СЭМҮТ, Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эрхлэгч, сэтгэцийн эмч Л.Цэрэндолгортой хүүхэд, өсвөр үеийнхэнд тулгарч байгаа хөгжлийн болон сэтгэцийн эмгэгийн талаар ярилцлаа.
-Нийгэмд аутизмын хүрээний эмгэг нэмэгдэж байна гэх болсон. Үнэхээр анхаарал татахуйцаар нэмэгдэж байна уу?
-Ер нь аутизмын хүрээний эмгэг манай СЭМҮТ дээр 2012 оноос мэр сэр оношлогддог болсон. Үүнээс хойш энэ төрлийн эмгэг байна гэдгийг сэтгэцийн эмч нар болон бусад эмч нарын хүрээнд таньж мэдэж эхэлсэн. Улмаар 2016 онд манайх Хүүхэд, өсвөр үеийн клиникийн төвтэй болсон. Энэ үед амбулаторид аутизмын хүрээний эмгэгээр оношлогдож байгаа хүүхдийн тоо нэмэгдсээр байна гэдгийг манай эмч нар анхааруулдаг байсан. Ковидын дараа буюу 2021 оноос хойш хүүхдийн хөгжлийн эмгэгээр манайд хандах хүүхдийн тоо эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор манай хүлээгдэл ихэссэн учир үзлэгийн кабинетаа хоёр болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ тухайн үед кабинетын тоог хоёр болгосон нь жилийн эцсийн тайлангаар хоёр дахин нэмэгдсэн тоон үзүүлэлт харагдсан байдаг. Энэ нь хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг биш юм. Үндсэндээ үзлэгийн тоо нэмэгдсэн учир оношлогдож байгаа хүүхдийн тоо нэмэгдсэн байгаа. Үүнээс хойш аутизмын хүрээний эмгэг огцом нэмэгдэж байна уу гэвэл бас үгүй.
-Аутизмын хүрээний эмгэгээр ношлогдож байгаа хүүхдийн тоо нийт үзлэгийн хэдэн хувийг эзэлж байна вэ?
-Өнгөрсөн жил 6000 орчим хүүхэд янз бүрийн асуудлаар манайд үзүүлсэн байна. Эдгээр хүүхдүүдийн 10 хувь нь аутизмын хүрээний эмгэгээр анх болон давтан үзлэг хийлгэсэн. Үүнээс шинээр оношлогдож байгаа нь эрс нэмэгдсэн тоо байдаггүй. Ер нь жил бүр ойролцоо байдаг. Жилд бүр тодорхой хувь нь шинээр оношлогдсон буюу ерөнхий дүр зургаараа ойролцоо хувьтай байдаг гэсэн үг. Бусад улсын тархалтын судалгаагаар нийт хүн амын 1-2 хувьд аутизмын хүрээний эмгэг илэрдэг. Тэгэхээр аутизмын хүрээний эмгэг халдварт өвчин шиг огцом нэмэгдэж, буурдаггүй. Хүн амын төрөлтийн тодорхой хувийг эзэлдэг гэсэн дүр зураг харагдаж байна.
Ерөнхийдөө тухайн улсын хүн ам нэмэгдэж л байгаа бол аутизмын хүрээний эмгэгийн тоо ихэсчхэж байгаа юм.
Мөн илрүүлэг, эмгэгийн талаарх нийт хүн амын ойлголт сайжирсан учир илрүүлэг, оношилогооны хувь нэмэгдэхэд нөлөөлсөн гэж харагддаг. Тиймээс СЭМҮТ-д ирж байгаа иргэдийн тоог хараад аутизмын хүрээний эмгэг ихсээд байна гэж хэлж болохгүй.
-Танайхаас өөр аутизмын хүрээний эмгэгийг оношилдог газрууд байдаг уу?
-Хувийн буюу хүүхдийн мэргэжлийн сэтгэцийн эмчтэй газруудад оношлогдож болно. Ялангуяа аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдтэй ажилладаг төвүүд оношилгоо хийж байгаа. Эдгээр төвүүдэд сертификатыг нь аваад оношилгоо хийдэг сэтгэлзүйчидтэй. Гэвч эдгээр сэтгэл зүйчийн оношоор нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах эрхгүй байдаг. Манай төв дээр ирж оношоо баталгаажуулахыг шаарддаг. Уг нь дүрэм журамдаа өөрчлөлт оруулчихвал манай дээр хэт ачаалал төвлөрөхгүй.
