Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Хонгконг-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хилээр нэвтрэхийг завдсан үйлдлийг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлсэн.
Тодруулбал, дээрх иргэд “Би Си Эйч ресурс” ХХК-ийн нэр дээр С6 ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт илгээсэн боловч уг хүсэлт нь бүрэн шийдвэрлэгдээгүй байхад уригч байгууллага нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Тиймээс тухайн иргэдийг 5 жилийн хугацаанд Монгол Улсад орох эрхгүйгээр албадан гаргах, уригч байгууллагын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болжээ. Тэгвэл визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн гэгдээд буй “Би Си Эйч ресурс” ХХК -ийн мэдээллийн нээлттэй мэдээллийн сангаас харахад тус компани нь 2018 онд байгуулагджээ. Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, хүнд машин механизмын түрээс засвар үйлчилгээ, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлдэг хэмээн үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлжээ. Одоогоор Дундговь аймагт 396.79 га болон 285.97 га талбайд хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрөлтэй.

Тус компанийн хувьцаа эзэмшигчээр Баярмагнайн Чинбат, Ганболдын Ариунболд нар бүртгэлтэй байна. Мөн Баярмагнайн Чинбат, Ганболдын Ариунболд нар “Би Си Эйч ресурс” ХХК-аас гадна “Би Си Эйч энержи”, “Би Си Эйч голд”, “Би Си Эйч ресурс”, “Би Си Эйч констракшн”, “Вайнд майнд” зэрэг хэд хэдэн компанийг хамтран эзэмшдэг.
Эдгээр компанийн нэг болох 6171346 регистрийн дугаартай “Вайнд майнд” ХХК-ийн тухайд "Ид шидийн орон"-ы Ч.Ганжавхлан 2017.04.11-нд үүсгэн байгуулж байжээ.

Харин Ч.Ганжавхлангийн аав Б.Чадраабал болон авга ах Б.Чинбат, Б.Ганбат нарыг Дархан явах зам дагуу байрлах “Урьхан” зоогийн газрын үүсгэн байгуулагчид гэдгээр нь олон нийт илүүтэй танина.
Эндээс харахад хуурамч визийн зөвшөөрөл гаргаж, гаднын 26 иргэнийг хууль бусаар оруулж ирэхээр завдсан “Би Си Эйч ресурс” нь "Ид шидийн орон"-ы Ч.Ганжавхлангийн авга Б.Чинбатын компани байх магадлалтай байна.









.jpg)







