Наадмын дараа түүхт ойгоо тэмдэглэх гэж байсан барилгын салбарынхны баярыг Засгийн газраас бараг нэг өдрийн өмнө цуцалсан. Харин барилгачид маань маргаашаас эхлээд 2-3 хоног 100 жилийн ойгоо нижгэр тэмдэглэнэ гэдгийг өчигдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалын сайд Э.Бат-Амгалан хэллээ. Эдгээр өдрүүдэд лав салбарын сайдад иргэдийг орон сууцжуулах зэрэг төр засгийн ажлаас илүү тэгш ойн баяраа тэмдэглэх нь чухал байна гэдгийг ч нуугаагүй. 110 мянган хүн ажилладаг том салбарынхан маргааш хүндэтгэлийн хүлээн авалт, концерт, баярын хуралтай бол нөгөөдөр бөрийн өргөөнд нэрэмжит барилдаантай гэх зараа Төрийн ордонд түгээж яваа харагдсан.

Тэгвэл эрхэм сайд тэгш ойгоо тэмдэглэхээр хөөрцөглөж явах зуур барилгын салбарын 100 жилийн ойн медалийг 50 мянган төгрөгөөр худалдаж ав гэх шахаа хаа сайгүй улаан цагаандаа гарчээ.

Ингэхдээ хувийн хэвшлийнхнээс гадна төрийн алба, төрийн үйлчилгээнийхнийг салбарын ойн медалиа 50 мянган төгрөгөөр авч энгэртээ зүү гэж “загнажээ”. Авахгүй гэвэл бараг хариуцлага тооцно гэх нь холгүй байгаа аж.

Сайдын өөрийнх нь хэлдгээр 110 мянган хүн ажилладаг барилгын салбарын хэчнээн хүнд 50 мянган төгрөгийн ойн медалийг шахсан бол. Төр үнэхээр зүтгэлийг нь үнэлсэн бол зүүгээд өгдөг медалийг ингэж мөнгөөр худалдаж, дээр дооргүй шахах хэрэг байна уу. Бодвол, салбарынхаа эл үйлдлийг эрхэм сайд Э.Бат-Амгалан нь мэдэж л байгаа байлгүй. Хэрэв мэдээгүй бол “доод” талынхаа төрийн медалийг бизнес болгосон хүмүүсээ олж хариуцлага тооцоосой. Мэдэж байгаа бол 100 гаруй мянган хүнд 50 мянгаар тэмдэг шахахад овоо л мөнгө босгоно. Энэ наймаа арилжаа нь бүр Төрийн ордонд ил тод явагдаж байгаа сурагтай.