Мөн аутизмын хүрээний эмгэг мөн эсэхэд эргэлзэж байгаа эцэг, эхчүүдийн хувьд сэтгэл санааны түгшилттэй байгаа. Хурдхан үзүүлчих юмсан гэсэн хүлээлттэй байгаа эцэг эхчүүдийн хувьд хүлээгдлийг багасгах боломжтой болно. Одоо бол манай төв дээр илүү их төвлөрчхөөд байна.
-Өнгөрсөн жил танайх оношилгооны төхөөрөмжөө шинэчилсэн. Оношилгоо, үнэлгээ нь илүү сайжирсан гэж ойлгож болох уу?
-2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн манайх ADOS-2 буюу аутизмын оношилгоо, үнэлгээний аргачлалыг нэвтрүүлсэн. Энэ аргачлал нь олон улсад аутизмыг үнэлэх, оношлох алтан стандарт гэж нэрлэгддэг.
Ерөнхийдөө оношилгооны нарийвчлал нь маш сайн. Дотроо нас насны ангилалтай таван модультай. Наснаас гадна хэлд орсон ороогүйгээс хамаарч үнэлгээний аргачлалууд нь ялгаатай. Оношийг хамгийн сайн, баттай тавьдаг нь I, II модуль байдаг. Энэ нь 10-аас доош насны хүүхдүүдэд оношилогооны өндөр ач холбогдолтой байдаг. Харин өсвөр нас болон насанд хүрэгчдийн III, IV модуль аутизмыг ялгаж оношлох чадвар арай сул байдаг. Бусад шинжилгээ, оношилгоог давхар хийж бусад төрлийн эмгэгээс ялгах шаардлага үүсдэг. Нарийвчлал арай бага байдаг гэсэн үг. Тэгэхээр манай энэ оношилгоогоор 10-аас бага насны хүүхдээ оношлуулбал илүү үнэн бодит оношилгоо гарах боломжтой. Энэ оношилгоо, үнэлгээний аргуудыг эзэмшүүлэхээр манай төвөөс 5 эмчийг Турк Улсад сургаж, мэргэжлийн сертификатыг нь авсан. Мөн Турк Улсаас мэргэжлийн багш ирж бусад сэтгэл зүйч, сэтгэцийн эмч нарт үнэлгээ хийх аргыг зааж, олон улсын сертификат олгосон. Тэгэхээр яг энэ үнэлгээг хийх чадвартай хэд хэдэн хүн байгаа.
-Оношилгоог хамгийн багадаа хэдэн настай хүүхдэд хийх боломжтой вэ?
-Ер нь 31 сар хүртэлх болон 31 сараас дээш гэж зааглан авч үздэг. 31 сараас доош үнэлгээгээр оношийг шууд тавихгүй. Эхлээд ажиглаж, хөгжлийн хоцрогдол байна уу гэдэгт илүү ач холбогдол өгдөг. Мөн хэл яриаг сайжруулах, харилцааны ур чадварыг нэмэгдүүлэх, хөдөлгөөн засал гэх мэт заслуудыг хийх шаардлагатай. Энэ насан дээр хүүхэд хөгжлийн хоцрогдолтой байвал хоцрогдол арилгах арга, заслуудыг зааж өгдөг. Харин давтан, хянаж үзсэний дараа онош мөн эсэхийг сайн нягталсны дараа эцсийн байдлаар онош тавих зөвлөмж өгдөг. Учир нь, хүүхдийн хөгжлийн хоцрогдол бага насанд илэрч болно. Ялангуяа 31 сараас өмнө хоцрогдол илрэх тохиолдол элбэг. Тиймээс тодорхой арга хэмжээг эрт авснаар хоцрогдлыг багасгах болон арилгах боломж нь илүү сайн байдаг.
