Иргэний нисэхийн салбарын төрийн байгууллагуудын бүтэц, орон тооны өөрчлөлтүүдийг холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, богино хугацаанд олон удаа хийж, гүйцэтгэх төрлийн орон тоог цөөлж, удирдах орон тоог нэмсэн нь албан хаагч тогтвортой ажиллах нөхцөлийг бууруулж, хяналт алдагдах эрсдэлтэй байгааг Үндэсний аудитын газраас 2025 онд хийсэн “Иргэний нисэхийн ерөнхий газрын үйл ажиллагааны үр дүн, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын тайланд анхааруулжээ. Тухайлбал, Засгийн газрын тохируулагч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газарт ажиллаж буй 97 албан хаагчийн хувийн хэргийг шалгахад шаардлага хангаагүй хүмүүсийг томилсон тохиолдол цөөнгүй байж.

Заримаас нь дурдвал, аюулгүйн хамгаалалтын ажилтны үнэмлэхжүүлэлт хариуцсан байцаагчаар орчуулагч, эрсдэлийн үнэлгээ, аюулгүй байдлын мэдээлэл хариуцсан байцаагчаар сэтгэл судлаач, сургалт хариуцсан мэргэжилтнээр мал эмнэлгийн магадлан шинжээч, нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр хэл шинжээч, нефтийн инженер мэргэжилтэй хүмүүс томилсон байх жишээтэй.

Түүнчлэн АТГ-аас 2023 онд нисэхийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, хэрэгцээ шаардлага, үр дүн, сонгон шалгаруулалт, төсвийн хөрөнгийн зарцуулалтад гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргасан, эсэхийг шалгахад ИНЕГ-ын зардлаар 2010-2020 онд 377 иргэн гадаадад суралцсанаас тус байгууллагын удирдлагууд болон бусад албан хаагчтай хамаарал бүхий 102 суралцагчийн сургалтын төлбөрт 6.1 сая ам.доллар зарцуулсан байдаг.

Үүнээс 54.9 хувийг нь ИНЕГ-ын дарга С.Батмөнх дангаар олгожээ.

Цаашлаад дээрх хугацаанд гадаад улсад бэлтгэх шаардлагатай нэн чухал мэргэжлийн жагсаалтад байхгүй дараах мэргэжлээр 35 иргэнийг сургахад 2.2 сая ам.долларыг нь зарцуулсан байдаг. Үүнд:

• Хүний нөөцийн менежмент;

• Улс төр гадаад харилцаа;

• Олон улсын бизнесийн удирдлагын магистр, доктор;

• Төрийн удирдлагын мэргэшүүлэх;

• Олон улсын санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч;

• Компьютерын шинжлэх ухаан ба мэдээллийн инженерингийн мэргэжлээр сургасан байгаа юм.

Үндсэндээ сургасан нийт хүн болон тэдгээрийн төлбөрт зарцуулсан санхүүжилтийн гуравны нэгээс илүүг нь шаардлагатай мэргэжлээр нь суралцуулаагүй төдийгүй ердөө л дарга, удирдлага нь хамаарал бүхий хүмүүсээ илгээчихсэн гэсэн үг.

Гэтэл ИНЕГ-ын даргын 2025 оны А/308 дугаар тушаалаар шинэчлэн баталсан Иргэний нисэхийн хяналтын байцаагчийн ажлын ачааллыг тооцоолох аргачлалаар нэмж 19 байцаагч шаардлагатай гэж тооцсон байх жишээтэй. Монгол Улсын иргэний нисэхийн салбарт шаардлагатай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, салбарын техник, технологийн хөгжилд нийцсэн хүний нөөцийг хангах зорилгоор 2005-2020 онд 346 боловсон хүчин бэлтгэжээ.

Харин үүнээс хойш навигацийн орлогоор нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгээгүй, олон улсын дүрэмд заасан шаардлага хангасан ажилтныг сонгон шалгаруулах, ажиллуулах чиглэлээр санаачилгатай ажиллахгүй байгаагаас эл салбар мэргэжлийн боловсон хүчний хомсдолд орсныг аудитын эл дүгнэлтэд онцолсон байна.