсон 126 гишүүний ёс зүй, сахилга, хариуцлагыг сахиулсаар л байх уу.  

Тэгээд ч УИХ-ын гишүүд ямар нэгэн төрийн бус байгууллагад сонгуульд албан тушаал хашихыг хуулиар хориглож буй. Тангараг өргөхөөсөө өмнө тухайн сонгуульт албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой. МАН-ын Хяналтын ерөнхий хороо бол бусад олон олон төрийн бус байгууллага шиг гишүүдийг нь сонгож томилдог бүтэц юм.