Хэдхэн жилийн өмнө өвс халиурч, нуур цөөрөм мэлтэлздэг байсан хөндий хатаж хуурайшиж, тоос бужигнасан л газар болж хувирлаа. Зундаа бороо хур татарч, өвөл, хавар хатуу ширүүн болж байгалийн араншинг урьдын адил тааварлах аргагүй болж байна. Өвөл бороо орж, зун цасаар дарах энүүхэнд хэмээн толгой сэгсэрч, санаагаа чилсэн малчид хөдөөд олон бий. Ийн Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөлөл зөвхөн байгаль дэлхийг өөрчлөөд зогсохгүй түүнд дасан зохицох, даван туулах арга замаа эрэлхийлэхийг ч ард иргэдээс, малчдаас шаардаж байна.

Үндсэндээ малчид мал маллах арга ухаанаа өөрчлөх, байгаль дэлхийдээ ээлтэйгээр дасан зохицож амьдрахаас аргагүй боллоо. Үүний тулд өөрсдөдөө ашигтай бүтээлч хөрөнгө оруулалт, шинэ цагийн хандлагыг сэтгэлгээндээ суулгах шаардлага жил ирэх тусам урган гарч байгаа юм. Үүний нэг л шийдэл нь малчдын манлайлал дор эдийн засаг, эрүүл мэнд гээд олон талын үр өгөөжөө өгөх хурга махлуулах арга ухаан юм. Цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн даац хэтрэлт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж Монгол орны бэлчээрийн талбай хумигдаж байгаа энэ цаг үед цөөн тооны чанартай малаас өндөр ашиг шим хүртэж болохыг ухаж ойлгоогүй малчин цөөхөн. Харин яаж гэдэг сайн туршлага, бодит кейс тэдэнд хэрэгтэй байгаа юм. Тиймээс шинжлэх ухааны судалгаа тооцооллоос эхлээд малчны хотонд үр дүнтэй хэрэгжиж үр шимээ өгсөн хурга махлуулах аргыг малчдад зөвлөж байна.

-100 хониноос авах 526 кг махыг хурга борлуулах загвараар 52 хониноос үйлдвэрлэх боломжтой-

Малчид мал маллах арга ухаанаа өөрчлөх шаардлагатай байгаа талаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор, профессор Ж.Ундармаа хэлэхдээ “Бэлчээрийн хэт ашиглалт, газрын доройтлоос улбаалан мал авах ёстой шим тэжээлээ авч чадахаа больж, эрдэс бодисын дутагдалд ордог. Бүтэн идэштэй мал шим тэжээлээ 100 хувь авна. Гэтэл малын бэлчээр доройтсон, өвс тэжээл багассан, ургамлын агууламж муудсанаас болж махан тарга 40 гаруй хувиар буурч, өөхөн тарга нэмэгдсэн. Сүүлийн 30 гаруй жилд малын гулуузны жингийн хэмжээ 14 хувиар багасч, бэлчээрийн архаг дутагдлаас үүдэлтэйгээр малын ашиг шим, үнэ цэн буурч байгаа нь малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн малын тэсвэрт чанарт нөлөөлдөг. Өөхөн таргатай мал 2-3 хоногийн өл даадаггүй. Маш богино хугацаанд өөхөн тарга нь хайлж, мал хорогдох үндсэн шалтгаан болдог” гэсэн юм.

