Олон улс судлалын доктор (Ph.D) Х.Баатархүү

Тажикистан улс нь цахилгаан эрчим хүчнийхээ 95 орчим хувийг усан цахилгаан станцаас үйлдвэрлэдэг ногоон эрчим хүчний салбарт дэлхийд тэргүүлэгч билээ. Тус улс 2032 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт бүрэн шилжих зорилт тавин ажиллаж байна. Улирлын чанартай цахилгаан эрчим хүчний хомсдолыг бууруулахын тулд нарны болон салхины эрчим хүчний төслүүдээр идэвхтэй төрөлжүүлж байна.

Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн (IRENA) статистик мэдэээллээр Тажикстаны сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн (RES) суурилагдсан хүчин чадал 2015 онд 4900 МВт байсан  бол 2025 онд 15.8%-иар өсөж 5700 МВт-д хүрчээ.

Энэ хугацаанд цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ 17 тэрбум кВт.цаг-аас 22.4 тэрбум кВт.цаг болж 31.7%-аар  өсчээ. Тус улсын эрчим хүчний эх үүсвэрийн дийлэнхийг усан цахилгаан станцуудаас (УЦС) үйлдвэрлэж байгааг Asia-Plus мэдээллийн агентлаг онцолжээ.

Их уулс, их боломж

XXI зуунд дэлхий даяараа эрчим хүчний шилжилтийн шинэ эрин үед хөл тавьж байна. Нүүрс, газрын тос, байгалийн хийд тулгуурласан эдийн засгийн загвараас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь зөвхөн байгаль орчны асуудал бус үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өрсөлдөх чадвар, геополитикийн нөлөөллийн шинэ хэмжүүр болж хувирлаа. Европын холбооны "Ногоон хэлэлцээр", БНХАУ-ын нүүрстөрөгчийн саармагжилтын зорилт, АНУ, Энэтхэг, Персийн булангийн орнуудын сэргээгдэх эрчим хүчний их хэмжээний хөрөнгө оруулалт нь дэлхийн эрчим хүчний газрын зургийг үндсээр нь өөрчилж байна.

Энэхүү өөрчлөлтийн дунд Төв Азийн уулархаг бүсийн Тажикистан улс олон улсын анхаарлыг улам бүр татах болов. Газрын тос, байгалийн хийн ихээхэн нөөцгүй ч өндөр уулс, мөсөн гол, асар их усны нөөцийнхөө ачаар дэлхийн хамгийн том усан цахилгаан эрчим хүчний нөөцтэй орнуудын нэг гэж үнэлэгддэг. Энэ нь тус улсад "ногоон эрчим хүчний эдийн засаг" байгуулах бодит суурийг бүрдүүлж байна.

Зөвлөлт Холбоот Улс задарсны дараах эдийн засгийн уналт, өвлийн улирлын цахилгаан хомсдол нь олон жилийн турш улсын хөгжилд саад болж ирсэн. Иймээс Тажикистаны сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн түүх нь зөвхөн техник, инженерчлэлийн асуудал биш, харин үндэсний аюулгүй байдал, бүс нутгийн хамтын ажиллагаа, геополитикийн ашиг сонирхлын огтлолцол болсон хөгжлийн замнал юм.

Өнөөдөр Тажикистан улс зөвхөн эрчим хүчний дотоод хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй Төв болон Өмнөд Азийг холбосон сэргээгдэх эрчим хүчний томоохон экспортлогч болж, бүс нутгийн "ногоон батарей" болохыг эрмэлзэж байна.

Зөвлөлтийн эрчим хүчний бодлого: Төв Азийн нэгдсэн системийн бүрэлдэхүүн

Тажикистаны өнөөгийн эрчим хүчний салбарын үндэс XX зууны дунд үеийн Зөвлөлтийн хөгжлийн бодлоготой салшгүй холбоотой. Москва Төв Азийг тус тусдаа хөгжих улс орнуудын нийлбэр бус, харин нэгдсэн эдийн засгийн орон зай гэж үзэж байв. Энэ хүрээнд Казахстан нүүрс, металлургийн төв, Туркменистан, Узбекистан газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлийн бааз болж хөгжсөн бол Тажикистан, Киргизстаныг усан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх гол бүс болгон төлөвлөжээ. Энэхүү бодлого нь байгалийн нөөцийг харилцан нөхөх, нэгдсэн эрчим хүчний системээр дамжуулан бүс нутгийн үйлдвэрлэлийг тогтвортой хангах зорилготой байлаа.

