Монгол Улсад Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль 2018 онд батлагдсанаар их, дээд сургуулиуд багшийн хөгжлийн хөтөлбөр боловсруулж, багшийн хөгжлийн төвүүд байгуулагдан ажиллаж эхэлсэн. Энэ нь дээд боловсролын багшийн тасралтгүй хөгжлийг хангах, мэргэжлийн ур чадвар, судалгааны чадамжийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах чухал зорилтыг хэрэгжүүлэх алхам болсон юм.
Өнөөдөр эдгээр төвүүд өөр өөрийн онцлог, түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд туршлагаа хуваалцах, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх зорилготой “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвүүдийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага–2025” сэдэвт үндэсний туршлага солилцох уулзалт, хэлэлцүүлэг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Отгонтэнгэр их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монгол Улсын Консерватор хамтран зохион байгуулсан бөгөөд арга хэмжээг АНУ-ын Элчин сайдын яам болон Хампри хөтөлбөр дэмжин ажиллав.
Тус хэлэлцүүлэгт төрийн болон төрийн өмчийн бус их, дээд сургуулиудын 70 орчим багшийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, судлаач, багш нар оролцож, багшийн хөгжлийн бодлого, арга зүй, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн санаачлагчаар АНУ-ын Пеньсилванийн Улсын Их сургуулийн Боловсролын коллежийг Хампри хөтөлбөрөөр төгсөгч, Отгонтэнгэр их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан проректор Б.Одгэрэл ажилласан бөгөөд тэрээр “Монголын дээд боловсролын сургалтын байгууллагуудын Багшийн хөгжлийн төвүүдийн өнөөгийн нөхцөл, цаашдын чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл хэлэлцүүлж, АНУ-д суралцаж байх хугацаандаа их дээд сургуулиудын БХТ-үүдийг харьцуулан судалсан судалгааны үр дүн, хөгжлийн чиг хандлагын талаар танилцууллаа.
Мөн Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Отгонтэнгэр их сургуулийн илтгэгчид багшийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлага, алсын хараа, багшийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих арга зам зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, хамтдаа хөгжих боломжийн талаар ярилцсан юм.
Уулзалтын Панел хэлэлцүүлэгт БЕГ, МУБИС, АШУҮИС, ОТИС, ХААИС, Орхон их сургуулийн төлөөлөл оролцож, хэлэлцүүлгийн үеэр багшийн хөгжлийг дэмжих бодлого, арга зүйг уялдуулан, нэгдсэн зохион байгуулалттайгаар салбарын асуудлаа хэлэлцэх, хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг онцлон багшийн хөгжлийг дэмжих үндэсний сүлжээ байгуулах нэгдсэн шийдвэрт хүрсэн нь уг арга хэмжээний томоохон үр дүн боллоо.















