Монголын анхны мультимедиа агентлаг Mongoliapress.mn Засгийн газрын сайд нарт ямар мэргэжил боловсрол, мэдлэг, туршлагатай хүн зөвлөж, шадарлаж буйг цувралаар хүргэж байна.
Эхний ээлжинд Ерөнхий сайд Н.Учралын кабинетад уригдсан Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ч.Номин нарын зөвлөхийг танилцуулж байна.
БҮТ-ийн тодотголтой Л.Ганбат

Боловсролын сайд Л.Энх-Амгалан салбартаа шинэ хүн биш.Тэрбээр өмнө 2021-2024 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байгаад хоёр жилийн дараа салбартаа эргэж ирж буй юм. Багш нарын цалин мөнгө, ажлын ачаалал, боловсролын чанар хүртээмжээс эхлээд ажил, асуудал ихтэй салбарын сайд зөвлөхөөрөө Л.Ганбатыг урьжээ.
Л.Ганбат сүүлийн 13-14 жил Боловсролын үнэлгээний байгууллагад ажилласан.
Тэрбээр 2013 онд БШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2014 оноос 2020 он хүртэл БҮТ-ийн Шалгалт, судалгаа хариуцсан хэлтсийн дарга. 2021 оноос 2025 он хүртэл тус төвийн дарга болж дэвшсэн. Тиймдээ ч олон нийт салбарынхан нь БҮТ-ийн Л.Ганбат гэдгээр нь андахгүй. Харин 2025 онд Л.Ганбат хувийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. Тэгвэл тэрбээр ийн шинэ Засгийн газарт Боловсролын сайд Л.Энх-Амгаланд зөвлөж байна.
Ч.Номинтой 4-5 жил шадарлаж яваа аудитор, ТНБД асан С.Оюунбилэг
Н.Учралын Засгийн газарт сайдаар улирахдаа салбараа сэлгэж орж ирсэн Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ч.Номинд С.Оюунбилэг зөвлөж байна. Ч.Номин 2022-2025 оны хооронд Засгийн газарт соёлын сайдаар ажиллаж байв. Харин С.Оюунбилэг сүүлийн 4-5 жил Ч.Номингийн зөвлөх, хариуцсан яамных нь ТНБД болж дэвшитлээ их ойр шадарлаж яваа.

С.Оюунбилэг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчоор ажиллаж байсан. 2021 онд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдохдоо төрийн удирдах албаны болзол, шаардлагыг хангаагүй хэмээн багагүй шүүмжлэл дагуулж байв.
С.Оюунбилэг өмнө нь "Black Morgan" ХХК-д нягтлан бодогч, "My Great Khan” ХХК-д гүйцэтгэх захирал, "Хаан бууз сүлжээ" компанид ерөнхий менежер, гүйцэтгэх захирал, ХУД-т МАН-ын үүрийн тэргүүлэгчийн албыг хашсан. Мөн МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн зэрэг улс төрийн ажил хийж байсан нэгэн юм.
“Элэг шилжүүлэх”-ээр мэргэшсэн Ч.Энхболд зөвлөх
Шинэ Засгийн газар бүрдэхтэй зэрэгцээд олон нийтийг хамгийн их гайхшаруулсан томилгоо Эрүүл мэндийн сайд Э.Батшугар байв.
Өмнөх Засгийн газарт цахим салбарыг хариуцаж ажилласан түүнд эрүүл мэндийн салбарыг хариуцуулах нь их хол сонсогдсон байж магад. Гэвч хөрөнгө оруулалт, тооны чиглэлийн сайд илүү менежер хийх, эдийн засаг талаас нь харна гэдгийг танхимынх нь тэргүүн ч Э.Батшугар сайд өөрөө ч онцолсон. Энэ ч утгаараа эмч мэргэжилтнүүдийн цалин, эрүүл мэндийн даатгалын сан гээд тоо бодох шаардлагатай олон асуудал шинэ сайдыг угтаж авав.

Тэгвэл эрүүл мэндийн салбарыг огт өөр мэргэжилтэй хүн удирдах нь гэж санаа чилээж байсан бол Э.Батшугар сайд дэргэдээ хүний их эмч, Анагаах ухааны доктор Ч.Энхболдыг урьж зөвлүүлж байна.
Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй. Австри улсын Зальцбург хотод Хавдар судлал, Парисын “Paul Brousse” эмнэлэгт элэг шилжүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. 2011-2015 онд Япон улсын Токушима их сургуулийн эмнэлэгт Элэг шилжүүлэх, элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасагт “One-stop shop for 3-dimensional anatomy of hepatic vasculature and bile duct with special reference to biliary image reconstruction” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалжээ. 2016- 2017 онд Япон улсын Нагоя хотын төв эмнэлгийн элэг, цөс, нойр булчирхайн тасагт Нойр булчирхайн мэс заслын чиглэлээр Солонгос улсын Самсунг эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр, Япон улсын Шизүока хотын Хавдар судлалын төвд нойр булчирхай, цөсний замын хавдрын мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн гэж намтартаа бичжээ.
Ажлын туршлагыг харвал 2005 оноос Түргэн тусламжийн төв, ХСҮТ-ийн Элэг цөс нойр булчирхайн мэс заслын тасаг, АУ-ны хүрээлэн, Хавдар судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан, судлаач 2021-2022 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Сургалт, эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн захирал, Бриллиант эмнэлэгт Эмчилгээ эрхэлсэн захирал, зөвлөх эмчээр ажилласан байна.
2024 онд Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Хавдрын мэс заслын зөвлөх эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн координатор эмч, сүүлийн хоёр жил Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хавдрын мэс заслын зөвлөх эмч Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд Хавдрын зөвлөх эмч, Улсын хоёрдугаар Төв эмнэлэг, Төлөвлөлт эдийн засаг маркетинг хариуцсан захирлаар ажиллаж байжээ.
Үргэлжлэл бий...




.jpg)











