ХХ зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг учир битүүлгээр амиа алдсанаас хойш 28 жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, бүхэл бүтэн 28 жил мөшгиж мөрдөөд Монголын төр засаг, хууль шүүхийн байгууллага С.Зоригийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг, түүний захиалагчийг олж илрүүлж чадсангүй. Байсхийгээд захиалагчийг нь зарлана хэмээдэг ч төд удалгүй чимээгүй болчихдог. Харин бүр эсрэгээрээ С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ард түмний хүсэл зориг, хүлээлт, итгэл найдвар дээр дөрөөлсөн улс төрийн ашиг хонжоо хайсаар өдий хүрлээ. Хожсон нь ч олон. АН-ын генсек С.Баярцогт ч үүнийг хүлээн зөвшөөрч “С.Зоригийн үхлээр улс төр хийж ирсэн нь Монголын эмгэнэл болсон. 2000 оноос хойш 2024 он хүртэл сонгууль болгоноор энэ хүний үхлээр шоудаж ирсний үр дагаварт монголчууд ялагдсан гэж боддог” гэсэн өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Харамсалтай нь цаашид ч түүний нэрийг улс төрийн хүчин, улстөрчид хэдэнтээ ашиглаж, худалдаж идэхийг таашгүй.

Ардчиллын төлөө амьдарч, амиа алдсан С.Зоригийг жил бүрийн өдийд дурсан санадаг.
Ингэхдээ түүний хөшөөнд цэцэг өргөхөөс өөрийг хийж байсангүй. Ядахнээ үзэл санаа, үнэт зүйлийг нь түгээн дэлгэрүүлэх талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил ч хийж нийтийн хүртээл болгосонгүй.
Түүнийг ямар хүн байсан, Монголын ардчиллын төлөө юу хийж ямар хувь нэмэр оруулсныг залуу үеийнхний хэд нь мэдэх бол. Хэд нь сонирхож судалсан бол. Энэ янзаараа улс төрийн бараан мэдээнд бүдгэрч, балраад өнгөрөх вий. Хөл толгойгүй улстөржилтийн золиосонд орхигдож гээгдэх вий. Тиймээс ардчилсан хөдөлгөөний манлайлагч, алтан хараацай гэгдэж түүхэнд нэрээ мөнхөлсөн С.Зоригийг дурсан санадаг энэ өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүмүүний үзэл санаа, үйл хэргийг олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх, түүгээр дамжуулж ардчиллыг бэхжүүлэх үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, сэргээн санаачлах нь зүйтэй.
Ер нь ардчилсан хөдөлгөөний удирдагч гэдгээр нэрийг нь зээлж, худалдаж иддэг Ардчилсан намынхан энэ өдөр цогтой тэмцсэн нь үгүй. Түүнийг хөнөөсөн хэргийг илрүүлэх гэж үнэнийг эрж хайж, шударга ёсыг нэхэж, хариуцлага шаардах зориг зүрх ардчиллын “малгай”-н дор яваа хэн бүхнээс гарсангүй. Өнгө хэлбэр төдийхнөөр хөшөө, цэцэг, дуугүй ёслол л үлджээ. Жил бүрийн энэ өдөр нэг л ижил дүр зураг давтагдаад 28 жил өнгөрчээ. Цөөн хэдэн хүн цугларч, цэцэг өргөв. Дуугүйхэн зогсоод дараа нь тарцгаалаа. Ингээд л боллоо.
Өнөөдөр ч мөн адил АН, ИЗНН, ардчилсан хөдөлгөөнийхөн хөшөөнийх нь өмнө очиж баглаа цэцэг өргөлөө. Баахан зураг даруулж нийгмийн сүлжээнд гоё ганган харууслын үгтэй түгээлээ. Өөр юу ч болсонгүй.
Ардчиллын бэлгэ тэмдэг, шударга ёсны төлөө дуугарч явсан С.Зоригийг бид ингэж л “дурсдаг” болжээ. Угтаа тэр хүний амьдралаар дамжуулж үлдээсэн үнэт зүйл, тэмцлийн утга учрыг “амьд” байлгах учиртай. Даанч цэцэг өргөхөөс өөрийг хийж үл чадна.

Өнөөдөр С.Зориг 64 нас хүрлээ гэж уянгалахаас илүү түүний ярьж байсан шударга ёс хаана байна, түүний хүсэж байсан ардчилал ямар түвшинд явааг хөндөж дуугарах сэтгэл АН-д, арчилсан намын гишүүд дэмжигчдэд байсангүй. Түүний үйл хэргийг үргэлжлүүлэх талаар хэн ч юу ч ярьсангүй. Ганган зураг гялгар цэцэгс л хөшөөнийх нь өмнө үлдлээ.
















