Төрд өндөр албан тушаал хашсан эрхмүүд улс орондоо, удирдаж манлайлсан салбартаа бодлогын ямар реформ, бүтээн байгуулалт хийв, институцийг хэрхэн бэхжүүлэв. Мөн ардчиллын үнэт зүйл, үзэл санааг хамгаалсан ямар шийдвэр гаргав зэргээр өөрийн гэсэн өв (Legacy)-гаа үлдээдэг. Харин түүхийн шүүлтэд хамгийн их жин дардаг зүйл бол тухайн удирдагч эрх мэдлийг хэрхэн хэрэглэсэн бэ гэдэг хэмжүүр юм. Тиймдээ ч төрийн гурван өндөрлөгийн нэг, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бүр өөрийн гэсэн өвийг үлдээж түүгээрээ түүхэнд дурсагдах учиртай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зургаан жилийн бүрэн эрх эдэлж буй  анхны төрийн тэргүүн. Харин эрх мэдлээ шилжүүлэн өгч, суудлаасаа буухад нэг л жил үлдээд байна.

Бүтэн зургаан жилийн хугацаанд У.Хүрэлсүх Монгол Улсынхаа эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар юу хийв, улс төр, нийгэмд ямар нөлөө үзүүлэв, гадаад ертөнцөд эх орноо хэрхэн төлөөлөв гэдгээс эхлээд өдгөө ч хожим хойно ч түүхийн шүүлтэд орох нь лав.

Тэр бүхнийг хэвлэл мэдээлэл, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд тухайн цаг үед нь хангалттай бичиж нийтлэх учраас түр орхиё.

Харин яг энэ цаг үед Ерөнхийлөгчийн санаачлаад буй ёс зүйг хуульчилж, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль улс төрд шинэ зөрчлийн эхлэлийг тавилаа. Эхлэл гэсний учир нь Их хурлын нэр бүхий гишүүдийн хэлж буйгаар МАН-ын дотоод хагарал, эрх мэдлийн тулаан парламентын дархлаанд халдахдаа тулсан бол одоо нэг намын бус нийт ард түмэн, парламентын тогтолцоо, ардчиллаа хамгаалах асуудал болж хувирч байна. Тиймдээ ч энэ бүхэн эцэстээ төрийн тэргүүний үлдээх өвийг тодруулах уу, эсвэл бүдгэрүүлж баллуурдах уу гэдэг асуултыг тавихад хүргэлээ. Геополитикийн эмзэг, эрсдэлтэй нөхцөл байдал ч ямар нөлөө үзүүлэхийг таашгүй. Тиймээс өнөөдрийн парламентын дархлааны маргаан зөвхөн хуулийн шинэчлэл биш харин түүхэнд үлдэх улс төрийн өвийг тодорхойлох зангилаа, ирээдүйд хийсэн бүхнээ хэмжих үнэлгээ болж байна.

Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг улс төр судлаач, экспертүүд Монголын өнөөгийн нөхцөлд буюу улс төрийн нам төлөвшөөгүй, дотоод ардчилал бэхжээгүй цаг үед тохиромжгүй. Практикт ёс зүйн зөрчил нэрээр улстөрчид нэгнээ намнах хэрэгсэл болох, эргээд парламентын дархлаа сулрах эрсдэлтэй гэдгийг хэлж буй.

Судлаач Б.Гүнбилэг “Ёс зүйн асуудлаар парламентын гишүүнээ эгүүлэн тат гэж Үндсэн хуулийн шүүх нь шийддэг улс дэлхийд байхгүй. Харин үүрэгт ажлаа тасладаг, хуулиар хориглоод байхад давхар бизнес эрхэлдэг бол энэ ёс зүйн асуудал биш тангаргаасаа няцаж байгаа юм. Манайх шиг чөлөөт мандаттай оронд гишүүний хугацаа дуусч байж л сонгогчид буюу ард түмэн дүнгээ тавьж, тооцоогоо хийнэ. Ард түмний урдуур ямар ч ёс зүйн хороо, Цэц орж энэ асуудлыг шийдэхгүй. Тэр бол чөлөөт мандаттай парламентын гишүүн” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Нам доторх зодооныг Монгол Улсын Үндсэн хуулийн дэг журам, парламентын ардчиллаар тоглож шийдэж болохгүй” гэв. Мөн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц “Хэрэв энэ хууль батлагдвал ард түмнээс сонгогддог ардчилсан засаглал Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн болон сонгуулиар олонх болсон намын дарга буюу ердөө аравхан хүний гарт орно. Түмнээ төлөөлж, төрөө түшиж байгаа хүн тангарагтаа үнэнч байж, ёс зүйтэй байх ёстой. Байж чадахгүй бол түүнийг дахин сонгохгүй байхад болно. Энэ эрх зөвхөн танд байх ёстой. Өөр хэнд ч энэ эрх байх ёсгүй. Улс төрч ирнэ. Улс төрч явна. Монголын ардчилал мөнх оршино” гэсэн байр суурийг илэрхийлээд буй. Энэ мэтээр судлаачид, улстөрчид УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль нь парламентын дархлаа, ардчилалд халтай хэмээн эсэргүүцэж буй бол Ерөнхийлөгчийн институцийн зүгээс УИХ-ын гишүүд ёс зүйтэй байх, түүндээ хариуцлага хүлээх шаардлагатай гэж тайлбарлаж байгаа. Нөгөө талд УИХ-ын гишүүн Б.Хэрлэн. Б. Пүрэвдорж нарын хуулийн төслийг дэмжиж буй хэсэг ч бий. Б.Хэрлэн "Төрийн түшээ хүн гэдэг бол төрт ёсны түүх уламжлалаа дээдэлж, нийт улс орон, ард түмний эрх ашгийн төлөө сэтгэлээр ажиллах ёстой. Хувь хүн авир араншингаа хянаж чадахгүй, улс орон, ард түмнийхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж чадахгүй, эрх ашгийн эрэмбээ алдсан байдалтай төрийн албыг залгуулж болохгүй. Тэгэхээр зөв бурууг нь ялгаж, бурууд нь тохирсон хариуцлага хүлээлгэдэг болох гэсэн хууль орж ирж байна, дэмжинэ" гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Тиймээс Ерөнхийлөгчийн өргөн барьсан ёс зүйг хуульчлах хууль батлагдлаа гэхэд үнэхээр парламентын дархлаанд халтай, ардчилалд аюул учруулж эхэлбэл тэр хэрээр У.Хүрэлсүх гэдэг хүний төрийн тэргүүний хувиар түүхэнд үлдээсэн өв энэ үйлдлээр нь хэмжигдэнэ. Өөр ямар гоё сайхан бүтээн байгуулалт, үзэл санаа, гадаад бодлого.... гээд үлдээсэн бүхэн нь парламентын дархлаанд халдаж, ардчиллыг хумьсан гэдэг хуулиар нь бүдгэрч, баллуурдагдах вий.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсынхаа тусгаар тогтнолыг бүх талаар батжуулахын төлөө олон үр дүнтэй ажил хийсээр ирсэн. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс хойш түүний үед л манай улсын гадаад харилцаа эргээд үлэмж сэргэсэн.Үүнтэй хэн ч маргахгүй.