Тэгэхээр ADOS-2 үнэлгээнд орж оношоо тавиулсны дараа хүүхэдтэйгээ ажиллана гэхээс илүү хоцрогдол байна гэдгийг тогтоосон эмчтэйгээ хамтраад цаашаа юу хийх вэ гэдэгт анхаарч чадвал цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжтой.
Хүмүүсийн нийтлэг ойлголт нь үнэлгээнд орж оношоо батлах гээд цаг алддаг. Манай төв дээр хүлээгдэл маш их байна. Гэтэл тэр хүлээгдлийг хүлээж, онош тавьсны дараа хүүхэдтэйгээ ажиллана гээд хугацаа алдах гээд байдаг. Сэргээн засах төвүүд дээр эмч хүүхэд хоцрогдолтой байна гэдгийг ерөнхий хөгжлийн үнэлгээгээр үнэлж байгаа. Ингээд хүүхдийг энэ арга аргачлалаар засал хийе, дунд нь мэргэжлийн сэтгэцийн эмчид үзүүлж, яваандаа оношийг нь тодруулаарай гэдэг хамтарсан үйл ажиллагаатай байвал илүү үр дүнтэй байдаг.
-Эцэг эхчүүдийн хувьд хүлээн зөвшөөрөх гэдэг чамгүй хэцүү зүйл байдаг. Тэгвэл үүнээс болж хугацаа алдах тохиолдол байдаг уу?
-Хүүхдээ насныхаа хөгжлийн дагуу хөгжиж байна уу гэдгийг мэдэх гарын авлага эцэг эх бүрд байдаг. Энэ бол ягаан дэвтэр юм. Хүүхдээ маш сайн ажиглаж ягаан дэвтрийнхээ сар, жил болгоны үнэлгээг хийж чадвал хөгжлийн хоцрогдол нь гараад ирдэг. Тэрийгээ үнэлж мэддэг байх хэрэгтэй. Зарим эцэг эх хүүхэд нь хэлд орохгүй л байгаа бол аутизм гэж боддог. Гэтэл хэл ярианы хөгжил хоцрогддог маш олон эмгэг байдаг. Тиймээс хоцрогдож байна гэдгийг мэдсэн бол эхлээд хүүхдийн эмчид хандах ёстой. Хүүхдийн эмч үзээд хөгжлийн хоцрогдлуудыг үнэлж, нөлөөлж болох хүчин зүйлүүдийг арилгах арга хэмжээ авна. Хүүхэд дэлгэцийн хэт их хэрэглээнээс болж байна уу, ар гэрийнхэн нь хүүхэдтэйгээ харьцахгүй зурагт, утас, пад үзүүлээд харилцаа сул байна уу гэдгийг олж тогтоодог. Улмаар тухайн шалтгаан нөхцөлийг өөрчлөх ёстой. Үүний дараа хоцрогдож байгаа чадваруудыг нөхөн сэргээх буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвүүдэд үзүүлж, тодорхой засалд хамруулна. Ямартай ч хүүхдэд хоцрогдол байна гэдэгт илүү ач холбогдол өгч чадвал хугацаа алдаж тусламж авах гэдэг зүйл багасгана.
-Хүлээн зөвшөөрөхгүй байх тухайд?
