Монголчууд 1992 онд шинэ Үндсэн хуулийг боловсруулахад хаант засаглал, Ерөнхийлөгчийн засаглал, парламентын засаглалтай байх гурван хувилбараар  санал асуулга явуулж 900.000 гаруй хүнээс 60 хувь нь парламентын засаглалыг сонгосон. Тэгвэл бараг үүнтэй дүйцэхүйц түүхэн сонголт, сорилтын өмнө дахин тулж ирлээ. Ялгаатай нь ард түмэн бус таван намаас бүрдсэн 126 гишүүний гарт энэ сонголт байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй парламентыг бүрдүүлсэн.

Тэгвэл Монголын ард түмний мандатаар төрийн эрх барих дээд байгууллагыг төлөөлж, төрийн бодлого шийдвэрийг баталж буй 126 гишүүн парламентыг, парламентын дархлааг, ардчиллыг хамгаалж авч үлдэх түүхэн сорилт, сонголттой тулгарлаа.

Эс бөгөөд хоёр жилийн дараа, дахиад дөрвөн жилийн дараа...... парламент бүрэн бүтэн байх уу, шударга үнэний төлөө олон ургальч үзэл сонсогдох уу эсвэл  эгүүлэн татагдахаасаа айж хэн нэгэнд барьцаалагдсан “номхон” гишүүд дүр эсгэж ард түмнийх хуурсаар байх уу гэдэг үр дагавар бий болно. Тэр тусмаа манайх шиг эрх мэдэл, албан тушаалын төлөө хөл толгойгоо алдталаа улстөрждөг, нэг намын хагарал төрийн зовлон болтлоо даамжирдаг улсад ёс зүйг хуульчилж түүгээр нь дамжуулан эгүүлэн татах нь практикт хэлмэгдүүлэлт болно, нэг хүн, нэг фракцид хэмжээлшгүй эрх мэдэл төвлөрүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид хэлж эсэргүүцсээр байна. Тухайлбал, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од “Дотоод ардчилалгүй, хууль, дүрмийг дагаж мөрддөггүй, төлөвшөөгүй нам энэ хуулиар намын жагсаалтаар сонгогдсон гишүүнийг төлөөллийн төв байгууллагын шийдвэрээр, иргэдийн гомдлоор тус тус эгүүлэн татахаар заажээ. Тэгэхээр улс төрийн зорилгоор нам, иргэд Улсын Их Хурлын гишүүнийг хүссэн үедээ эгүүлэн татахаар дарамтлах, дуулгавартай байлгах, эгүүлэн татах эцэст төгсгөлгүй улс төржих хаалгыг нээх гэж байна. Нам таны өмнөөс баялгийг хуваарилдаг гэдгийг мартаж болохгүй.

Тэгэхээр дотоод ардчилалгүй намд төрийн эрх мэдлийг өгөх нь  “хонио чоноор мануулах”-тай адилхан.

Шуудхан хэлэхэд дотоод ардчилалгүй нам төрийн шийдвэрийг нийтийн эрх ашгийн төлөө бус цөөн хүний эрх ашигт чиглүүлнэ. Ингэснээр иргэдийн санал бодлыг үл тоож эхэлнэ. Ингээд ард түмний бүрэн эрхийг төлөөлөх нэрээр ардчиллын зарчим алдагддаг. Ардчилсан нийгэмд ямар ч намд үзэл бодлын ялгарал байдаг ч дотоод ардчилалгүй нам дотроо хагарвал төрийн эрх мэдлийг ашиглаж өрсөлдөгчөө дарахад ашигладаг” гэв.

Мөн заавал ёс зүйг хуульчлах нэрийдлээр гишүүдэд хариуцлага тооцохоос илүү сонгосон төлөөлөлдөө ард түмэн өөрсдөө дүн тавья. УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох эрх Ерөнхийлөгчид биш ард түмэнд бий. “Ёс зүй” гэдэг үгээр халхавчлан ардчилсан парламентыг нураах хэрэггүй. “Ёс зүй”-г хуульчлахад хэцүү. Дээрээс нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татна гэсэн. Юуг ёс зүйтэй, юуг ёс зүйгүй гэж үзэх вэ. Бид парламентын тогтолцоогоо алдвал ардчиллаа алдаж байна. Парламентын гишүүнийг эргүүлэн татах хууль анх сонсоход “ард түмний ялалт” мэт. Гэхдээ бодит байдал дээр ард түмэн өөрт байдаг эрх мэдлээ нөгөө хулгайч, луйварчдад өгч ялагдах гэж байна. Бид энэ эрхээ бусдад өгөх ёсгүй.

