Адриатын тэнгисийн эрэгт, Балканы уулсын дунд орших Монтенегро бол газар нутгаараа жижиг боловч түүх, геополитик, аялал жуулчлал, Европын интеграцын хувьд анхаарал татахуйц улс юм. 2026 онд Монгол, Монтенегро хоёр улсын хувьд онцгой жил буюу дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегрогийн Ерөнхийлөгч Яков Милатович 9-р сарын 8–10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна.
Уул, далай хоёрын дунд орших үзэсгэлэнт орон
Монтенегро нь Европын зүүн өмнөд хэсэгт, Балканы хойгийн баруун эрэгт оршдог. Тус улс нь нийт 633,158 хүн амтай, 13,883 км2 газар нутагтай. Зүүн хойд талаараа Серби, баруун хойд талаараа Босни ба Герцеговина, зүүн талаараа Косово, зүүн өмнөд талаараа Албани, баруун талаараа Хорват улсуудтай хиллэдэг бөгөөд баруун өмнө зүгт Адриатын тэнгисийн эрэг дагуух эрэг дагуу байрладаг. Өөрөөр хэлбэл хүн ам багатай ч газарзүйн байрлалын хувьд Европын томоохон геополитикийн огтлолцолд оршдог.

Нийслэл: Подгорица (захиргааны), Цетинье (соёлын болон хуучин хааны нийслэл)
Хүн ам: Ойролцоогоор 630,000 хүн
Албан ёсны хэл: Монтенегро
Валют: Евро (албан бус)
Засгийн газар: Парламентын бүгд найрамдах улс, одоогоор Европын Холбоонд элсэх хамгийн өндөр магадлалтай улс юм.
Котор булан: Европын хамгийн өмнөд фьорд гэгддэг өндөр шохойн чулуун хадан цохиогоор хүрээлэгдсэн гайхалтай, гүн цэнхэр булан.
Дурмитор үндэсний цэцэрлэгт хүрээлэн: Хойд хэсэгтээ мөсөн голын нуур, гүн хавцал, 2500 метрээс дээш өндөр оргилуудтай гайхалтай уулархаг бүс нутаг.
Тара голын хавцал: Европын хамгийн гүн голын хавцал. Скадар нуур нь Балканы бүс нутгийн хамгийн том нуур бөгөөд өргөн уудам сараана цэцгийн талбай, баялаг шувуудаараа алдартай.
Будва ба Свети Стефан: Дундад зууны үеийн ханатай хотууд болон алдартай тансаг арлууд бүхий алдартай эргийн газрууд. Харин түүх, аялал жуулчлалын хувьд Котор, Будва, Херцег-Нови, Бар зэрэг далайн эргийн хотууд нь илүү алдартай. Ялангуяа Которын булан нь Европын хамгийн үзэсгэлэнтэй байгалийн болон түүхийн бүсүүдийн нэгэнд тооцогддог.
Энэ улсын бас нэг сонирхолтой онцлог нь евро мөнгөн тэмдэгтийг ашигладаг боловч Европын холбооны гишүүн биш явдал юм. Монтенегро эдүгээ еврог дангаараа хэрэглэдэг бөгөөд энэ нь Европын эдийн засгийн орчинтой нягт холбогдох нэг хүчин зүйл болжээ.
Түүхийн эргэлт ихтэй Балканы орон
Монтенегрогийн түүхийг Балканы бүс нутгийн түүхээс салгаж ойлгох боломжгүй. Олон зуун жилийн турш Османы эзэнт гүрэн, Венецийн Бүгд Найрамдах Улс, Австри-Унгар зэрэг томоохон хүчнүүдийн нөлөөний уулзвар байжээ.
1878 оны Берлиний конгрессоор Монтенегрогийн тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрсөн. Гэвч XX зуунд тус улсын хувь заяа дахин өөрчлөгдөж, Югославын бүрэлдэхүүнд орсон.