-Зарим эцэг эхийн хувьд аль хэдийн уншиж судлаад, онош баталгаажуулах үзлэгт хамрагдаж байна. Харин зарим нь биш байгаасай гэсэн хүлээлттэй ирж байгаа. Эмч оношийг нь хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй байх асуудал ч гардаг. Ялангуяа эмээ, өвөө, аав нар хүүхэд оройтож хэлд орж болдог ш дээ, эрэгтэй хүүхэд угаасаа хэлд орой ордог шүү дээ гэх мэт уламжлалт үгээр өөрсдийгөө тайвшруулах арга харагддаг. Үүнийг шууд буруутгах хэцүү. Хүн бүр л эрүүл саруул хүүхэдтэй байгаасай гэж хүсдэг. Гэтэл аливаа стресс үүсгэгч хүчин зүйл тулгарахад стрессийг даван туулах тодорхой үеүд байдаг. Энэ үеийнхээ дагуу нүүр тулна, даван туулна, эсэргүүцнэ, сөргөлдөнө хүлээн зөвшөөрнө, эвлэрнэ гэх мэт үе шатууд явагддаг. Энэ үе шатууд зарим хүмүүс дээр удаан явагддаг учир хүүхдэд хэрэгтэй байгаа сэргээн засах хугацаа хойшлох асуудал гардаг. Тиймээс би эцэг эхчүүдэд хүлээн зөвшөөрөлтийг аль болох эрт авахыг зөвлөдөг. Үнэхээр сэтгэл нь түгшиж, санаа зовниод, тайван байж чадахгүй, нойр нь хямраад хэцүү байвал та өөрөө сэтгэл зүйчид хандах хэрэгтэй гэдэг. Ер нь дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй бол хүүхэдтэйгээ ажиллахад хугацаа алдана. Тусламж авах хугацаа хойшлох тусам хүүхдийн хоцрогдол улам тэлнэ гэсэн үг.
Ер нь аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийн хувьд хамгийн чухал зүйл бол эрт илрүүлж, эрт засалд хамруулах юм. Заслыг ерөнхийгөөс нарийн руу шат дараатай хийх ёстой. Ерөнхий чадваруудыг бүгдийг нь сайжруулж цаашлаад хоцрогдож байгаа чадварууд дээрээ түлхүү ажиллах гэсэн зарчимтай ажилладаг. Хамгийн эцсийн зорилго бол хүүхдийн амьдрал чанарыг сайжруулах шүү дээ.
-Олдмол аутизм гэдэг нэршил яригдах боллоо. Хүүхэдтэйгээ харилцан ярилцахгүй байх, утас, пад их үзүүлснээс болж аутизмтай болох магадлалтай юу?
-Аутизмын хүрээний эмгэгийг төрөлхийн хөгжлийн эмгэг гэж үздэг. Гэнэт илэрнэ гэж байдаггүй. Харин шинж тэмдэг нь төрсөн цагаас илрэх эсвэл хэвийн хөгжиж байгаад хожуу илрэх тохиолдол бий.
1, 2 нас хүртэл хэвийн хөгжиж байгаад 2 наснаас хойш шинж тэмдэг нь илүү тодорч гарч ирж байгаа нь нийгэмд олдмол аутизм гэх нэршлээр түгээд байгаа. Олон улсад үүнийг төрөлхийн аутизм гэж үздэг.
“Neuroscience”-ийн маш олон судалгаа хийгддэг. Энэ судалгаануудыг харахаар мөн төрөлхийн байдаг. Яагаад төрөлхийн гэж үзэж байна вэ гэхээр генийн тодорхой мутацитай холбоотой үүсдэг. Генийн мутаци нь төрөлхийн л байх боломжтой.
-Удамших боломжтой гэсэн үг үү?
-Яг удамшлын эмгэг бол биш. Удамших хандлагатай гэж үздэг. Энэ нь гэр бүл, хамаатан садан дотор эрүүл, аутизмын хүрээний эмгэгтэй аль ч хүүхэд төрж болно гэсэн үг. Эсвэл хүүхэд бүр аутизмтай бүр эсвэл хэдэн үеийн дараа ч аутизмтай хүүхэд төрөх магадлалтай. Давтамжтай байдаг учир удамших хандлагатай гэж үзээд байгаа юм.
-Удамших хандлагатай гэхээр гэр бүлийн 2 хүүхэд аутизмтай байх тохиолдол хэр түгээмэл байдаг вэ?
-Байгаа. Нэг гэр бүлийн 2, 3 хүүхэд аутизмын хүрээний эмгэгтэй байх тохиолдол бий. Ялангуяа нэг өндгөн эсийн ихрүүд төвшингийн хувьд өөр ч хоёулаа аутизмын хүрээний эмгэгийн шинж тэмдэгтэй байх тохиолдол байдаг. Мөн хамаатан садан, үеэлүүд дунд аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд төрдөг. Энэ нь өөрөө удамших хандлагыг илэрхийлж байгаа юм.
