Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар энэ сарын эхээр 23 ширхэг “Ниссан патрол Y-63” маркын жийп автомашин байгууллагадаа авчээ. Эдгээрийн 22 нь стандарт ангиллынх бол нэг нь цөөн тоогоор худалдаанд гаргасан “Лимитэд эдишн” загварынх аж. “Лимитед эдишн” загварын саарал өнгөтэй “Nissan patrol Y63” автомашиныг өмнөх Хууль зүй, дотоод хэргийн сайдад унуулсан гэнэ. Хамгийн анхаарал татаж байгаа асуудал нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын сандал суудал ганхаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус салбарын сайдад томилгдох тухай яригдаж эхлэнгүүт өндөр дүнтэй уг худалдан авалтыг яаруу сандруу хийсэн сурагтай.
Харин стандарт ангиллын 22 ширхэг автомашиныг харьяа хорих ангийн дарга нарт очиж. Цоо шинэхэн жийп хөлөглөх болсон дарга нарын тансаглал ингээд зогссонгүй. ШШГЕГ-ын дарга, бригадын генерал А.Нандинболор, дэд дарга, хурандаа А.Намсаманд, П.Оростогоо нараа дагуулан томилолт нэрээр зугаалгаар явах сурагтай.
Төсвийн байгууллагын ажилтан, багш, эмч нар хөхөө өвөл хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүйтэн цемент дээр хүүхэд, өвчтөнөө хаян байж өлсгөлөн, жагсаал хийж байхад төрийн байгууллагын дарга сэтэртнүүд тэрбум тэрбумаар нь тансагласаар байна. Дээрх автомашины “лимитед эдишн” загвар нь 369, стандарт нь 299 сая төгрөгийн үнэтэй байгааг “Моннис моторс” компанийн албан ёсны вэб сайтаас харж болно. Эдгээр нь нийт долоон тэрбум төгрөг болж буй.
