1990-ээд онд Югослав задран бутарсны дараа ч Монтенегро Сербитэй холбооны улсын бүрэлдэхүүнд үлдсэн. Харин 2006 оны тавдугаар сарын 21-нд бүх нийтийн санал асуулга явуулж, тусгаар тогтнох шийдвэр гаргасан. Улмаар 2006 оны зургадугаар сарын 3-нд тусгаар тогтнолоо зарлажээ.
Ингэснээр Монтенегро XXI зуунд Европын газрын зураг дээр дахин тусгаар улс болон гарч ирсэн хамгийн залуу улсуудын нэг болсон юм.
НАТО-д элссэн шинэ залуу улс

Тусгаар тогтносны дараах Монтенегрогийн гадаад бодлогын хамгийн том өөрчлөлтийн нэг нь барууны институциудтай ойртох явдал байв.
2017 оны зургадугаар сарын 5-нд Монтенегро НАТО-гийн 29 дэх гишүүн болсон. Ингэснээр Адриатын тэнгисийн жижиг улс Европ-Евроатлантын аюулгүй байдлын бүтцэд бүрэн нэгдсэн юм.
Монтенегро Европын холбоо болон НАТО-гийн бодлоготой илүү нягт уялдах болсон бөгөөд тус улсын 2026–2029 оны гадаад бодлогын стратегид ч Европын болон Евроатлантын интеграц, хөрш орнуудтай сайн харилцаа, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа тэргүүлэх чиглэл хэвээр байна.
Европын холбоо руу хамгийн ойрхон Балканы улс
Харин өнөөдөр Монтенегрогийн хамгийн том улс төрийн зорилго бол НАТО-д элссэнээсээ ч илүү том зорилт буюу Европын холбооны гишүүн болох явдал юм. Монтенегро 2008 онд Европын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж, 2010 онд нэр дэвшигч орны статустай болсон. 2012 онд элсэлтийн албан ёсны хэлэлцээ эхэлсэн.Одоогийн байдлаар Монтенегро Европын холбоонд элсэх хамгийн ахицтай нэр дэвшигч улс хэвээр байна.
Монтенегрогийн Засгийн газар 2028 онд Европын холбооны гишүүн болох зорилтыг дэвшүүлж байгаа. Тус улсын улс төрийн хүрээнд үүнийг “28 by 28” буюу “2028 онд Европын холбооны 28 дахь гишүүн” гэсэн уриагаар илэрхийлж байна.
2026 оны зургадугаар сард Европын Комисс Монтенегрог ЕХ-нд элсэхтэй холбоотой санхүүгийн багцаа танилцуулсан нь гишүүнчлэлийн үйл явц бодит шатандаа орсны нэг илрэл болов.
Эдийн засаг: тогтвортой, өсөлттэй

Монтенегрогийн эдийн засаг сүүлийн жилүүдэд тогтвортой өсөх хандлагатай байна. 2025 онд тус улсын ДНБ 2.7 хувиар өссөн, хөрөнгө оруулалт 11%-иар нэмэгдсэн байна. 2026 оны тавдугаар сарын байдлаар бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин 7.84 хувь болж, тусгаар тогтносноос хойших хамгийн бага түвшинд хүрчээ. Засгийн газар 2026 онд эдийн засаг 3.1 хувиар өснө гэж төсөөлж байгаа бөгөөд 2027–2029 онд жилийн дундаж өсөлтийг ойролцоогоор 3.1 % байхаар тооцжээ.
Аялал жуулчлал бол эдийн засгийн гол хөдөлгүүр
Монтенегрогийн эдийн засгийг ойлгохын тулд Адриатын тэнгисийг харах хэрэгтэй.
Далайн эрэг, уулс, дундад зууны үеийн хотууд, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Которын булан зэрэг нь тус улсыг Европын аялал жуулчлалын томоохон чиглэл болгожээ.
Монтенегрогийн Үндэсний статистикийн газар буюу MONSTAT-ийн мэдээллээр 2025 онд тус улс 2.73 сая жуулчин хүлээн авч, 15.37 сая ор хоног үйлчилгээ бүртгэжээ. Үүний 95.8 % нь гадаадын жуулчдад ногдсон байна.