-Сүүлийн үед олон улсад фолийн хүчлийн эмчилгээ хийж байна гэх боллоо. Энэ хэр оновчтой эмчилгээ юм бол. Эмчилгээнд хэрэглэхийг олон улсад хүлээн зөвшөөрсөн үү?
-Фолийн хүчлийн гэх эмчилгээ нь АНУ-аас эхлэлтэй. Фолийн хүчлийг биед илүү их шимэгддэг хувилбараар бүтээж, аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүст хэрэглэж байна. Энэ нь улс төр, эдийн засгийн олон хүчин зүйлийн нөлөөллөөр нийгэмд маш хурдан түгсэн. ДЭМБ-ын болон бусад улс орны аутизмын хүрээний эмгэгийг эмчлэх эмчилгээний удирдамж, стандартад фолийн хүчлийг хэрэглэх зөвлөмж одоогоор гараагүй. Тиймээс бид фолийн хүчлийг эмчилгээнд заавал хэрэглэнэ гэж зөвлөхгүй байгаа.
Харин сүүлийн үеийн судалгаагаар фолийн хүчлийг хүлээж авах төрөлхийн рецевтрийн дутагдлаас болж фолийн хүчил биед шимэгдэхгүй байна гэж үзэж байгаа юм билээ.
Ингээд фолийн хүчил үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбоотойгоор тархины үйл ажиллагааны алдагдал үүсээд байна гэдэг судалгааны үр дүн гарсан байдаг. Энэ судалгаа аутизмын хүрээний эмгэгтэй хүүхэд бүрд үр дүн өгөх үү гэдгийг тогтоохын тулд дутагдалтай байгаа эсэх нарийн шинжилгээ хийж тогтоох шаардлагатай. Шинжилгээний үр дүнд суурилсан эмчилгээний арга байж болох ч бүх хүүхдэд үр дүнтэй гэсэн судалгаа хараахан гараагүй. Ер нь сүүлийн үед хийгдэж байгаа эмчилгээний олон арга байна. Өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээ, үүдэл эсийн эмчилгээ зэрэг үр дүн нь 100 хувь батлагдаагүй олон эмчилгээний арга гарч ирж байна. Эдгээрийн нэг нь энэ фолийн хүчлийн эмчилгээ юм.
Нэг хэсэг омега-3 дутагдаж байгаагаас аутизмын хам шинж үүсэж байна гээд маш их уулгадаг байсан. Гэхдээ энэ нь бодит байдал дээр хүүхэд бүрд ижил гардаггүй. Зарим хүүхэд омега уугаад тайван болж, хэт мэдрэхүйн өөрчлөлт нь сайжирч, нойрондоо сайн болж, сурах чадвар нь сайжирч байна гэсэн бол зарим хүүхэд ямар ч өөрчлөлтгүй байх жишээтэй. Яг адилхан эмийг судалж байгаад уулгасан ч өөрчлөлт алга гэж байсан. Үүдэл эсийн эмчилгээ ч бас мэдэгдэх өөрчлөлт алга гэдэг. Иймэрхүү ялгаатай үр дүнгүүд гардаг учир эмчилгээний арга гэж хэлэх боломжгүй.
-Аутизмын хүрээний эмгэгтэй хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах шийдвэр гарч эдгээр хүүхдүүд сургуульд сурч байна. Гэвч нөгөө талдаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх шаардлагатай тулгараад байгаа. Тэднийг хүлээн зөвшөөрөхөд нийгмийн оролцоо ямар байх ёстой юм бол?
