Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлхээр болжээ. Сангийн сайд З.Мэндсайханы мэдээллэж буйгаар иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах зорилгоор нийт 2.2 их наяд төгрөгийн татварын дэмжлэг үзүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.

Нэн тэргүүнд иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор хөдөлмөр эрхэлж буй иргэдийн сарын 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах албан татварыг 100 хувь буцаан олгохоор болжээ. Хөдөлмөр эрхэлж буй хэнбугай ч 792 мянган төгрөгийн орлогын албан татвараа буцаан авч, түүнээс дээших орлогодоо Хүн амын орлогын албан татвар төлөх аж. Хууль батлагдвал энэ зохицуулалтын хүрээнд нэг иргэн жилдээ 950 мянган төгрөгийг ХАОАТ-ын хөнгөлөлтөөр буцаан авах юм байна.

Татварын шударга байх зарчмыг хангах зорилгоор үйл ажиллагааны орлогыг хялбаршуулсан горимоор тайлагнах босго дүнг нэг тэрбум  төгрөгөөр тогтоож борлуулалтын орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгохоор болжээ.

Одоо мөрдөгдөж буй хуулиар жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд 1 удаа тайлан гаргаж, нийт борлуулалтын орлогын 1 хувиар орлогын татвар төлөх хялбаршуулсан горимыг сонгон хэрэглэдэг. Мөн жилийн 300 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд 2 удаа тайлагнаж, татвар ногдуулах орлогын 1 хувиар татвар төлдөг.

Иргэдийн амьдран сууж буй орчноо сайжруулахыг дэмжих зорилгоор татвар төлөгч өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан тохиолдолд үл хөдлөх борлуулсны албан татвараас чөлөөлхөөр болжээ. Татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор тайлан тушаах, албан татварыг төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгажээ.

Бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, татварын ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн өөрчлөлт оруулна

Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор 90 хувийн татварын буцаалт эдлэх буюу татварын нэг хувийн ачааллын босго дүнг 1.5 тэрбум төгрөгөөс 2.5 тэрбум төгрөг болгож өсгөхөөр болжээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 25 хувиар тооцон ногдуулж эхлэх татвар ногдуулах орлогын босгын хэмжээ зургаан тэрбум байсныг 10 тэрбум болгон, 6-10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувиар татвар ногдуулан хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтыг тусгажээ.

Түүнчлэн Бизнес эрхлэгчдийг бизнесээ идэвхжүүлэх, тэлэх бололцоогоор хангаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор НӨАТ суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгожээ.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгчийг НӨАТ суутган төлөгч гэдэг.

Одоогийн хуулиар Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээд, ААНБ-ын жилийн нийт борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрсэн бол НӨАТ суутган төлөгчөөр заавал бүртгүүлэх үүрэг хүлээдэг. Харин татвар төлөгч өөрөө хүсвэл борлуулалтын орлого нь 10 сая болон түүнээс дээш төгрөгт хүрсэн бол сайн дураар НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлж болдог.

Хариуцлагатай татвар төлөгчийг дэмжих, урамшуулах зорилгоор татвар төлөгчийн хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан дотоодын болон импортын НӨАТ төлөх хугацааг хоёр хүртэлх сараар хойшлуулхаар тусгасан байна. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан тушаах, төсөвт төлөх хугацааг хойшлуулахаар тусгажээ.