Энэ сарын 16-18-нд жанжин Д.Сүхбаатарын талбайд “Илүү их уншья” уриатай “Номын баяр”-ыг 37 дахь удаагаа Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах гэж байна. Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлиг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт тэмдэглэдэг юм.
50 гаруйхан тоо толгой үлдээд байгаа мазаалайг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор энэ удаагийн баярт Ерөнхийлөгчийн Тамгын газар “Үндэсний бахархалт амьтан мазаалай” сэдвээр оролцох нь. Дэлхий нийтэд, тэр дундаа манай улсад сөргөөр нөлөөлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтлын улмаас устах аюулд орсон амьтдын нэг нь Алтайн өвөр говьд амьдардаг мазаалай баавгай юм.
Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр болон байгаль орчны чиглэлээр хэрэгжиж буй төслийн үр дүнгийн талаар нийтэд мэдээлэл, зөвлөгөө, өгөхөөр төлөвлөж байна.
Бас НЗДТГ “Номын грант” шагналаа нийслэлийн хүүхэд, залуусын дунд номын соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ном, бүтээлүүдийг олны хүртээл болгож сурталчлан таниулсан, хотын хөгжлийн төлөө туурвисан бүтээл зэргийг шалгуур болгож гурван сая төгрөгийн тэтгэлэг олгоно.
Түүнчлэн “Номын сайн нөхөр” уралдааны хүрээнд “Шилдэг ном”, “Шилдэг хэвлэлийн газар”, “Шилдэг уншигч-насанд хүрэгч”, “Шилдэг номын сан”, “Шилдэг уншигч хүүхэд” (Ахлах, дунд, бага анги), “Шилдэг уншигч анги”-ийг тодруулах юм байна.
Үүнээс гадна “Д.Нацагдорж” тэмдэгтэн хүүхдүүдийг шалгаруулах гэнэ. Энэ удаагийн баярт ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцох аж.