-Япон, Солонгос, Турк зэрэг орнууд хэрхэн боловсролд хамруулдгийг судлаад үзэхээр хүүхдийн төвшингөөс хамаарч боловсролд хамруулж байна. Харьцангуй хөнгөн, сууж сурсан, багшийн тусламжгүйгээр өөрийгөө авч явдаг, бусдад саад болохгүйгээр боловсрол эзэмшиж байгаа бол ерөнхий боловсролын энгийн сургуулиудад хамруулж байна. Харин хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй, зан авирын хувьд мэдрэхүйн өөрчлөлтөөс болоод айдас түгшүүр ихтэй, орилдог, уйлдаг, заавал хажууд нь нэмэлт багш хэрэгтэй тохиолдолд энгийн сургуульд сургах нь ямар ч үр дүнгүй. Бусад боловсрол эзэмших гэж байгаа хүүхдүүдийн хувьд ч хэн нэгний өмнө хариуцлага хүлээх үүрэггүй. Тиймээс бусад хүүхдийн сурч боловсрох нөхцөл нь алдагдаж байгаа тохиолдолд зохицуулалт хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэмэлт багш, эцэг эхийн тусламжтай тогтвортой суулгах шаардлагатай эсвэл тусгай сургуульд сургах хэрэгцээтэй зэрэг хүүхдийг төвшинд тааруулж боловсрол олгох нь тэгш хамруулалт юм.
Түүнээс тэгш хамруулж байна гээд анги бүрд хоёр хүүхэд суулгачихаар янз бүрийн асуудал үүснэ. 40-50 хүүхэдтэй энгийн ангид ганцаараа байгаа мэт авирлаад байвал бусад хүүхдэд, хичээл зааж байгаа багшид хэцүү болдог. Үүнийг дагаад хүмүүсийн сөрөг хандлага гарч эхэлдэг. Эхэндээ бол хүмүүс ойлгоно, тэвчинэ. Гэхдээ энэ байдал удаан үргэлжилж, зохистой арга хэмжээ авахгүй бол ямар ч хүний стресст үзүүлэх хариу урвал гарч ирж бухимдаж, ундууцна. Зарим хүүхдийн хувьд шууд эсэргүүцэл үзүүлэх хандлага гарч ирж болзошгүй. Тийм болохоор бид хүүхдээ зөв үнэлж тохирсон боловсролд нь хамруулахад илүү анхаарч чадвал үр дүнтэй.
Бусад улс оронд ч энэ жишгээр явдаг юм билээ.
Японд гэхэд сэргээн засах хөгжлийн төвийнхөө дэргэд дагавар сургуультай байдаг.
Сургуульд нь ойр орчмын ерөнхий боловсролын сургуулийн багш нар ирж цагаар хичээл заадаг. Ингэхээр хүүхдийн боловсрол хоцрогдохгүй, сэргээн засах эмчилгээндээ ч хамрагдчихдаг юм байна. Тэгэхээр бид хүүхдэд илүү ээлтэй тогтолцоог нутагшуулах нь илүү үр дүнтэй юм болов уу.
-СЭМҮТ дээр үзүүлэх гэхээр хэдэн сараар цаг нь олдохгүй байна, хүлээгдэл их байна гэдэг шүүмжийг эцэг эхчүүд хэлдэг. Нөгөө талдаа эцэг эхчүүдийн хувьд хурдан үзүүлээд оношоо тавиулах хүсэл бий. Энэ хүлээгдлийг бууруулах арга байна уу?
-Бид хүүхдийн хөгжлөөс гадна нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох гэж байгаа учир маш олон асуумжийг дэлгэрэнгүй, удаан хугацаагаар авах шаардлага үүсдэг. Хүүхдээ маш сайн ажиглаж онош тавьдаг. Шаардлагатай бол дахин цаг товлодог. Тиймээс анх удаа үзүүлж байгаа хүүхдүүдийг заавал цагаа авч үзүүлээрэй гэж зөвлөдөг. Мөн бид хүүхдийн оношийг олохын тулд эцэг эхээс гадна зарим тохиолдолд яаж сурч байна, ямар зан харилцаатай байна вэ гэдэг тодорхойлолтыг багшаас авдаг. Тухайн хүүхдийг мэдэж байгаа хүмүүсийн хамтын ажиллагаа байдаг учир хэн хэндээ хүлээцтэй, хүндлэлтэй оролцвол хүүхдийн ирээдүйд эерэг нөлөөтэй. Хэрэв
эцэг эхчүүдийн хувьд санаа зовж түгшээд, хямраад байвал хувийн эмнэлгүүдэд үзүүлж болно. Тэндээс тодорхой чиг авч болно.
-Та дээр СЭМҮТ-ийн төвлөрөл их байна гэж байна. Ер нь СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн клиник дээр ямар төрлийн эмгэгүүд түгээмэл оношлогдож байна вэ?