Бодлого судлалын төвийн судалгаанаас

Харин энэ бүх сөрөг нөлөөллийг бууруулж малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдлийг судалж, амжилттай туршсан Бодлого судлалын төвийн МАА-н судлаач, доктор Д.Зоригтбаатар “Бид хүнсэндээ багадаа 4-4.5 жил болсон мах хэрэглэж байна. Харин хургыг 5-6 сарын хугацаанд эрчимтэй өсгөж, 6-7 сар болтол бойжуулан, 40-50 килограмм жинд хүргэж хүнсэнд нийлүүлэх боломжтойг Адапт төслийн судалгааны явцад тодорхойлон гаргасан. Малчдын ашиг орлогыг бууруулахгүйгээр малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэн цөөлөх дөт зам нь хонийг эрт төллүүлэн, төллөсөн эх малыг тэжээж жилбэшүүлэн, сүү шимээр дамжуулан хургыг махлуулан эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Ингэснээр малыг бэлчээрт заавал 3-4 жил барих шаардлагагүй болж, бэлчээрээ олон малаас чөлөөлж хамгаалах боломжтой болох юм. Хамгийн гол нь малчдын мах үйлдвэрлэлээс олох орлого 100 хонь тутам одоогийнхоос 1.2-3.2 сая төгрөгөөр нэмэгдэж байна.Энэ ажлынхаа дүнг бид нэгтгэн боловсруулж, хэм хэмжээний стандарт болгон батлуулсан.

Сүүлийн үеийн чиг хандлагаас харахад хүмүүс хурдацтай хотжиж байна. Тиймээс заавал нас гүйцсэн, өөх тос ихтэй, холестерины агууламж өндөртэй мах хэрэглэх шаардлагагүй. Уургын агууламж өндөр, шүүслэг, зөөлөн мах хэрэглэх хэрэгцээ шаардлага бий болоод байна. Үүнийг хангахад бидний судалгааны дүнд гаргасан мах бүрэн нийцэж байгаа” гэсэн юм.

Тэдний тооцооолсноор одоогийн нөхцөлд 100 хониноос үйлдвэрлэж байгаа 526 кг махыг хурга борлуулах загвараар 52 хониноос үйлдвэрлэх боломжтой байгаа нь хонины тоог 48%-р бууруулахад мах үйлдвэрлэлийг одоогийн хэмжээнд хадгалах боломжтой гэсэн үг юм. Энэ нь 2021 онд тоологдсон 31.1 сая хонийг 14.9 тоо толгойгоор бууруулж, 16.2 сая болгох боломж олгож байна. Ингэснээр нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр одоогийн 115.3 саяас 100.4 сая болгож 13.4%-р бууруулж, энэ хэмжээгээр бэлчээрийн даац хэтрэлт, малын хоол тэжээлийн дутагдал, малаас ялгарах хүлэмжийн хий багасах юм. Хурга махлуулж, борлуулснаар МАА-н үндэс болсон бэлчээрээ хамгаалж, малчдын амьжиргааг урт хугацаанд тогтвортой дээшлүүлэх боломжтой юм. Үүнийг хургыг махлуулах туршилтын ажлын эдийн засгийн тооцооноос харж болно. Хургыг махлуулж борлуулснаар мах үйлдвэрлэлээс малчдын олох нэмэгдэл орлого сүрэгт эзлэх эх малын хувийн жин 70% байхад 3.23 сая төгрөг болох боломжтой. Дээрх нэмэгдэл орлогоос хурганы мах үйлдвэрлэхэд гарах зардал 2.3 сая төгрөгийг хасвал малчид 100 хонь тутам 0.9 сая төгрөгийн цэвэр орлого буюу ашиг олохоор байна.

-200 хонь хариулаад 1000 хонины ашиг шим хүртэх үү-

Малчдын бэлчээрийн даацад тохирсон цөөн, чанартай малтай болох хэрэгцээ шаардлагад үндэслэж Адапт төслийн хүрээнд Хурга махлуулж, өсвөр насны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах загварыг 2023-2024 онд Дорнод аймгийн Баянтүмэн сум, Чойбалсан, Завхан аймгийн Алдархаан, Шилүүстэй, Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Халзан, Ховд аймгийн Дарви, Эрдэнэбүрэн сумдад амжилттай хэрэгжүүлж, үр дүнг нь үзээд байна. Уг дөрвөн аймгийн найман суманд нутгийн үүлдрээр малын цөм сүргийг бий болгожээ. Төслийн хүрээнд хурга борлуулах замаар мал аж ахуйн үндэс болсон бэлчээрээ хамгаалж, малчдын амьжиргааг урт хугацаанд тогтвортой дээшлүүлэх боломжийг бий болгосон байна.

