Боловсролын зээлийн сангийн булхай, луйвар дэлгэгдэж, нийгэмд дуулиан тариад даруй гурван жил өнгөрлөө. Тухайн үед өнөөгийн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, БЗС-гийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа нар олны анхааралд оруулж шүгэл үлээж байв. Ингэж татвар төлөгчдийн мөнгийг боловсролдоо зарцуулсан хүмүүсийн төрийн дансанд тушаах ёстой 360 гаруй тэрбум төгрөгийн асуудал сөхөгдсөн ч өнөө хэр нь хангалттай төлөгдөөгүй байгаа юм.

Ийн боловсролын зээлийн сангийн “хулгай” тэсрээд гурван жил болсон ч өнөөг хүртэл зээлээ огт төлөөгүй, хууль бусаар тэглүүлсэн, эсвэл хэдэн арван сая төгрөгийн хүүгээ төлөөгүй хүмүүс олон бий.

Тодруулбал, татвар төлөгчдийн мөнгөөр боловсрол эзэмшчихээд зээлийн хүүгээ төлөхгүй 10-20 жил гүрийж яваа төрийн өндөр албан тушаалтнууд дунд өнөөгийн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр бий. Насаараа улс төрийн өндөр албан тушал хашиж сайд, даргын зөөлөн сэнтий дамжиж яваа гишүүн маань боловсролын зээлээр 2003-2005 оны хооронд гадаадад суралцахдаа 6000 ам.долларын зээл авсан ч хүүг нь төлөхгүйгээр 22 жил бултсаар явна.

Дараагийнх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү УИХ-ын гишүүн У.Отгонбаяр 2011-2013 онд гадаадад 32000 ам.долларын зээлээр суралцсан ч зээлээ төлөхгүй 13 жил болж байна. Мөн УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 2007-2009 оны хооронд гадаадад сурахдаа БЗС-гаас 32000 ам.долларын зээл авсан. Гэвч тэрбээр 18 жилийн турш хүүгээ төлөхгүй гүрийж явна. Энэ дунд нэг эмэгтэй байгаа нь УИХ-ын гишүүн асан Б.Саранчимэг. Тэрбээр 1999-2001 онд гадаадад суралцахдаа 32000 ам.долларын зээл авч 26  жил ашиглахдаа нэг ч төгрөгийн хүү төлөөгүй байна. Төр засаг, түмэн олон төрийн мөнгийг ашигласны төлбөрөө төлөхийг эдгээр эрхмүүдээс шахаж шаардсаар байгаа ч тоосонгүй энэ олон жилийг өнгөрүүллээ.

Эхний ээлжинд эдгээр төрийн өндөр албан тушаалтнуудаараа татвар төлөгчдийн мөнгийг нь ашигласан хүүг төлүүлчихвэл эдийн засаг хүнд хэцүү цагт эмч, багш нарынхаа цалинд нэмэрлэж болмоор. Даанч санаа зовохгүй гүрийсээр байх бололтой.