Унгарын парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр “Тисза” нам 138 суудал буюу бараг 70 хувийг эзэлж Ерөнхий сайд Виктор Орбаны 16 жилийн засаглалыг дуусгалаа. Тус улсын парламент 199 суудалтай бөгөөд Орбаны “Фидес” намаас ердөө 55 хүн сонгогдсон байна. “Тисза” намын удирдагч, 45 настай Петер Мажар нь өмнө нь Орбаны намын гишүүн байсан бөгөөд түүний үед доройтсон боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх, авлигын эсрэг шударга ёсыг тогтоон, намын цөөн хэдэн хүний эрх ашигт нийцүүлэн хийдэг албан тушаалын явцуу томилгоо, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг явдлыг таслан зогсоохоо тэрбээр амласан юм. Энэ бүхнийг хийхэд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй бөгөөд үүнд парламентын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй буюу 133-аас цөөнгүйнх нь дэмжлэг шаардлагатай.

Унгар улс ардчилсан дэглэмтэй болсноос хойш ийм олон сонгогч санал өгөхийн сацуу нэг нам дангаараа ийм өндөр дэмжлэг авч байгаагүй юм. Орбаны хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын холбоотон болж, Европын Холбоотой байгуулсан хэлэлцээртээ хүрээгүй хэмээн сөрөг хүчнээс ихээхэн шүүмжлэл хүлээж буй. Тиймээс ч Мажарын дэмжигчид “Оросууд гэртээ харь” хэмээн уухайлж, шинэ Ерөнхий сайд нь Европын Холбоотой харилцаагаа сэргээнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийж байна.