Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавиад буй юм. Тэгвэл улс төрийн хүрээнд ойрд өрнөөд буй үйл явцтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийллээ.
1. Ирцийн асуудлаар:
Маргааны гол зүйлийг товчилбол, Пүрэв гаригийн ирцээр Баасан гаригт үргэлжлэн хуралдсан гэх асуудал.
Тайлбарлавал, Пүрэв гаригийн 10 цагт чуулганыг нээхэд гишүүд хуралдаандаа ирэхгүй, ирц бүрдэхгүй (зарим нь санаатай) байсны улмаас өдөржин, шөнөжин хүлээж байж Баасан гаригт чуулганы ирц бүрдэж, асуудлаа хэлэлцсэн билээ.



Энэ нь чуулган Баасан гаригт шинээр эхлээгүй, харин Пүрэв гаригт нээсэн чуулганы ирц дараагийн өдөр нь бүрдсэн. Ерөнхий сайд, сайд нарыг томилоход ялгаагүй яг энэ зарчмаар дараагийн өдөртөө үргэлжлэн хуралдаж байх үед уг шаардлагыг хэн нь ч тавиагүй /үгүй гэвэл Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон УИХ-ын тогтоолын хүчин төгөлдөр байдал адилхан хөндөгдөх нь/ билээ.
Тухайн өдрөө ирцийг заавал шинээр нээх тухай зохицуулалтыг Үндсэн хуулиар бус Дэгийн тухай хуульд заасан, гэхдээ бас нарийвчлан зохицуулаагүй.
Гэтэл албан тушаалд дэвших үедээ ийм дэг зөрчил болдоггүй, харин огцруулах буюу хариуцлага ярих үед “ажлын цаг баримтална” гэж аашилж, хоригийн цаана нуугдах сайд нар зарчимгүй байна.
Ийм процессын шинжтэй асуудал Цэцийн шийдвэрлэх маргаан мөн эсэхэд эргэлзэж байна. Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэхээр хуульчилсан. Түүнээс бус органик хуулийг хянахгүй юм.
2. Ерөнхийлөгчийн хоригийн тухайд:
Ерөнхийлөгчийн хоригийн гол үндэслэл нь санал хураалтын томьёолол буруу байсан болон хуралдааны ирц гэсэн 2 асуудал байв. Бас л процессыг үндэслэн хориг тавив.
Харин Үндсэн хууль судлаач нар Ерөнхий сайд, сайдын томилгоонд Ерөнхийлөгч хориг тавих нь буруу, Үндсэн хуулиар зөвхөн Парламентад олгосон "хэнтэй ч хуваалцахгүй" бүрэн эрхэд нь халдах, парламентын засаглалд сөрөг нөлөөтэй гэж удаа дараа бичиж байжээ.
Тухайлбал “… УИХ дахь олонх хэн Ерөнхий сайд байх вэ, хэн сайд байх вэ гэдгийг шийдэж чадахгүй, харин цөөнх болон Ерөнхийлөгч шийддэг болно гэсэн үг. Энэ бол парламентын засаглалтай улсад байж болохгүй зүйл. Тиймээс, энэ бол аль нэг намд ашигтай вэ гэдгээр хандах асуудал биш” гэж бичиж байжээ.
Мөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд томьёолсон байсан “Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхдээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, зөвшилцөж чадаагүй бол УИХ саналаа оруулах” тухай заалтыг энэ агуулгаар бүхэлд нь хасжээ. Энэ талаар Н.Лүндэндорж багш “Хориг эрх бүхий этгээдээс парламентын баталсан хуулийн бүрмөсөн зогсоох төгс хэрэгсэл хараахан биш юм. Хоригийн зорилго, зориулалт бол эрх бүхий этгээдээс хууль тогтоох үйл ажиллагааг саатуулан зогсооход бус, харин санаагүйг сануулах, засуулах хөндлөнгийн үндсэн хуулийн эрх зүйн болон улс төрийн шалтгаан бүхий хяналтын хэрэгсэл мөн.
Олон улсын практикаар ч халж эхэлсэн талаар судалгаанууд дээр онцолжээ.
Дүгнэвэл, судлаачид Ерөнхийлөгчийн хориг “бүх асуудалд” тавих нь буруу, тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал хүрээнд хэрэгжих ёстой гэдэгт санал нэгджээ.
Тиймээс 2021 онд боловсруулж байсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 16.3.6-д “улс төрийн албан тушаалтныг томилох, чөлөөлөх, огцруулах тухай УИХ-ын шийдвэр”-т хориг тавихгүй байхаар хуульчлахаар оролдож байсан түүхтэй аж.
Эцэст нь Ерөнхийлөгчийн хориг дээр байх “онцгой сануулга” анхаарал татна.
3. Санал хураалтын томьёоллын талаар:
Маргааны гол зүйлийг товчилбол, “УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол” гэж Үндсэн хуульд заасан тул саналын томьёолол заавал “Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих” гэдгээр санал хураах ёстой гэдэг маргаан гарсан.
Үндсэн хуульд 2019 онд орсон уг өөрчлөлтийн талаар албан бус тайлбарын гол амин сүнс нь “Засгийн газар нь УИХ-ын итгэлийг хүлээсэн байх нь төрийн тогтвортой байдлын чухал нөхцөл бөгөөд ирц болон саналын квотыг өсгөсөн” гэжээ. Түүнээс биш саналын томьёоллын талаар Үндсэн хуульд заагаагүй.
Мөн 2021 оны энэхүү өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулсны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх үед өнөөдрийн маргаан болж буй Байнгын хорооны томьёоллоор санал хураасан. Гэтэл үүнийг Үндсэн хууль зөрсөн гэж тухайн үед хэн ч маргаагүй.
Үүнийг өөрөө хүсэлтээ өгсөн гэж тайлбарлах боловч процесс нь яг өнөөдрийн дараалал, зарчмаар явагдсан ба Үндсэн хууль, ердийн хууль ямар нэгэн өөрчлөлтгүй одоо хэрэгжиж байна.
Дэмжсэн саналаас гадна “дэмжээгүй” гэдэг санал ч гэсэн “санал” шүү дээ. Маргааш цэцийн хуралдаан болох гэж буй тул үүнээс илүү халихгүй байхыг эрмэлзэв.















