Хүүхдийн тусламжийн 108 утсыг мэдэхгүй хүн үгүй. Хүүхэд, эмэгтэйчүүдээс эхлээд аврал эрсэн хүн бүхэн хэдийд ч залгахад туслах учиртай төрийн онцгой үйлчилгээ учраас тэр. Тиймдээ ч 108 төвийн операторууд хоногийн 24 цагийн турш дуудлага хүлээн авч холбогдох байгууллагуудад шуурхай дамжуулах, араас нь асууж сураглах систем тэнд ажиллаж буй юм. Манай улсад 2005 онд хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээг “Найзын утас 1979” төлбөртэй дугаараар үзүүлж, 2014 онд "108" болон шинэчлэгдсэнээс харвал нийтдээ 20 гаруй жил. Харин хүүхдийн тусламжийн үйлчилгээг 12 дахь жилдээ үзүүлж байна. Энэ бол нийгмийн хувьсал, технологийн дэвшилтэй харьцуулбал өсөж, төлөвшихөд хангалттай цаг хугацаа. Гэтэл Монгол Улсад хүүхэд хамгааллын хөрсөн дээр буусан шийдэл гэж сурталчилдаг 108 тусгай үйлчилгээ энэ олон жилийн дараа ч үүргээ бүрэн гүйцэтгэж, бодлого шийдэл нь оновчтой ажиллаж чадахгүй байгааг илтгэх нэгэн кейсийг хүргэе.
Сар хүрэхгүй хугацааны өмнө нэр бүхий иргэн хүүхдийн тусламжийн 108 утсанд дуудлага өгчээ. Тухайн иргэн орон нутгийн замд явсан бөгөөд хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байгаа гэх мэдээллийг өгөхөд 108 утасны оператор “Та эрх нь зөрчигдөж байгаа хүүхэдтэй ямар холбоотой вэ, хаяг байршлаа тодорхой хэлнэ үү” гэсээр орон нутгийн замд яваа иргэний сүлжээ тасарсан байна. Гэхдээ тухайн иргэн хаягаа тодорхой хэлж амжсан байгаа юм.
Гэтэл хотод ирээд өгсөн мэдээллийнхээ мөрөөр 108 төв рүү дахин холбогдоход өмнөх дуудлагыг “Цагдаагийн утас лавласан” гэсэн агуулгаар хаасан байжээ. Мөн мэдээлэл өгсөн иргэний хувьд дуудлага хүлээж авсан, буцаагаад лавласан операторуудын харилцаа хандлагад сэтгэл дундуур байгаагаа ч илэрхийлж байв.
Өөрөөр хэлбэл, хөдөө замд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа мэдээллийг холбогдох байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх нь битгий хэл утас лавласан дуудлага хэмээн хааж “Зорилтод бус” ангилалд оруулжээ. Нэг үгээр бол энэ дуудлаганы ард хүний амь нас, эрүүл мэнд яригдаж байхад 108 төв, бүхэл бүтэн төрийн хүүхэд хамгаалах тогтолцоо огт ажиллаагүй гэсэн үг. Хүүхэд хохироод л үлдэх нь.

Гэтэл 108 төвд сард дунджаар 5000 орчим дуудлага бүртгэгдэж байгаагийн 1300 гаруй нь дээрх кейстэй адилхан зорилтот бус буюу арга хэмжээ авах шаардлагагүй дуудлага ангилалд багтаж “хэрэгсэхгүй” болж хаагддаг. Эндээс харахад хамгийн ноцтой нь гэр бүл хүүхдийн хүчирхийллийн талаар өгсөн дуудлага мэдээллийг “Утас лавласан” зэргээр агуулгыг нь өөрчилж бичээд хаачихдаг бол яах вэ. “Зорилтод бус” ангилалд багтдаг 1300 гаруй дуудлагын ард хэчнээн хүүхэд, эмэгтэйчүүд хохирч үлдсэн бол гэх эргэлзээ төрөхөөс аргагүйд хүрч байгаа юм.
Үндсэндээ эцсийн итгэл найдвараа тээж 108 утас руу залгаж байхад алдсан, анзааргагүй хайнга хандаж, хариуцлага алдсан дуудлага бүрийн цаана хүний амь нас, эрүүл мэнд яригдаж таарна.
Бас нэг анхаарах агуулга бол тасарсан, тоглосон, андуурсан зэргээр мөн л сард 1200-1300 дуудлага хасагддаг. Гэтэл олон улсад эдгээр дуудлагыг хамгийн эрсдэлтэйд тооцож, араас нь шуурхай арга хэмжээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, олон тохиолдолд аюулд орсон хүн тусгай дугаар руу залгаад таслах, дохиод орхих, тоглох хэлбэрээр нууц дохио зангаа ашиглаж байна гэж үздэг. Харин манайд эсрэгээрээ “эрсдэлгүй” гээд хаачихаж байна гэсэн үг.
Хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаар руу аюулд орж яарсан, сандарч тэвдсэн янз бүрийн л нөхцөл байдалтай хүмүүс залгана. Энгийн зөвлөгөө мэдээлэл хүсэхээс эхлээд төрөл бүрийн нөхцөл байдалд хүчирхийлүүлсэн, сэтгэл өвтгөм хэргүүдийн дуудлага 108 утсанд очдог. Тэр болгонд “Та хохирогчтой ямар холбоо хамааралтай хүн бэ, нас, хүйс, хаяг байршил, утасны дугаараа тодорхой хэл. Үгүй бол бүртгэх боломжгүй” гэдэг системтэй хүүхэд хамгааллын тогтолцоо зөвхөн Монголд л бий байх. Гэтэл нийгэм, техник технологи хөгжихийн хэрээр хүчирхийлэл улам бүр нууц далд хэлбэрт шилжиж аюулд орсон хүн нэр ус, хаяг байршлаа хэлэх боломжгүй тохиолдол олон. Мөн өөрийгөө илэрхийлэх чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн байвал ийм нөхцөлд хамгааллын үйлчилгээ авч чадах уу зэргээр өөрчлөх шинэчлэх, бодох асуудал урган гарч байна.
“108”-ийн оператор хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлагын агуулгыг өөрчилж, хаасан гэх мэдээллийн талаар бид “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв”-ийн дарга Б.Отгонцэцэгээс тодруулахад “Манай бүх дуудлага мэдээлэл дата төвд хадгалагддаг. Тухайн өдрийн дуудлагыг ахлах ажилтан хянадаг. Та бүхний асуусан дуудлага мэдээллийн хувьд манай оператор алдаа гаргасан нь үнэн. 108 төвд улсын хэмжээнд дөрвөн шугамаар 24 цагийн турш 16 хүн ээлжилж ажилладаг. Ачаалал маш өндөр байдаг. Дээр нь бид чат болон мессежээр мэдээлэл хүлээн авдаг” гэсэн тайлбарыг өглөө.
Гэхдээ энэ бол зөвхөн дан ганц операторыг буруутгаад өнгөрөх асуудал биш. Монгол Улс хүүхэд хамгааллын тогтолцоогоо системээр нь өөрчлөх, шинэчлэх, технологийн шийдэлтэй хөл нийлүүлэх хэрэгцээ шаардлага байгаагийн илэрхийлэл юм.
Өөрөөр хэлбэл, өнөөгийн нөхцөлд хоногт 100 гаруй дуудлага хүлээн авч холбон зуучилж байгаа операторуудын ачаалал, мэргэшил, дотоод хяналт зэрэг байгууллагын бүтэц хүний нөөцийн дутагдалтай холбоотой. Одоогийн нөхцөлд 108 төвийн дуудлага хүлээж авч, зөвлөгөө өгдөг ээлжийн оператор, сэтгэл зүйчид хэтэрхий их ачаалалтай ажиллаж байхад Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу шахаж шаардсаар таван ажилтанг нь цомхотгожээ. Угтаа төрийн албаны цомхотголд хүүхэд хамгааллын салбарыг хамааруулахгүй гэж мэдэгдсэн нь саяхан. Гэтэл ам ажил нь зөрж хөрсөн дээрээ ингэж хэрэгжиж байх жишээтэй.
Мөн одоогийн мөрдөгдөж буй 2018 оны журмыг даруй шинэчлэх, 108 утасны дуудлагыг цагдаа, анхан шатны хүүхэд хамгааллын багтай шууд холбох хамтын ажиллагаа, уялдаа, технологийн шийдлийг нэвтрүүлэх ёстойг харуулж байгаа юм.
“Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын харьяа “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-д нэгтгэж, “108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төв” болгосон нь ачааллыг нэмснээс биш оновчтой шийдэл биш гэдгийг харуулж буй юм. Үндсэндээ өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар нь гол нэгж 108 төвдөө анхаарахгүй орхисноос үүдэлтэйгээр Монгол Улсын хүүхэд хамгааллын бодлогод ийм ноцтой зөрчил, эрсдэл бий болжээ. Тиймээс дээрх өөрчлөлтүүдийг нэн даруй хийхгүй бол хүүхдийн эрх өдөр ирэх тусам зөрчигдөж, хаалттай хаалганы цаана асуудал улам томорсоор байгаа энэ үед төрийн бодлого, шийдвэр оновчгүй байгаа нь цогцоор нь системээр нь өөрчлөх бодит нөхцөл байдалтай нүүр тулж байна.
Харин өнөөгийн нөхцөлд бол Монгол Улсын өнцөг булан бүрд суугаа хүүхэд нэг бүрийн сонсогч, хамгаалагч, холбон зуучлах гүүр нь болох учиртай 108 төв хүүхдийг хамгаалж чадахгүй байна гэж хэлж болохоор байгаа юм.















