Ардчилсан нам бүтцээ зурлаа. Тэр гэхийн тэмдэггүй алаг, цоог ямар ч бүрэлдэхүүн үүсчхэв гэж гайхах хүн олон байна.
Гайхахаас ч арга алга. З.Энхболд, С.Баярцогт гээд энд тэндээс бие биеээ чичилж суудаг нөхөд дарга, цэрэг болж “тоглох” болсон нь тохуутай.
Олон жил шалгагдаж, шүүх, цагдаагийн хаалга сахиж асан С.Баярцогт Ардчилсан намын хаалгыг сая нэг чанга татлаа. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тэр томилогдлоо. 30 хоногийн дотор ҮБХ хуралдаж томилох эсэхээ шийднэ.
Үндэсний бодлогын хорооны олонх нь “Илүү туршлагатай хүн ажиллуул. Нам хооронд, цаг хугацааны болоод янз бүрийн ашиг сонирхлын зөрчлүүд дээр ажиллаж чадах хүнийг санал болгооч” гэсний дагуу С.Баярцогтыг оруулж ирсэн талаар АН-ын дарга О.Цогтгэрэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна билээ. Тэгэхээр С.Баярцогтыг дуу нэгтээ томилох нь мэдээж.
АН-ын Хяналтын хорооны даргаар З.Энхболд томилогдсон нь бас л сонирхолтой үйл явдал болов. Мань хүн саяхан л “Улс төрд орохгүй, ач, зээгээ сургуульд нь зөөгөөд завгүй явна” гэж байснаа үр хүүхдээ орхиод улс төрд яаруухан орж ирэв.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын бланк дээр С.Баярцогтыг Швейцарын ерөнхий прокурорт “матаж” явсан тэрээр Ардчилсан намынхаа их ялалтын төлөө сэтгэлээ "чилээсэн” болоод л эргэн ирэв бололтой. С.Баярцогт АН-д суух “суудлаа” олж байхад З.Энхболд хараад суухгүй нь зүйн хэрэг ч биз.
Ардчилсан намын гишүүдийн зүгээс МАН-ын, Х.Баттулгын. Ц.Элбэгдоржийн төлөөлүүд АН-ыг дахин сүйдлэх нь гэж үзэж байгаа гэх. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Энэ нөхөр АН-ыг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд ялагдуулах зорилготой, хэвтүүлж өгөх даалгавартай. Эх орноо зарсан энэ урвагчаас юу хүлээх юм бэ. Түүнийг эсэргүүцэж жирийн гишүүдтэйгээ тэмцэлд гарна” гэж мэдэгдээд байгаа. С.Баярцогт, З.Энхболд нарын хууччуул АН-ыг өөд нь татаж, өөрчилж шинэчилж гийнэ гэдэг юу л бол гэх нь ч байгаа аж.
Ямартаа ч тэд ирж буй улс төрийн сонгуулиудад өөр, өөрсдийн эрх ашгийг хамгаалах их дайн үүсгэх нь гарцаагүй. Үүнд хэн нь монжиж, хэн нь хожигдож үлдэх бол. Гагцхүү тал талын эрх ашиг Ардчилсан намд хор болох уу, хоол болох уу. Тэнцэж ядаж байж дахин МАН-ын өгөөшинд орж, сөрөг хүчний байр сууриа тавьж туух уу. 2012 оны түүхээ давтаж их ялалт байгуулах уу.

















