Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн таамаглал цахим орчинд гарсаар байна. Өөрөөр хэлбэл, судалгааны байгууллагууд сонгуулийн насны иргэдээс нээлттэй асуулт болон асуумжаар цахимаар гэхчлэн намуудаас нэр дэвших магадлалтай улстөрчдийг эрэмбэлж байгаа.

МEC судалгааны байгууллага нэр дэвших магадлалтай гэж МАН-аас Г.Занданшатар, Б.Жавхлан, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарыг судалгаанд “сойж” хэн нь илүү дэмжлэгтэй байгааг өнгөрсөн сард олон нийтэд мэдээлж байсан. АН-аас Н.Алтанхуяг өөрөө дэвших тухайгаа ил тод зарлачихсан гэж хэлж болно. Дэмжлэг ч чамгүй байгаа нь судалгааны байгууллагуудын дүн хэлээд байгаа. С.Баярцогтын хувьд  намын дэмжлэг ямар байх нь тодорхойгүй гэж харж болохоор байгаа. Цаашлаад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Лу.Гантөмөр нар горилж буй нь нийгэмд илхэн. Тухайлбал, судалгааны байгууллагууд өнгөрсөн долоо, наймдугаар сард нээлттэйгээр сонгуулийн насны  1000 орчим иргэнээс горилогчдын талаар санал асуулга явуулахад  Г.Занданшатар, Н.Алтанхуяг нар 20 гаруй хувьтай, С.Бямбацогт 14  хувьтай, Ж.Энхбаяр, Б.Жавхлан нар 10 орчим хувьтай дүн гарсан байв. Үүний араас АН-ын С.Баярцогт, Б.Пүрэвдорж нар удаалсан.

Харин найм, есдүгээр сард Г.Занданшатарын дэмжлэг нэлээд доошилж 10 гаруй хувь руу орж, С.Бямбацогт, Н.Алтанхуяг нарын дэмжлэг тэргүүлж эхэлсэн байна. Харин гуравдугаарт Ж.Энхбаяр орж байна.

Түүний хувьд наймдугаар сард орон нутагт ажиллаж, газар тариалангийн бүс нутагт газар дээр нь ажиллаж, төсвийн тодотголтой холбоотой нийгэмд ил ажилласан нь нөлөөлсөн байх магадлалтай.

Горилогч С.Бямбацогт тэргүүлж эхэлсэн нь түүний 07-08 дугаар сард УИХ-ын “спикер”-ийн хувьд чуулганы хуралдаан, гишүүдийн ирцийн ил тод байдал гэгчлэн нийгэм, сошиалд идэвхтэй байсан нь нөлөөлөв үү гэж харагдахаар байна. АН-аас Лу.Гантөмөр бас өөрийнхөө хэмжээд идэвхтэй байгаа.