-Оюуны хөгжил, IQ-ийн шинжилгээ нь хэвийн боловч бусад хүүхдүүдтэй харьцуулахад адил төвшинд сурч чадахгүй байх суралцахуйн бэрхшээл нь хөгжлийн эмгэгийн тодорхой хувийг эзэлж байна. Энэ төрлийн хөгжлийн эмгэгтэй хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн анги бүрд байна. Бид суралцахуйн бэрхшээлтэй эдгээр хүүхдүүдийг муу сурдаг гэдэг ангилалд оруулаад орхичихдог. Гэтэл тэнд уншихаас эхлээд бэрхшээл байдаг гэсэн үг. Энэ нь үсгээ холбож уншиж чадахгүй, холболоо гэхэд үг үгээр нь ойлгож чадахгүй байхыг хэлж байгаа юм. Үүнийг тархинд үйл ажиллагааны алдагдал байна гэж үздэг. Уншиж чадахгүй ч бусад ахуйн зүйлийг маш сайн ойлгодог, сэргэлэн хэр нь академик төвшний хичээлийг ойлгохгүй байх тохиолдол байна. Яагаад бусад зүйлийг сайн ойлгодог хэр нь үсэг холбохоо ойлгохгүй байна вэ гэхээр энэ нь унших дадлын эмгэг гэж суралцахуйн нэг төрлийн эмгэг байх жишээтэй.
Мөн маш сайн уншиж, ойлгодог, цээж бичигтээ сайн, логик сэтгэлгээ сайн боловч тоо бодохоор бодож чаддаггүй хүүхэд байвал тоо бодохын суралцахуйн бэрхшээлтэй байдаг.
Зөвхөн бичихийн суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүд гэж бий. Уншиж чаддаг боловч холбож бичиж чаддаггүй буруу харуулдаг, хойноос нь бичдэг гэх мэт өвөрмөц өөрчлөлт гардаг хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдийн оюуны чадамж нь шинжилгээгээр хэвийн гардаг бол сургуулийн дадлын эмгэг гэж хөгжлийн нэг төрлийн эмгэг байдаг. Сүүлийн үед энэ эмгэгээр оношлогдож байгаа хүүхдүүд цөөнгүй ханддаг болсон.
Мөн анхаарал дутмагшил, хэт хөдөлгөөнтөх хөгжлийн эмгэгтэй хүүхдүүдийг бид нийт дундаа сахилгагүй хүүхэд гээд нэр цол өгдөг. Гэвч үүний цаана эмгэг байгаад байна. Хүүхэд санаатайгаар сахилгагүйтээд байгаа юм биш. Өөрийн эрхгүй үйл хөдлөлөө хянаж, анхаарлаа нэг зүйлд удаан төвлөрүүлж чаддаггүй, хүлээж чадахгүй байгаа эмгэг шинжүүд илэрч байна гэсэн үг.
Оюуны хомсдол буюу оюуны төвшин тогтоох шинжилгээгээр хэвийн төвшнөөс доогуур байх нь хөгжлийн эмгэгт ордог. Мөн хэлснийг маш сайн ойлгоод дохио зангаагаар өөрийгөө илэрхийлдэг боловч ярьж чаддаггүй хэл ярианы хоцрогдолтой хүүхдүүд оношлогдож байна. Өгүүлэх эрхтний үзлэг шинжилгээгээр хэл яриа хоцрогдох бүтцийн өөрчлөлт байхгүй ч ярьж чадахгүй байх эмгэг байна. Эсвэл ярьж чаддаг боловч үгийг бүрэн гүйцэт ойлгож чадахгүй байх тохиолдол бий.
-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн болон бусад асуудал олон байгаа болов уу. Ер нь хүрч ажиллаж чадаж байна уу?
