-Хүнсэнд өгсөн 1.3 тэрбумын татаасыг “шилэн” болгож чадах уу-
Манай улсад инфляц хагас жилийн дотор хоёр дахин өссөнөөр монголчууд сагсан дахь хүнснийхээ үнийг дийлэхээ болилоо. Мах магнаг болж шатахууны эрэлд хатсаар нийтээрээ урин цагийг утгаар нь мэдэрч чадахгүй өнгөрөөж байна.
Тэгвэл намрын нөр их ажил, ургац хураалттай зэрэгцээд монголчуудын хүнсний хэрэглээ, хяналт, нийлүүлэлт гээд гинжин хэлхээ бүхий бүхэл бүтэн систем хэр зөв ажиллаж байгааг ил тод болгоё, алдаагаа дэнсэлье хэмээн М.Мандхай гишүүнээр ахлуулсан “багынхан” зүтгүүлж эхлэв. 1.3 тэрбумын татаас, урамшуулал бүхий мөнгөн дүн яригдаж байгаа, мөн 2015-2025 онд салбарын төсөв 5 дахин өссөний тал хувь нь дээрх хөнгөлөлтөд зарцуулсан зэргээр өнгөрсөн 12 жилийн алдаа оноог ард түмний нүдэн дээр ил тод болгох “гал”-тай мэдээллээр сонсгол хийх амаргүй. Тэр тусмаа сонгууль угтсан жилүүдэд энэ бүхнийг “шилэн” болгож чадах уу гэдэг асуулт гарч ирлээ.
Эхнээсээ эрх бүхий байгууллагуудаас баримт, материалаа ирүүлэхгүй гүрийж буй аж. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Монголбанкнаас зургаан хайрцаг мэдээлэл ирүүлсэн хэдий ч хоорондоо зөрүүтэй, бодит тоон нэгдсэн мэдээлэл дутмаг байгааг өчигдөрхөн Ажлын хэсгийн хурал дээр ярилаа.
Хэрэв энэ байдлаараа татвар төлөгчдийн халааснаас гаргасан их хэмжээний мөнгөн дүн яригдаж байхад баримт мэдээлэл нэрээр ач холбогдолгүй “хоосон” хайрцаг цааснууд явуулж “чулуу” хөөлгөх юм бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох нь зүйтэй гэсэн байр суурийг Их хурлын гишүүд санал нэгтэйгээр илэрхийлж байв. Эндээс төрийн байгууллагууд 1.3 тэрбумын татаасны баримт хэмээн “хоосон” зургаан хайрцаг явуулсан гэхэд хилсдэхээргүй болжээ.

УИХ-ын гишүүн М.Мандхайгаар ахлуулсан ажлын хэсгийн хуралдаанд Б.Баярбаатар, Х.Баасанжаргал, М.Ганхүлэг, Л.Мөнхбаясгалан нар оролцож шинжээчид тайлан, илтгэлдээ хөнгөлөлттэй зээл, урамшуулалд хамрагдсан үйлдвэрлэгчид, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид болон улмаар аймаг, бүс нутгаар нь ангилж зээлийн хүртээмжийг хэр байгааг ил болгох, зээл авсан аж ахуйн нэгж, өмчлөгчийн нэрс, эргэн төлөгдөх хугацаа, хүүгийн татаасанд хэдэн төгрөг төлж буй талаар болон үнийн өсөлт, зээлийг зориулалтын бусаар ашигласан эсэх мэдээллийг илүү тодорхой болгох шаардлагатайг хөндсөн.
Харин байнгын хорооны дарга М.Мандхай “2015-2025 оны хооронд 29 хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд 1,3 их наяд төгрөгийг төрийн дэмжлэг, урамшуулал, хүүгийн татааст олгосон. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс дэмжлэг олгоод байхад үнэ өсөөд байгаа нь татаас урамшуулалд байна уу? Эсвэл өөр хүчин зүйлд байна уу гэдгийг илрүүлж, ард түмэнд тайлагнах ёстой. Энэ сонсголоор хэн нэгнийг буруутгах биш өнгөрсөн хугацааны алдаа, оноогоо олж хараад цаашид юунд анхаарах, ямар гарц шийдэл байгааг ярилцах шаардлагатай” гэв. Өөрөөр хэлбэл, сонсгол гэхээр л хэн нэгнийг сошиалаар яллаж шонд өлгөх биш өнгөрсөн 12 жилийнхээ алдаа оноог дэнсэлье, дүгнэе засаж залруулъя гэдгийг тодотголоо.
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Төрийн ордонд болох юм.















