“Цэгцрэх” хөдөлгөөн “Чөлөөлье” санаачлагаар солигдлоо.

Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар гол бодлого, хүрэх үр дүнгээ “Чөлөөлье” санаачлага, "Эрх чөлөөний дөрвөн зам” хэмээн зарлалаа. Танхимаа эмхэлсэн эхний өдрүүдэд татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй компаниудын дансыг нээн 9376 хяналт шалгалтыг цуцалж, төрийн албан хаагчдыг тайлангаас чөлөөлөв. Тэгвэл шинэхэн Ерөнхий сайд Н.Учрал, Шадар сайд Н.Номтойбаяр нарын томилолтын тов, танхимын бодлого “Чөлөөлье” санаачлагаа цаг алдалгүй хэрэгжүүлэх бүс нь Монгол Улсын хойд хил болоод байна.

Өнгөц төдий харвал “Алтанбулаг” чөлөөт бүс гэсэн айхтар тодотголтой ч үнэндээ тэнд архинаас өөр нүд хужирлах зүйл даанч байхгүй. Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” чөлөөт бүсийг байнгын дэглэмд шилжүүлэн нээн ажиллуулснаас хойшхи арваад жилд нэг хэсэг нь хямд сархад зөөж хөлжсөн бол нөгөө хэсэг нь эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулсаар өдгөө энэ сүлжээ нарийн зохион байгуулалт мафи маягийн бүтцэд орж хэнд ч хүчрэгдэхээ больсон. Нууж хаах зүйл байхгүй гэдгийг хил, гааль, хууль хяналтынхан ил цагаан хэлсээр ирлээ. Даанч төр засаг нь улс, аймаг дамжиж аалзны тор шиг нарийн чанд ажилладаг сархадын наймаачдад төмөр нүүр харуулах нь битгий хэл эсрэгээрээ толгойг нь илсээр өдий хүрлээ.

Харин олон жил бэхжиж, бугшсан энэ сүлжээг задалж иргэнийхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалаад зогсохгүй чөлөөт бүсийг жинхэнэ утгаар нь ажиллуулах ээлжит сорилт, боломж, хариуцлага Н.Учралын Засгийн газрын нуруун дээр ирлээ. Үгүй бол Монгол Улс, хойд хил архиар хөлжигсдийн “арми”-аас салахгүй нь.

Манай хоёр хөрш хуурамч архи үйлдвэрлэлээрээ дэлхийд толгой цохиж эхний нэг, хоёрдугаар байранд зуузай холбож байна. Гэтэл үйлдвэрлэгч улсын иргэд нь өөрсдөө ч айдаг, дэлхий нийтээрээ санаж сэрэмжилдэг гарал үүсэл, орц найрлага нь тодорхойгүй архи виски хойд хилийн цаанаас Монгол руу ямар ч хараа хяналтгүй “цутгаж” зөөсөөр арваад жилийг үдлээ. Тэнд Монгол Улсын хууль журмыг мөрдөж, монгол хүний амь нас эрүүл мэндийг боддог хүн үгүй.

Чөлөөт бүсийнхэн архи, вискигээ оросын сайтуудын аль хямдаас нь онлайнаар захиалж аваад Улаанбаатар хот, 21 аймаг руу нарийн зохион байгуулалттайгаар түгээдэг. Арваад жилийн хугацаанд бүхэл бүтэн мафийн хэмжээнд хүртлээ бэхэжсэн энэ схем өдгөө улам бүр амь бөхтэй оршиж, баяр ёслол сар шинийн өдрүүдэд өнөөх л хямдхан, хуурамч, чанарын баталаагүй архи вискигээ Монгол Улсын өнцөг булан бүрт худалдан борлуулах нь улам идэвхжиж буй.

Чөлөөт бүсийн худалдаачид ОХУ-аас онлайнаар захиалж авдаг тул өөрсдөө ч гарал үүслийн гэрчилгээ болон бүтээгдэхүүний чанар дээр баталгаа өгдөггүй. Хамгийн ноцтой нь гаалийн баталгаат агуулахад байх ёстой татварын акцыг багц багцаар нь барьж ирээд лангуур дээрээ нааж байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хангалттай сурвалжилж, газар дээрээс нь үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, хэдэн тэрбумын нууц далд татварын гэмт хэрэг тэнд үйлдэгдэж байгаа төдийгүй  арилжсан архинд нь хүн хордлоо гэхэд буух эзэн буцах хаяг байхгүй. Хямд бараа сонгосных нь хохь болоод дуусдаг. Ийм бодит кейсүүд ч олон бий.

Баяр ёслолын өдрүүдэд хууль хяналтын байгууллагынхан хуурамч архийг тонн тонноор нь хурааж булсан мэдээлэл хэвлэлийн “нүүр”-ээр дүүрэн байгаа.

Гаалийнхны хяналтаар 2025 оны II сард хууль зөрчин улсын хилээр согтууруулах төрлийн ундаа нэвтрүүлсэн зөрчлийн улмаас 611 литр архи, 1318 л шар айраг, 35.5 литр вискиг хураасан байна. Өнгөрсөн онд мөн л энэ төрлийн зөрчлийн улмаас 1621 л архи 20 л спирт, хурааж устгажээ. Мөн цагдаа, татварын байгууллага 8222 ширхэг буюу 10558 литр архи согтууруулах ундаа хурааж, устгалд оруулсан гэж мэдээлсэн. Хоёр хоногийн өмнө л гэхэд НЭМҮТ зөвхөн архины хордлогоор жилд 1000, сард 80 хүн нас барж байна гэдгийг хэллээ. Ингэж Монгол хүний амь нас, эрүүл мэнд эрсдэлд ороод байгааг Монголын төр анхаарч дорвитой арга хэмжээ авч Алтанбулаг чөлөөт бүсийн нэрээр архины хар зах болсныг өөрчлөх цаг болсон.

Өмнөх Ерөнхий сайд Г.Занданшатар Алтанбулаг боомтод очиж ажилласан ч асуудлаа олж харж цэгцэлж амжаагүй. Харин одоо Н.Учрал Ерөнхий сайд “Алтанбулаг” чөлөөт бүсийг архинаас чөлөөлөх үү гэдгийг харах үлдлээ.

Өөрийнх нь УИХ-ын индэр дээрээс хэлснээр “Үнэн байж, тулгарсан асуудалтай шууд нүүр тулж, асуудлыг шийдэж, үр дүнд хүрч ажиллах ёстой. Ард түмэн бидний ажлыг ирээдүй цаг дээр, эхлүүлсэн яриагаар биш дуусгасан ажлаар үнэлж дүгнэнэ” гэсэнчлэн дуусгасан ажлаар нь дүгнэх цаг удахгүй.