МУГЖ, “20-р зууны манлай” дуучин, поп дива Б.Сарантуяа Төв цэнгэлдэхэд тоглолт хийхээр болжээ. Тэрээр өчигдөр төрсөн өдрөөрөө хэвлэлийн хурал зарлаж, “Урлагт 40 жил-Хайрын бурхан” тоглолт хийх болсноо зарласан юм.
Хэвлэлийн хуралд Чингис хаан одонт, МУГЖ, “THE HU” хамтлаг үүсгэн байгуулагч Б.Дашдондог, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжав, Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор Үржингийн Хүрэлбаатар, Ардын жүжигчин Шарын Чимэдцэеэ, “Харанга” хамтлагийн гоцлол дуучин гавьяат жүжигчин, Төрийн соёрхолт Х.Лхагвасүрэн, Хурд хамтлагийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Д.Төмөрцог, "On and off" продакшны найруулагч С.Ононбат, МУУГЗ Н.Халиун, Гавьяат жүжигчин, поп дива С.Наран, Ж.Алтанцэцэг, Хөгжмийн зохиолч Б.Ангирмаа нарын ланжгарууд болоод шинэ залуу үеийн дуучид хүрэлцэн иржээ. Урлагийн томчууд, шинэ залуу үеийн дуучид түүнд зориулан Төрсөн өдрийн дууг нь дуулж, хүслийн лааг нь хамтдаа үлээсэн.
Б.Сарантуяа бол рок попын урлагийн гялалзах тод од, гэрэлтэх сар мөнөөс мөн. Тэр ийм хэмжээний хайр хүндэтгэлийг хүлээх уран бүтээлч гэдэгтэй нь хэн ч маргахгүй. Түүний гүн гүнзгий сэтгэл төрүүлэм өвөрмөц хүчтэй хоолой, өнгө аяс, донж шингэсэн уран бүтээлүүд нь сонсогчдыг 40 жилийн турш хуучиршгүй шинэ мэдрэмжээр хөглөж, уярааж, хайрлуулж, аялуулсаар иржээ. Гурван жилийн өмнөөс төлөвлөсөн ойн тоглолтоо тэр “Урлагт 40 жил-Хайрын бурхан” гэж нэрлэжээ.
Түүний нэрийн хуудас болсон уран бүтээл яах аргагүй “Хайрын бурхан”.
“Хайрын бурхан чи минь хаана байна
Хариулж надад хэлээд өгөөч...” гэх энэ мөртийг мэдэхгүй монгол хүн тун ховор. Энэ дуугаараа тэр 1996 онд шилдэг дуучин болж байв.
2000-аад оны эхэн үед нас чацуу үеэл маань “Хайрын бурхан чи минь хаана байна” гэж дуулахаар “Энд байна өө” гээд л гараад ирдэгсэн. Бид түүнд нь ихэд л хөөрч, хөгсдөг байж билээ. Тухайн үед одоогийнх шиг утас, зурагт байсангүй. Гэтэл хөдөө уулын мухарт байгаа зургаа, долоохон настай бидний хэдэн хүүхэд л “Хайрын бурхан” дууг мэдэж, дуулж суусан гэхээр түүний дуу уран бүтээл тал нутгийн өнцөг булан бүрд л хүрч эгшиглэж байжээ. Өнөөдөр ч тэр фенүүдийнхээ хүндлэлийг хүлээсэн эрэлтэд уран бүтээлч хэвээрээ.
“Урлагт 40 жил-Хайрын бурхан” тоглолтыг "On and off"-ийн гэдгээрээ олноо алдаршсан С.Ононбат найруулах бол "Зуны зугаа", "Triple X", "Triple X hit Awards" зэргээрээ хэдийн танигдсан Халзаа буюу М.Даваасүрэн продюсероор нь ажиллах юм байна. Тоглолтын ерөнхий найруулагч С.Ононбат “Сарааг хамтлагаасаа гарч, бие даан дуулж эхэлснээс хойш дуучид ганцаараа дуулж болох юм байна гэсэн үлгэр авсан. Олон ч дуучин түүн шиг ганцаараа дуулж, уран бүтээл туурвиж эхэлсэн. Тиймээс түүний ойн тоглолт яах аргагүй рок попын том баяр болж байна. Бид Төв цэнгэлдэхийн хаалгыг 15:00 цагт нээнэ. Хүмүүс эрт ирж тухалж болно” гэв.
С.Ононбатын дурдсанчлан рок попын урлагт Б.Сарантуяа өөрийн нэрээр тамгалсан мөр олон аж.
Тэр рок попын ертөнцөд анхны соло эмэгтэй уран бүтээлчийн нэг болсноос гадна ардын дуунуудыг поп урсгалаар найруулж “Аргагүй амраг” цомог гаргасан нь монгол этник урсгалыг бий болгожээ. Тус цомог борлуулалтаараа тэргүүлж хоёр ч удаа хэвлэгдсэн гэдэг. Б.Сарантуяа нийт 22 цомог, нэг пянз гаргажээ.
Тэр 40 жилийн турш тасралтгүй бөгөөд хамгийн үр бүтээлтэйгээр уран бүтээл туурвиж иржээ. Энэ хугацаанд тэр аялан тоглолтоор Монгол орноо бүтэн долоон удаа, АНУ-ийг гурван удаа, Европыг дөрвөн удаа тойрсон байна. “Хайрын бурхан” хэмээх анхны аялан тоглолтоо 1996 онд Монголоосоо эхэлж байсан бол 1998 оноос эхлэн гадаадад амьдарч байгаа монголчууддаа дуу хуураа хүргэж эхэлжээ. Улаанбаатар хотод л гэхэд 60 орчим тоглолтоо хийжээ. Б.Сарантуяа 29-хөн насандаа буюу 1999 онд “Зууны мэдээ” сонины олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар “Зууны манлай” эстрадын эмэгтэй дуучин гэдэг цолыг хүртсэн. Мөн 2004 онд Соёлын тэргүүний ажилтан, 2005 онд МУГЖ цол тэмдгээр шагнуулжээ.
Ойн тоглолт энэ оны зургаадугаар сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Бүхэл бүтэн дөрвөн арваныг эзэгнэсэн энэ их дуучийн үе үеийн, нас насны фенүүд тэр үдэш “Сэхүүн салхи” дор “Хайрын бурхан”-аа хайж, “Тэр намайг дурсдаг болов уу” хэмээн санаашран, “Амьдрал”-д учирсан “Аргагүй амраг”-таа “Сэтгэл буруугүй” хэмээн хэлнэ.
