1950-иад оноос эхлэн Вахш мөрний сав газарт томоохон усан цахилгаан станцуудын бүтээн байгуулалт эхэлсэн нь Тажикистаны хөгжлийн шинэ үеийг нээсэн юм.

Энэ бүтээн байгуулалтын оргил нь Нүрекийн усан цахилгаан станц байсан юм. 1961 онд эхэлсэн уг төсөл нь тухайн үеийн Зөвлөлтийн хамгийн том инженерийн бүтээн байгуулалтын нэг байлаа. 300 метрээс өндөр шороон далан бүхий Нүрек УЦС олон жилийн турш дэлхийн хамгийн өндөр далантай усан цахилгаан станцын нэгээр нэрлэгдэж, Зөвлөлтийн инженерийн чадавх, техникийн дэвшлийн бэлгэ тэмдэг болсон юм.

Нүрек ашиглалтад орсноор Тажикистан зөвхөн өөрийн өсөн нэмэгдэж буй аж үйлдвэрллийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй Узбекистан, Казахстан зэрэг хөрш бүгд найрамдах улсад улирлын чанартай цахилгаан нийлүүлэх боломжтой болсон. Зуны улиралд Тажикистан, Киргизстан  улсууд усан цахилгаан станцаасаа илүүдэл эрчим хүчээ үйлдвэрлэн нийлүүлж, харин өвлийн улиралд Туркменистан, Узбекистанаас нүүрс, байгалийн хий, дулааны цахилгаан станцын эрчим хүч авдаг харилцан нөхөх тогтолцоо олон арван жилийн турш амжилттай хэрэгжиж байв.

Вахш мөрний каскад ба Рогуны мөрөөдөл

1970-1980-аад онд Вахш мөрөн дээр Байпаза, Головная зэрэг усан цахилгаан станцууд ашиглалтад орсноор каскад систем бүрэлдэн тогтож эхэлсэн. Зөвлөлтийн инженерүүд үүгээр зогсохгүй Вахш мөрний дээд хэсэгт Рогуны усан цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн бөгөөд энэ нь тухайн үеийн хамгийн том гидроэнергетикийн төслүүдийн нэг байв. Рогуны УЦС ашиглалтад орсон тохиолдолд зөвхөн Тажикстан төдийгүй бүх Төв Азийн эрчим хүчний тэнцвэрийг өөрчлөх хүчин чадалтай гэж тооцоолж байлаа.

Ийнхүү Зөвлөлтийн үед бүс нутгийн хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг байсан Рогуны УЦС-ын төсөл нь инженерийн зорилтоос давж, тусгаар тогтносон Тажикстан улсын хөгжлийн стратегийн гол зорилт болж өөрчлөгдсөн билээ.

Эрчим хүчний хямралаас үндэсний хөгжлийн стратеги хүртэл

1991 онд Тажикистан улс тусгаар тогтносоны дараа Зөвлөлтийн үеэс эхлэлтэй улирлын онцлогт тохируулан ус, цахилгаан, байгалийн хий, нүүрсийг харилцан солилцдог тогтолцоо тасалдсанаар Тажикистаны эрчим хүчний салбарын хувьд хамгийн хүнд сорилттой нүүр тулсан юм.

1997 онд Ерөнхийлөгч Эмомали Рахмон тус улсын үндэсний хөгжлийг эрчим хүчний салбараас эхлүүлэх стратеги баримталжээ. Түүний Засгийн газар гурван үндсэн зорилтыг дэвшүүлсэн байдаг. Үүнд:

 Эрчим хүчний хараат байдлаас гарах;

 Өвлийн улирлын цахилгааны хомсдлыг арилгах;

 Тажикистан улсыг цахилгаан экспортлогч болгох.

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар усан цахилгаан станцуудыг шинэчлэх, цахилгаан дамжуулах сүлжээг өргөтгөх, шинэ хөрөнгө оруулалт татах бодлого хэрэгжүүлэв.

