Сүүлийн жилүүдэд шүүхийн байгууллагад итгэх олон нийтийн итгэлийг сэргээх асуудал бодлогын түвшинд эрчимтэй яригдаж байгаа. Шүүхийн ил тод, хараат бус байдал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор олон шинэчлэл эхлүүлсэн.
Гэвч бодит байдал дээр энэ зорилт амжилттай хэрэгжиж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Дархан-Уул аймгийн шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргалтай холбоотой асуудал үүний нэг тод жишээ болж байна.
Түүнийг төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, ажлын байрны дарамт, хүчирхийллээс ангид байх эрхийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр холбогдох байгууллагууд дүгнэлт гаргаад буй.
Тодруулбал, Хүний эрхийн үндэсний комисс болон Шүүхийн ерөнхий зөвлөл-ийн дэргэдэх Ёс зүйн дэд хорооноос асуудлыг шалгаж, зөрчилтэй холбоотой дүгнэлтүүд гаргасан байдаг.
Дүгнэлтдээ “Тамгын газрын холбогдох албан хаагчдаас ирүүлсэн тайлбар болон албан хаагчдаас авсан судалгаанаас харахад шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал нь удирдан зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хуулиар хориглосон ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт хүчирхийллийн шинжтэй үйлдэл үзүүлдэг, ялгаварлан гадуурхалт, ажлын байрны дарамт хүчирхийллийн шинжтэй үйлдэл үзүүлдэг, ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр алдар хүндэд хүндэтгэлгүй ханддаг байдал тогтоогдож байна. Энэ нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т “...ёс бус үг, хэллэг хэрэглэхгүй байх”, Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”-ийн 2.7.5-д “албан харилцаанд нүүрний хувирал, биеийн хэлэмж, үг хэллэг, бусад байдлаар бусдыг үл тоомсорлох, тохуурхан даажигнах, дорд үзэх зэрэг харилцаа, хандлага гаргахгүй байх”, 2.10.3-т “албан харилцаанд зүй бус үг хэллэг, үйлдэл, зан байдал гаргахгүй байх...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн хүний эрхийн үндэсний комиссоорс 2023 онд Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалтгалтаар тогтоогдсон “Төрийн албан хаагчийн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх, ажлын байрны дарамт хүчирхийллээс ангид байх эрхийг зөрчсөн” зөрчлийг давтан гаргасан гэж үзэхээр байна. Иймд Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргалд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан ёс зүйн хариуцлага хүлээлгэх саналтай байна” гэжээ.

Ийм нөхцөлд холбогдох албан тушаалтанд сахилгын арга хэмжээ авах нь хууль, журам, олон нийтийн хүлээлтийн аль алинд нийцэх байв. Гэвч бодит байдал дээр ямар нэгэн сахилгын шийтгэл ногдуулаагүй төдийгүй тун саяхан төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонгоор шагнагдсан нь олон нийтийн дунд асуулт дагуулж байна. Олон улсын туршлагаас харахад шүүхийн нэр хүндийг хамгаалах хамгийн чухал хүчин зүйл нь ёс зүйн хариуцлагыг ил тод бодитоор ногдуулах байдаг. Монгол Улсад ч энэ зарчим хамааралтай. Иймд Шүүхийн Ерөнхий зөвлөл гаднах имиж гэхээсээ илүү дотоод засаглал, ил тод байдал, хариуцлагын бодит хэрэгжилтдээ анхаарах шаардлагатай байна.
Шударга ёсны байгууллага өөрөө шударга, тэгш, ёс зүйтэй байж гэмээнэ олон нийтийн итгэлийг сэргэх нь зүй ёсны хэрэг биз ээ.
