Гэтэл Улсын их хурлын гишүүдийг хэмжих боломжгүй ёс зүйн гомдлоор эгүүлэн татдаг болгох хууль өргөн барьж УИХ-аар батлуулах гэж хүчилсэнээр өнөөдрийг хүртэл тусгаар тогтнолынхоо төлөө хийсэн ажил, гаргасан амжилт бүхнээ баллуурдах гэж байна. Маш том алдаа гаргаж байна. Үгэнд ороогүй, өр рүү нь өшиглөсөн дүү нараа шийтгэх гэхдээ улсынхаа тусгаар тогтнолыг урах алхам хийж байна.

Монголчууд албан тушаалаа амин хувийн эрх ашигтаа хэрэглэж итгэл эвдсэн авлигач, хулгайч нарын эрх мэдлийг хурааж авахыг, хууль бүгдэд ижил тэгш үйлчилдэг байхыг л хүсч шаардаж байгаа. Гэвч бидний энэ хүсэлд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль хамаагүй гэдгийг бүгдээрээ ойлгох хэрэгтэй. Одоо бидний тойрч хэлэлцээд байгаа энэ хуулийн төсөл бол цаашид УИХ дахь олонх нь цөөнхөөсөө таалагдаагүй хэнийг ч “Ёс зүйн зөрчил” нэрээр амыг нь барих, эс бол эгүүлэн татаад байх боломжийг үүсгэх хууль. “Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэмэх гээгүй” гэж тайлбарлаж байна билээ. Үнэн ч байх. Бид ч тэгэж бодохгүй байна. Гол нь цаашид АН, МАН аль нь ч олонх болдог бай ашиглах, “ашиглуулах”, тусгаар улсын парламентийг дураараа онгичиж хүчгүй болгох ийм хуулийг батлуулж үлдээж хэрхэвч болохгүй ээ л гэж байгаа юм. Хүссэн хүнээ “Ёс зүйн зөрчил гаргасаан” гээд гаргаж шидээд эхлэвэл Монголыг Монголчууд бид өөрсдөө удирдахаа болино. Монголчууд Монгол төрөө төлөөллөөрөө дамжуулж барьдаг бидний ардчилал, эрх чөлөө, тусгаар тогтнол ганхах биш бүрэн устана.

Тиймээс, Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх таныг аль нэг намын бус үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, эрх чөлөөт бүх ард түмнээсээ сонгогдсон бүрэн улсын Ерөнхийлөгчийн хувиар Монгол улсынхаа бүрэн эрх, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө өргөн барьсан хуулиа буцаан татахыг тантай л ижил улсынхаа тусгаар тогтнол, үндэснийхээ эрх чөлөөнд чинхүү санаа чилээдэг, өргөсөн тангарагтаа бат сууж, санан сахиж яваа залуу парламентчийн хувьд хичээнгүйлэн хүсч байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Парламентын дархлаа гэдэг нь хувь гишүүнийг хамгаалах хэрэгсэл бус, харин хууль тогтоох байгууллагын хараат бус байдлыг баталгаажуулах механизм юм. Өөрөөр хэлбэл, гишүүд улс төрийн шахалт, гүйцэтгэх засаглалын нөлөөллөөс ангид байж, ард түмнийг төлөөлөх үүргээ чөлөөтэй хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлдэг хамгаалалт юм. Энэ зарчим алдагдвал парламентын үүрэг, үнэ цэн бүдгэрэх эрсдэлтэй төдийгүй дархлааг хэт суларвал богино хугацаанд “хариуцлага сайжирч байна” гэх сэтгэгдэл төрж болох ч урт хугацаанд институцийн тэнцвэр алдагдаж, эрх мэдлийн төвлөрөл нэмэгдэх аюул дагуулдаг учраас ардчиллын хамгийн эмзэг цэг нь яг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдэл хяналтгүй болох эрсдэл гэдгийг судлаачид хэлсээр буй.