Нүрек УЦС-д үе шаттай шинэчлэл хийж, турбин, генераторуудыг орчин үеийн технологиор солих ажил эхэлсэн нь үйлдвэрлэлийн найдвартай байдлыг мэдэгдэхүйц сайжруулсан. Үүний зэрэгцээ Сангтуда-1, Сангтуда-2 зэрэг шинэ усан цахилгаан станцууд ашиглалтад орж, цахилгаан үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдсээр байв. Гэхдээ Засгийн газрын хамгийн том зорилго нь олон арван жилийн өмнө эхэлсэн ч дуусаагүй үлдсэн Рогуны усан цахилгаан станцыг сэргээх явдал байлаа.

Рогун УЦС: Үндэсний мөрөөдөл ба эдийн засгийн ирээдүй

Тажикистанд Рогуны усан цахилгаан станцыг зөвхөн инженерийн байгууламж гэж үздэггүй. Энэ төсөл нь тусгаар тогтнол, үндэсний хөгжил, эдийн засгийн бие даасан байдлын бэлгэ тэмдэг болжээ.

Вахш мөрөн дээр баригдаж буй Рогун УЦС бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсны дараа зургаан усан турбинтэй, 3,600 МВт-ын хүчин чадалтай дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын нэг болно.

Далан нь 330 гаруй метр өндөр байхаар төлөвлөгдсөн бөгөөд ашиглалтад орвол дэлхийн хамгийн өндөр далан болох юм.

Рогун УЦС бүрэн ашиглалтад орсноор Тажикистан зөвхөн дотоодын эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй жил бүр их хэмжээний сэргээгдэх эрчим хүчийг экспортлох болно.

Эдийн засгийн талаас авч үзвэл энэ нь уул уурхай, хөнгөн үйлдвэр, хөнгөн цагааны үйлдвэрлэл, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг эрчим хүчээр найдвартай хангах суурь нөхцөлийг бүрдүүлнэ. Цаашлаад цахилгааны экспорт нь тус улсын валютын орлогын шинэ эх үүсвэр болж, эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах боломжтой бөгөөд Төв Азид ус нь нефттэй адил стратегийн үнэ цэнтэй баялаг юм.

CASA-1000: Усан цахилгаанаас бүс нутгийн эдийн засгийн коридор хүртэл

Рогуны УЦС-ын стратегийн ач холбогдлыг ойлгохын тулд CASA-1000 төслийг авч үзэх шаардлагатай. CASA-1000 нь Киргизстан, Тажикстаны зуны улиралд үйлдвэрлэдэг илүүдэл усан цахилгаан эрчим хүчийг Афганистан, Пакистан руу өндөр хүчдэлийн шугамаар дамжуулах олон улсын төсөл юм.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Төв Азийн сэргээгдэх эрчим хүч Өмнөд Азийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний зах зээлтэй холбогдох анхны томоохон коридор бий болно.

Эдийн засгийн хувьд энэ нь Тажикстанд цахилгааны экспортын тогтвортой орлого олох боломж нээхээс гадна бүс нутгийн эрчим хүчний зах зээлийг төрөлжүүлэх ач холбогдолтой.

Геополитикийн хувьд CASA-1000 нь зөвхөн цахилгаан дамжуулах төсөл биш, харин Төв болон Өмнөд Азийг холбох эдийн засгийн шинэ коридор бөгөөд эрчим хүчийг бүс нутгийн хамтын ажиллагааны гүүр болно.

Ногоон шилжилт, бүс нутгийн геополитик ба сэргээгдэх эрчим хүчний ирээдүй

Тажикстаны сэргээгдэх эрчим хүчний хөгжлийн дараагийн шат нь зөвхөн үндэсний бодлого биш, олон улсын хөрөнгө оруулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэлхийн эрчим хүчний шилжилтийн чиг хандлагаас улам бүр хамаарах болсон. Сүүлийн хорин жилийн хугацаанд Тажикистан эрчим хүчний салбартаа олон талт хөрөнгө оруулалтын бодлого баримталж ирэв. Томоохон төслүүдийг зөвхөн улсын төсвөөр санхүүжүүлэх боломжгүй байсан тул олон улсын хөгжлийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нь хөгжлийн гол гарц болжээ.

