Далайд гарцгүй орнууд дотор Монгол Улс газар нутгийн хэмжээгээрээ Казакстан улсын дараа ордог бөгөөд агаарын тээврийн салбарын багтаамж сул, тийзний олдоц бага, үнэ өндөр тул олон улсад өрсөлдөх чадвараар дутмаг, агаарын тээвэрлэгчдэд олон улсын шинэ чиглэл нээх, жуулчин тээврийн нислэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг сэргээхэд хүндрэлтэй байж ирсэн.
Мөн дэлхий дахинд үүсэж буй газрын тосны нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлын улмаас олон улсын зах зээлд газрын тосны үнийн өсөлтөөс хамаарсан агаарын хөлгийн түлшний үнэ эрс өсдөг бөгөөд хэвийн нөхцөлд түлшний зардал нь агаарын тээвэрлэгчийн нислэгтэй холбоотой зардлын 28 хувийг эзэлдэг бол зарим тохиолдолд 46-70 хувьд хүрч эрс өсдөг байна. Манай улс агаарын хөлгийн түлшийг 100 хувь ОХУ-аас импортолж байгаа бөгөөд сүүлийн таван жилд агаарын хөлгийн түлшний хэрэглээ тогтмол өсчээ. Тухайлбал, 2021 онд 27,879 тонн, 2022 онд 38,492 тонн, 2023 онд 61,719 тонн байсан бол 2024 онд 82,443 тонн хүрч, 2021 онтой харьцуулахад 66 хувиар өсчээ. Харин “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсын төрийн өмчит “Эрчис ойл” ХХК болон ОХУ-ын төрийн өмчит “РН Аеро” компаниуд хамтарсан компани байгуулах юм. Хэлэлцээр байгуулагдсанаар Монгол Улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын шатахуун хангамжийг тасралтгүй үргэлжлүүлэх, агаарын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн шатахууныг тогтвортой, хямд үнээр нийлүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ. Энэ хэлэлцээр нь манай улсын газрын тосны бүтээгдэхүүний 96%-ийг нийлүүлэгч ОХУ-тай байгуулсан “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээртэй хамтдаа хүчин төгөлдөр үйлчлэх тул манай улсын газрын тосны бүтээгдэхүүн, шатахууны хангамжийн тогтвортой, найдвартай байдлыг хангах, Монгол Улс болон ОХУ-ын хамтын ажиллагаа газрын тосны хангамжийн салбарт өргөжих зэрэг эдийн засгийн болон стратегийн томоохон ач холбогдолтой гэж үзжээ.