Намын бодлого шийдвэрээс зөрөөд ганцаарчилсан тоглолт хийгээд байвал тэр гишүүнийг дахиж нэр дэвшүүлдэггүй. Ийм амархан. Эсвэл ёс зүйгүй, хулгайч худалчаа нам нэр дэвшүүлэхээ больчиход шийдэгдэх асуудал. Бидний сонгосон гишүүдийг хөндлөнгийн этгээд эргүүлэн татах эрхтэй байх ёсгүй зэргээр хүний эрхийн активистууд дуу хоолойгоо хурц тодоор илэрхийлсээр байна. УИХ-ын гишүүд ч мөн адил парламент орших уу эс орших уу гэдэг асуудал хөндөгдөж байна, энэ парламент биднээр дуусахгүй учраас хуулийг дэмжих нь битгий хэл хэлэлцэх эрх байхгүй хэмээн хатуу эсэргүүцлээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хууль байнгын хорооны босго давсан ч пүрэв гарагийн чуулганаар хойшлууллаа. Тус хуулийг өнөөдөр чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх товтой байна.  

Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд Үндсэн хуультай зөрчилдсөн маш том хоёр утга санаа байна. Хууль дотор "Улсын Их Хурал намаас бүрдэнэ" гэсэн үг байхгүй. Ард түмний мандат намд очдоггүй, төлөөлөл болсон гишүүнд очдог. Нам руу шилжүүлэх гэж оролдож байгаа нь хамгийн аюултай заалт.

МАН жагсаалтынхаа гишүүдийг үгэндээ оруулахын тулд Төрийн зовлон болгож оруулж ирлээ. Арай хэтэрч байна. Хууль зүйн техникийн хувьд алдаатай байна. Энэ бол тэвчиж болохгүй алдаа.

Мөн хууль санаачлагч нар дутуу оруулж ирсэн таван албан тушаал байна. Эгүүлэн татах дээр Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд гээд бүгдийг нь оруулж ир.

Х.Баасанжаргал:

-Ардчилал нуран унаж байна. Чимх чимхээр төрийн эрх мэдлийг булаан авч ардчиллыг сулруулдаг жишээг мэднэ. Турк, ОХУ-ыг бүгд мэднэ. Үүнд бүр ҮАБЗ, хуульчид оролцож байгаад маш их харамсаж байна.Хэдэн асуултыг би хожмын Үндсэн хууль судлаач, засаглалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иргэний нийгмийн байгууллага, судлаачдад зориулж асууж өгч байгаа юм шүү. Энд сууж байгаа таван хүний гурав төрийн тусгай албан хаагч. Дунд нь сууж байгаа нэг хүнээс л улс төрийн асуулт асууна гэж байсан боловч өнөөдөр та нар өөрсдөө улс төрийн асуудалд хутгалдаж, хязгаарыг давж орж ирлээ. Та нар өөрсдөө ёс зүйн шаардлагыг хангасан уу. Тэр тусмаа ҮАБЗ-ийн гишүүн ардчиллын дархлааг сулруулаад сууж байгаа чинь ёс зүйн босгыг давсан уу гэдэгт дүгнэлт хийгээрэй. Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх ямар нэг хэмжээ хязгааргүй байх ёстой юу гэдэгт судлаачид дүгнэлт хийгээрэй. Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль хоёр зөрчилдсөн учраас Үндсэн хуулиа илүү баримтална гээд энэ эрхийг ямар нэг хил хязгааргүй, тэр дундаа парламентын эрхэнд халдаж байгаа нь зөв үү гэдгийг авч үзэж дүгнэлт хийгээрэй. Нэгэнт энэ хуулийг хэлэлцэж эхэлсэн учир хожмоо Ерөнхийлөгч ямар хүрээнд, дур зоргоороо аашлахыг бид таашгүй боллоо. Тодорхой хэмжээнд хил хязгаар дотор барьдаг, явдаг байсан нь эвдэгдлээ.

Эрх мэдлийн хяналт тэнцэл парламентын дархлаанд энэ хуулийн өргөн барьсан процесс нь нөлөөлсөн үү гэдэг судлаачид дүгнэлт хийгээрэй. Өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг 126 гишүүнээс нэхсэнд баярлалаа. Өнгөрсөн 30 жилд та нар ёс зүйн өндөрлөгт байсан бол өнөөдөр ийм байх байсан уу.

УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Цаашид парламент орших уу эс орших уу гэдэг асуудлыг хэлэлцэх гэж байна. Уг нь хийдэг хийдэг ажлаа л хиймээр байгаа юм. Ерөнхийлөгч нь эв нэгдлийг хангадаг, парламент нь шаардлагатай хуулиа баталдаг байх ёстой. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь хүртэл хууль тайлбарлаад сууж байгаа юм. Энэ хуулиа батлуулчихаад УИХ-ын гишүүнд ёс зүй заах юм байна. С.Бямбацогт даргад хандаж хэлэхэд, та УИХ-ын даргаар томилогдоод удаагүй байхад чинь санаачлагдсан цагаасаа асуудал дагуулж байгаа энэ хуулийг УИХ-ын даргын хувьд та хараад сууж болдог юм уу. Та 5 удаа сонгогдсон улстөрчийн хувьд өөрийнхөө легасиг яаж үлдээх юм. Бид ингэж ёс зүйн асуудлаа хэлэлцүүлээд суух ёсгүй юм. Эгүүлэн татуулах асуудлыг УИХ-ын гишүүд нь өөрсдөө санаачлаад явах ёстой. Монголын ардчиллын хувь заяа гагцхүү иргэд, сонгогчдод байх ёстой юм.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:

-Бүгдийг нь чулуугаар шидэж байсан ч энэ хуулийг батлах нь бүү хэл хэлэлцэх эрх бидэнд байхгүй. Монголын парламент бол Монголын тусгаар тогтнол. Өнөөдөр бид өөрсдийнхөө айж ичсэн сэтгэл хөдлөлөө дарж маргаашийн Монголын Үндсэн хуульт засаглал, тусгаар тогтнолын төлөө энэ хуулийн төслийг дэмжихгүй байх үүрэгтэй!

УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Энэ хууль болохгүй, гэхдээ чимээгүй дэмжихээс дээ гэж УИХ-ын гишүүд ярьж байна. Хэний дарамтанд ороод байгаа юм. Үзэл бодолдоо үнэнч байж чадахгүй, эх орныхоо төлөө дуугарч чадахгүй барьцаалагдаж байгаа юм бол энэ танхимд гишүүд юу хийж суугаа юм бэ? Бид түүхгүй, ирээдгүй юм шиг байж болохгүй. Энэ парламент биднээр дуусахгүй.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

- Мэдээж гишүүд сахилга бат, хариуцлагатай байх ёстой. Чуулганыхаа 30 хувь нь сууж, саналаа өгсөн байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Жагсаалтын гишүүдийг эгүүлэн татахыг засаж болох юм гэж бүлгийн дэд даргын хувьд бүлгийн шийдвэрээ дэмжиж ирсэн. 70 хувь нь гэдэг чинь 26 удаа суусан байх ёстой. Гэтэл 34 гишүүн өнөөдөр 70-аас доош хувьд оролцсон байна. Дотоод үйл ажиллагаагаараа ёс зүйн асуудлаа ярьдаг. Намын үндсэн дүрэм бүгдэд бий. Түүнийгээ анзаарч хараарай.

УИХ-ын гишүүн Г.Очирбат:

-Хэдхэн эмэгтэйчүүд рүү л чиглэсэн хууль шүү. Ер нь энэ үндсэндээ дээрээс л орж ирж байгаа хууль. 126 гэдэг чинь бид нэг ангийнхан. 4 жилийн бүрэн эрхээ хамтдаа дуусгах ёстой. Ангид ууртай уцаартай, санал зөрөлддөг хүүхэд ч байдаг. Гэхдээ хамтдаа явсаар л төгсдөг.Бид ингэж ангийнхаа охидуудыг “зодуулаад” сууж чадахгүй. Хэн нь ч байсан хамаагүй.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-УИХ-ын гишүүд авлига албан тушаалын хэргээс хол байх ёстой. Хариуцлагатай байх ёстой гэдгээрээ агуулгын хувьд чухал. Гэхдээ энэ хуулийн заримтай нь санал нийлж байгаа ч заримтай нь санал нийлэхгүй. Мэдээж УИХ-ын гишүүд сонгогчдоос санал авч УИХ-д орж ирчихээд хуралдаандаа суудаггүй байдлыг халах нь зөв. Ах нар ордонд орж ирчихээд өөр ажил хөөцөлдөөд явчихдаг нь үнэн.

Нөгөө талд яагаад парламентын нэр хүнд унаад байгаа суурь асуудал руу биш хүнтэй нь зууралдаад байгаа. Улс төрийн намд асуудал байгаа. Хариуцлагагүй, ёс зүйгүй хүнийг улс төрийн нам нь дэвшүүлж оруулж ирчихээд өөрсдөө хариуцлага үүрэх ёстой атал хүнтэй нь зууралдаад байгаа ийм л хуулийг оруулж ирж байна.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Хулгайчийг хулгайч гэж хэлснийхээ төлөө хулгайч гэж хэллээ ямар ёс зүйгүй юм бэ гээд гомдол гаргаад хэлэлцүүлбэл яах вэ. Ийм эрсдэлтэй байдлыг нээж өгөх гэж байгаа учраас хариуцлагынх нь ард өөр үр дагавар бий болох эрсдэлтэй гэж хараад байгаа юм. Тэгэхээр процессийг нь тодорхой болгож оруулж ирж болдоггүй юм уу.