-Өсвөр насны хүүхдүүдийн гэр бүл, сургуулийн орчин, зан авирын онцлогтой холбоотой сэтгэл хөдлөлийн, зан үйлийн өөрчлөлтүүд, донтох эмгэгүүд гээд олон асуудал байгаа. Энэ дунд сэтгэцийн архаг эмгэг болдог солиорох эмгэг, удамшдаг сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгүүд зэрэг нь хүүхдийн үзлэгийн тодорхой хувийг эзэлдэг. Тэгэхээр манай хүүхдийн сэтгэцийн эмч гэдэг хүүхдэд тулгарч болох бүх л сэтгэцийн эмгэгийг үзэж, оношилдог өргөн хүрээтэй мэргэжил юм. Тийм болохоор бид цаашид илүү төрөлжиж ажиллах шаардлага үүссэн. Амбулаторид бид хүүхдийн хөгжлийн үзлэгээ түлхүү хийгээд байдаг гэтэл үзүүлэх шаардлагатай өсвөр насны хүүхдүүд маань үзүүлж чадахгүй байгаа асуудал гардаг.
Сэтгэл санааны гутралаас болж өсвөр насны хүүхдүүд гутрал нь гүнзгийрэх, улмаар өөрийгөө гэмтээх асуудал үүсдэг. Энэ хүүхдүүд манай төвийг тойроод л яваад байна.
Тэр хүүхдүүд өөрийгөө гэмтээгээд гэмтлийн эмнэлэг, ЭХЭМҮТ зэрэг өөр бусад эмнэлгээр яваад яг хэрэгтэй газраа ирж чадахгүй байна. Нийгэмд ч сэтгэцийн эмнэлгийн талаарх ойлголт хангалттай сайн биш байна. Манай нийгмийн эрүүл мэндийн алба олон нийтэд таниулах, сурталчлах үйл ажиллагаа явуулж байгаа боловч уламжлалт ойлголт нь тусламж үйлчилгээгээ цаг тухай бүрд авах, дараагийн хүндрэлээс сэргийлэхээс улам холдуулсаар байна.
-Энэ төвлөрлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Ер нь нэг төв дээр төвлөрнө гэдэг хүлээгдэл их болно л гэсэн үг. Энэ төвлөрлийг сааруулахын тулд орон нутаг, аймаг бүрд хүүхдийн сэтгэцийн 1-2 эмчийг маш сайн бэлдэх шаардлагатай байна. Төвлөрлийг сааруулахад бодлогын төвшинд анхаарах шаардлагатай. Нийгмийн эрүүл мэндийн асуудал нь өргөн хүрээтэй учир дараа дараагийн хүндрэл нь их болчхож байна. Хүүхэд насанд нь маш сайн анхаарч, тусламж үйлчилгээ үзүүлбэл насанд хүрсэн хүмүүсийн сэтгэцийн болон бусад эмгэгийн тархалт буурна. Тиймээс бид насанд хүрсэн хүмүүсийн сэтгэцийн эмч нараас илүүтэй хүүхдийн сэтгэцийн эмч нарыг илүү бэлдэж, ажиллах нөхцөл, орон тоонд анхаарах шаардлага тулгараад байна.
-Танай төв одоо ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа вэ?
-Манай төв дээр хүүхдийн сэтгэцийн зургаан эмч ажиллаж байна. Хоёр эмч “ADOS-2”-ийн үнэлгээ дээр, хоёр нь амбулатори дээр, хоёр эмч тасагт ажиллаж байна. Нэг нь байхгүй байхад үйл ажиллагаа нь ганхахуйц орон тоотой ажиллаж байна гэсэн үг. Цаашид энэ орон тоон дээр анхаарахгүй бол болохгүй. Хүүхэд өсдөгөөрөө өснө. Гол нь сэтгэцийн асуудал нь шийдэгдэхгүй хэвээр өсөх гээд байна. Мөн хангалттай хэмжээний сэтгэл зүйч хэрэгтэй байна. Жишээ нь, Турк улсад нэг сэтгэцийн эмч зургаан сэтгэл зүйчтэй нэг баг болж ажилладаг. Сэтгэцийн эмч үзээд ийм засал хэрэгтэй, үүн дээр анхаарах шаардлагатай байна гэдэг зааврын дагуу сэтгэл зүйч сэтгэл засал хийдэг юм байна. Гэтэл манайд тэр боломж нь алга.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.





.jpg)









