Хуурамч архи дамлан борлуулдаг хууль дэвсэлсэн мафи Алтанбулагийн чөлөөт бүсээс эхтэй. Нарийн сүлжээ үүсгэсэн энэ мафи чөлөөт бүсээс тонн тонн хуурамч архийг Монгол Улсын архины, татварын, хил гаалийн, хүнсний аюулгүй байдлын гээд олон хууль тогтоомжийг дэвслэн оруулж ирж байна. Энэ мафи хэрхэн ажилладаг тухай дэлгэрүүлье.

Хот болон орон нутагт дэлгүүр, бар цэнгээний газар ажиллуулдаг хүмүүс Алтанбулагийн хил орчмын иргэдэд захиалга өгдөг. Хэр хэмжээний согтууруулах ундааны захиалга авснаас хамаарч бүлэг этгээдүүд 2 литр архины зөвшөөрөл бүхий бар код авах эрхтэй хүмүүсээ бүрдүүлнэ.

Алтанбулагийн чөлөөт бүс рүү нэг иргэн өдөрт нэг удаа, сард таван удаа нэвтрэх эрхтэй. Чөлөөт бүс рүү нэвтрэхдээ хоёр литр архи, дарс эсвэл гурван литрээс ихгүй шар айраг худалдан авах журам бий. Чөлөөт бүс нь импортын архи согтууруулах ундааг онцгой албан татвар ногдуулаагүй үнээр худалддаг тул үнэ хямд. Тиймээс далд эдийн засгаас сэргийлж иргэдэд зөвхөн хувийн хэрэглээнд нь зориулж хязгаартай борлуулах журам мөрдүүлдэг. Ингэхдээ чөлөөт бүс рүү нэвтрэхэд архи согтууруулах ундаа хязгаартай худалдаалах бар код бүхий хуудас олгодог юм.

Жирийн иргэдийг чанд хатуу шалгасны эцэст ганцхан ширхгийг олгодог бар код бүхий хуудсыг хил орчмоор хэдэн арваар нь зарж байх нь бий.

Ширхэгийн үнэ нь 15-20 мянган төгрөг. Ингээд өнөөх бүлэг этгээдүүд бар код авах хүмүүсээ бүрдүүлж, эс бөгөөс шагийн бар кодын хуудсаараа хуурамч архиа цуглуулж эхэлнэ.

Тэд чөлөөт бүсээс худалдан авсан архи, согтууруулах ундаануудаа шалган нэвтрүүлэхийн цайны цаг болон ажил тарах цагаар хилээр нэвтрүүлдэг. Ингээд их хэмжээний архи, согтууруулах ундааг төвлөрүүлсний дараа захиалагч өөрөө ирж авах эсвэл олон нутгийн тээвэрт өгч явуулдаг. Дийлэнхийг нь Улаанбаатар хот руу тээвэрлэж бар цэнгээний газар, элдэв эвентүүдээр худалдан борлуулдаг. Мөн хилийн болон аймгийн төвийн зах орчмын дэлгүүрүүдээр ч хямд худалдаалж байхтай цөөнгүй таарна.

Энэхүү мафижсан далд бизнест 5000-6000 хүн хамааралтай гэх. 5000 хүн сард хамгийн багадаа хоёр шил архи оруулж ирдэг гэж тооцвол 10 мянган шил архи болно.

Үүнийг хамгийн хямдаар буюу 20 мянган төгрөгөөр бодоход 200 сая төгрөг. Ингээд үзэхээр энэ далд бизнес хэчнээн хэмжээний татвараас зайлсхийсэн зохион байгуулалттай үйлдэл байж болох вэ. Бодох л асуудал. 2023 онд ганц удаагийн шалгалтаар л татвараас зайлсхийж энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулалттай үйлддэг бүлэглэлийн 10 мянга орчим шил согтууруулах ундааг хураан авсан байдаг. Хамгийн ноцтой нь энэ бүхний цаана Монголын Улсын хүнсний аюулгүй байдал алдагдаж байна. Манай улсад жилд архины хурц болон архаг хордлогын улмаар 500 гаруй хүн амиа алдаж байна гэх судалгаа үүний нотолгоо болж буй биз ээ.

Иймд хил гаалийн хяналтыг чангатгаж архи согтууруулах ундааны хууль бус наймааг таслан зогсоох шаардлагатай байна. Хууль сахиулагчдын зүгээс ч зөрчигдөж буй хууль тогтоомжуудыг сахин мөрдүүлэхэд дорвитой анхаарах цаг хэдийн иржээ.