Дэлхийн банк Рогун УЦС-ын техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг санхүүжүүлж, төслийн олон улсын итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Азийн хөгжлийн банк (ADB) цахилгаан дамжуулах сүлжээний шинэчлэл, эрчим хүчний үр ашиг, дэд бүтцийн шинэчлэлд тогтвортой санхүүжилт олгож ирсэн.

Үүний зэрэгцээ Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (EBRD) эрчим хүчний компаниудын засаглал, түгээх сүлжээний шинэчлэл, санхүүгийн тогтвортой байдлыг сайжруулах төслүүдийг дэмжсэн бол Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк (AIIB) цахилгаан дамжуулах дэд бүтэц, эрчим хүчний шинэ төслүүдэд оролцож байна.

БНХАУ  нь "Бүс ба зам" санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станц, автозам, туннелийн төслүүд нь уулын бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулан нь Тажикистаны эрчим хүч, тээврийн дэд бүтцийн хамгийн идэвхтэй түншүүдийн нэг болсон байна. Хятадын ААН-үүд эрчим хүчний салбарт зөвхөн санхүүжилтээр хязгаарлагдахгүй, инженерчлэл, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг хийж байгаа нь давуу талтай юм.

ОХУ Сангтуда-1 усан цахилгаан станцын төслөөр дамжуулан Тажикистаны эрчим хүчний салбарт стратегийн байр сууриа хадгалсаар байна. Ингэснээр Тажикистан эрчим хүчний салбартаа зөвхөн нэг улсын хөрөнгө оруулалтын бус, олон тулгуурт түншлэлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна.

Экспортоос эрчим хүчний интеграц руу

Сүүлийн жилүүдэд Тажикистан улс зөвхөн дотоодын эрчим хүчний хэрэгцээг хангах бус, бүс нутгийн эрчим хүчний интеграцын төв болох зорилтоо идэвхжүүлж байна. Рогун УЦС-ын дараагийн генераторуудыг үе шаттай ашиглалтад оруулах, үндэсний цахилгаан дамжуулах сүлжээг шинэчлэх, хөрш орнуудтай холболтыг өргөжүүлэх нь Засгийн газрын тэргүүлэх зорилтын нэг хэвээр байна.

Төв Азийн "Ногоон батарей" болох боломж

Тажикистан улс өнөөдөр Төв Азийн хамгийн бага нүүрстөрөгчийн ялгаруулалттай эрчим хүчний бүтэцтэй орнуудын нэг юм. Цахилгаан үйлдвэрлэлийн үндсэн хэсгийг усан цахилгаан станцууд бүрдүүлдэг нь дэлхийн эрчим хүчний шилжилтийн эрин үед томоохон давуу тал болж байна.

Хэрэв Рогун УЦС бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орж, CASA-1000 болон бусад бүс нутгийн цахилгаан дамжуулах төслүүд бүрэн хэрэгжвэл Тажикистан  сэргээгдэх цахилгаан эрчим хүчээ Афганистан, Пакистан зэрэг өсөн нэмэгдэж буй зах зээлд тогтмол экспортлох боломжтой болно.

Нарны эрчим хүч:  Ашт, Жайхун дүүргүүдэд 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар 250 МВт-ын хүчин чадалтай тус улсын анхны томоохон нарны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байна.  

Салхины эрчим хүч:  Эрчим хүчний яам  салхин цахилгаан станцуудыг судалж, хөгжүүлэх зорилгоор Watchman Group PTE Ltd. зэрэг компаниудтай хамтын ажиллагааны  гэрээ байгуулан ажиллаж байна.

Эрчим хүчний шилжилтийн шинэ эрин үед Тажикстан улс усны арвин нөөцөө зөвхөн цахилгаан үйлдвэрлэлийн эх үүсвэр бус, эдийн засгийн өсөлт, экспортын шинэ орлого, бүс нутгийн хамтын ажиллагааны стратегийн давуу тал болгон амжилттай ашиглаж байна.

Тажикстан улс ирэх арван жилд өөрийн эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулаад зогсохгүй Төв Азийн эрчим хүчний газрын зурагт шинэ байр суурь эзэлж, бүс нутгийн "Ногоон батарей" болох зорилгодоо бодитоор ойртох боломжтой юм.