Манай Монголчууд “Монгол ген” гэж нэг зүйлийн тухай ярих их дуртай. "Монгол генийг нуух ёстой, хамгаалах хэрэгтэй" гэх мэт мэдээлэл түгсээр. Гэхдээ үнэндээ генетик мэдээллийг нуух, нууцлах ямар ч боломжгүй юм. Амьд бие өдөр тутамд маш их генетик материалаа хаядаг. Тиймээс хэн нэгэн хүсээд, зориудаар эрэл хайгуул хийгээд, их хэмжээний хөрөнгө зарцуулж байж олдог зүйл огтхон ч биш. Та зүгээр л амьд байх хугацаандаа хангалттай их генетик ул мөр үлдээдэг. Итгэхгүй байна уу? Тэгвэл хамтдаа харцгаая.

Та өдөрт дунджаар 70-100 ширхэг үс унагадаг. Зарим эх сурвалжид 50-100 ч гэж байна. Үсээ нэг нэгээр нь тоолоод суух хүн байхгүй л дээ. Гэвч генетик материалдаа туйлын их санаа зовдог бол тэр унасан үснүүд хаана, хэнд очиж байгааг хянаж чадах уу?

Хумс ч ялгаагүй. Хүний хумс долоо хоногт 0.1-0.3 мм ургадаг гэж үзвэл та сард дор хаяж нэг удаа хумсаа авна. "Гендээ санаа зовдог" хүмүүст бол энэ хугацаа арай урт байж магадгүй л дээ. Гэхдээ эцсийн дүндээ тэр хумс хаана очих вэ? Хогийн саванд л шидэгдэнэ. Таны эрхэм дээд генетик мэдээлэл ердөө л хог болсон хэрэг.

Өдөр бүр 2-3 удаа хөнгөнөөр, 1-3 удаа хүндээр бие засна. Та бүхэл бүтэн генетик материалаа 00-д хаячихлаа. Хэрвээ таны гэрийн 00-ын дор гадны тагнуулууд тусгай сав суурилуулчихсан, таны генетик материалыг цуглуулж байгаа бол яах вэ?

Гудамжинд дүүрэн тамхины иш хөглөрч байдаг. Тамхины ишинд шүлс шингэсэн байдгийг санах хэрэгтэй. Судалгаагаар тамхины ишэнд үлдсэн ДНХ-г агаарын нөлөөтэй орчинд 18 сар хадгалж, лабораторийн нөхцөлд 7-20 жил хүртэл сэргээх боломжтой гэж тогтоосон байдаг. Өөрийн чинь ген хаана, хэнд очиж байгааг мэдэх үү?

Ам арчсан цаас хүртэл ДНХ агуулдаг. Гендээ санаа зовдог хүмүүс гадуур хоол идэж болохгүй нь дээ! Хоолны газрууд таны аяга, сэрээ, хутга, салфетка бүрийг ашиглаад генетик мэдээлэл цуглуулж байвал яах вэ? Өөрийн чинь шүлсээр дүүрэн даавууг тусгай лабораторид судалж суудаг гэхээр аймаар байгаа биз?

Жилд 50,000 гаруй монгол хүн гадаадын эмнэлгүүд рүү ямар нэгэн байдлаар эмчилгээ хийлгэхээр явдаг. Энэ хугацаанд 70-130 сая доллар гадагшилдаг. Сүүлийн үед бүр хүмүүс сайн дураараа өөрсдийн цус, генетик материалын шинжилгээ өгөөд эхэлсэн. Гадаадад очоод генээ бүрэн уншуулж байгаа хүмүүс ч байна.

Хамгийн гайхмаар мэдээ юу гээч. 2017 онд өмнөд хөрш 175 монгол хүний геномыг бүрэн уншиж, судлаад, үр дүнг нь олон улсын сэтгүүлд нийтэлсэн байдаг. "Whole-genome sequencing of 175 Mongolians uncovers population-specific genetic architecture and gene flow throughout North and East Asia" гэж хайвал уг судалгааны дүн гарч ирнэ. Судалгаанд оролцсон 175 хүний 42 нь Монгол Улсаас өөрсдийн сайн дураар генетик материалаа өгсөн байсан гээд бод доо!

Үнсэлцэх, дотно харилцаанд орох нь бас генетик материал дамжуулах нэг хэлбэр. Хэрвээ таны хэзээ нэгэн цагт дэр хувааж байсан хүн чинь гадны тагнуул байсан бол яах вэ. Та анзаарахгүй байхдаа өөрийн генетик мэдээллээ өгчихсөн байх вий дээ. Манай "цэвэр цусны монголчууд" хоорондоо их зодолдох дуртай. Тэгвэл нэг л өдөр хэн нэгэн хятад тагнуул та нарыг зодолдуулаад, хэн нэгнийх нь хамраас цус гаргаад, цусыг нь арчиж цэвэрлэх нэрийдлээр дээж аваад явж байвал яах уу?

Гудамжаар алхахад л хаа сайгүй монгол хүний генетик ул мөр үлдэж байдаг. Хөлс, арьсны гуужсан хэсэг, шүлс гээд бүгд генетик мэдээлэл агуулна. Генээ нуухыг хүсэж байгаа бол гэрээсээ гарахгүй, юу ч идэхгүй, хумсаа авахгүй, үсээ унагахгүй, бүр амьсгалахгүй байх хэрэгтэй болох нь дээ! Ингээд бодохоор Монгол генийг хамгаалах тухай яриа нэг их утгагүй сонсогдож байна уу. Та зүгээр л амьдарч байхдаа хангалттай их генетик ул мөр үлдээдэг юм шүү.