Жуулчдын дийлэнх нь Серби, ОХУ, Босни ба Герцеговина, Герман, Турк, Украин, Их Британиас иржээ. Нийт жуулчдын 92.6 % нь далайн эргийн бүсүүдэд бүртгэгдсэн нь Монтенегрогийн эдийн засагт Адриатын тэнгис ямар чухал болохыг харуулна.
Монтенегро аялал жуулчлалаас гадна дэд бүтэц, эрчим хүч, мэдээллийн технологи, логистик, далайн эдийн засаг, хөдөө аж ахуй болон өндөр нэмүү өртөгтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалт татах, институцийн шинэчлэл хийх чиглэлд сүүлийн үед онцгой анхаарч байна.
Монгол, Монтенегро хоёрын харилцааны 20 жил: Хол боловч ойртож буй хоёр улс
Монгол, Монтенегро хоёрын харилцаа газарзүйн хувьд хол боловч улс төрийн хувьд сонирхолтой нийтлэг талуудтай. Монгол Улс Монтенегрог тусгаар улс хэмээн 2006 оны 11-р сарын 30-нд хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон. Ингэснээр 2026 онд хоёр улс дипломат харилцааны 20 жилийн ойгоо тэмдэглэж байна.
Хоёр улсын хооронд суурин Элчин сайдын яам одоогоор байхгүй. Монгол Улс Монтенегрог Австри дахь Элчин сайдын яамаар, Монтенегро Монголыг Бээжин дэх Элчин сайдын яамаар дамжуулан хавсран хариуцдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегрогийн Ерөнхийлөгч Яков Милатович есдүгээр сарын 8–10-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон. Энэ нь Монтенегрогийн төрийн тэргүүний Монголд хийх анхны айлчлал бөгөөд хоёр орны дипломат харилцааны 20 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог.
Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломж
Монтенегро бол зөвхөн Балканы залуухан шинэ улс төдийгүй Европын холбооны гишүүн болох замдаа хамгийн хурдан ахицтай орнуудын нэг бөгөөд НАТО-гийн гишүүн, евро хэрэглэдэг, Адриатын тэнгист гарцтай.
Монгол Улс Европын зах зээлд гарах боломж, Европын холбооны бодлого, Балканы бүсийн тээвэр-логистикийн сүлжээ, аялал жуулчлал, байгаль орчин, уулын экосистемийн хамгаалал зэрэг чиглэлээр Монтенегротой хамтран ажиллаж болно. Мөн Төв болон Зүүн Өмнөд Европын орнуудтай харилцаагаа өргөжүүлэх нэгэн гүүр болж чадна.

Ялангуяа аялал жуулчлал, уулын бүсийн тогтвортой хөгжил, далайн болон хуурай газрын аялал жуулчлалын туршлага, байгаль хамгаалал, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт зэрэг салбарт харилцан туршлага солилцох боломж их. Дипломат харилцааны түүхийн хорин жилийн дараа төрийн тэргүүний анхны айлчлал болж буй үед Монгол–Монтенегрогийн харилцааг шинэ шатанд гаргах эхлэл болж чадах эсэх нь одоо хоёр талын улс төрийн хүсэл зориг, эдийн засгийн бодит санаачилгаас шалтгаална.
Дашрамд дурдахад манай анхны сонин хэвлэл болох “Шинэ толь хэмээх бичиг”-ийн 1913 оны 3 дахь дугаарт Монтенегро Улсын газар нутаг, хүн ам, төрийн тогтолцоо болон онцлогийн талаар танилцуулсан байдаг юм.
Адриатын тэнгисийн эрэг дээрх “Хар уул” Европын холбооны хаалгыг тогшиж байна. Харин Монголын хувьд тэр хаалгыг зөвхөн холоос харах бус, Балканы эрч хүчтэй хөгжиж буй шинэ улстай хамтран Европ руу чиглэсэн хамтын ажиллагааны шинэ боломжийн нэгэн цонх болгон ашиглах цаг ирж байна.
Олон улс судлалын доктор(Ph.D) Х.Баатархүү
