Бодлого судлалын төвийн судалгаанаас

Энгийн жишээ авахад, бидний Сар шинийн баяраар ширээн дээрээ тавьдаг ууцны хонийг бий болгох хүртэлх зарцуулах бэлчээрийн ургамлыг хэмжээг судалж үзжээ. Боодолтой өвсөөр үнэлэхэд нэг малыг хурганаас эхлээд ууцны хонь болгоход 960 мянган төгрөгийн тэжээлийн зардал гарч байна. Үүн дээр 4-5 жилийн хариулга, маллагааны зардлыг нэмж тооцвол нэг сая төгрөг хол давна. Харин хурга махлуулах арга бол эх хонинд хоногт 250 грамм тэжээлийг 45 хоногийн хугацаанд өгнө гэвэл нэг хонинд 10 гаруй килограмм тэжээл ногдож байгаа. Үүний зах зээлийн өнөөгийн үнэлгээ нь 13-14 мянган төгрөг болно. Ингээд хурганы амьдралын тэн хагас буюу дөрвөн сар орчим хүртэл сүүгээр бойжуулна. Үлдсэн хугацаанд буюу дөрвөн сар орчимд бэлчээр ашиглана. Үндсэндээ дөрвөн сарын хугацаанд л хурга “хоол” идэх юм. Ингээд бодохоор эдийн засаг, бэлчээр ашиглалтын хувьд өдөр шөнө шиг ялгаатай. Өөрөөр хэлбэл, 1000 малтай Дондог жилд 28.6 сая төгрөгийн борлуулалт хийдэг байлаа гэхэд хурга махлуулах аргыг нэвтрүүлснээр багаар бодоход 6-7 сая төгрөгийн илүү борлуулалт хийх боломжтой. Хурганы амьдын жин 50.5 килограмм хүрсэн. Гулууз нь 18-23 килограмм хүрсэн нь өнөөгийн зах зээлд нийлүүлж байгаа нас гүйцсэн хоньтой адилхан байна гэсэн үг. Энэ нь нэгдүгээрт, эдийн засгийн үр өгөөжтэй байна. Хоёрдугаарт, байгаль орчин талаасаа 1000 хонь бэлчих талбайд 200 хонь бэлчинэ гэдэг нь бэлчээрийн хангамж, нөхөн сэргэлтэд эерэг үр нөлөөтэй. Түүнчлэн 1000 хонь хариулах, 200 хонь хариулахад хэр хэмжээний хөдөлмөр зарцуулах ялгаа гарна. Энэ үр дүн малчны хотонд ч өгөөжөө өгсөн талаар Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхангай малчдын бүлгэмийн ахлагч Н.Түмэнбаяр “Адапт төслийн Хурга махлуулах загварыг 2023 оноос хэрэгжүүлсэн. Дараа жилийн намар хургаа жинлэхэд амьдын жин 40-45 килограмм хүрсэн. Харин энгийн хурганы жин 30-35 килограмм татсан. Өөрөөр хэлбэл, махлуулсан хурга дунджаар 10 килограммаар илүү байсан нь эдийн засаг, хөдөлмөр зарцуулалт талаасаа үнэхээр боломжийн санагдсан” гэв.

Бодлого судлалын төвийн туршилтаас

Хурга махлуулах шийдэл Монгол орны зүүн талд ингэж амжилттай хэрэгжсэн бол баруун бүс Завханы аймгийн Тосонцэнгэл сумын малчин Долгорсүрэнгийнх мөн туршжээ. Тэрбээр “2024 онд анхны туршилтаа хийж уламжлалт бэлчээрийн маллагаагаар 3 жилийн хугацаанд хүрэх жинг ердөө 6-7 сарын хугацаанд хүргэж чадсан. Ингэхдээ эх малыг хээлтэй байх үеэс эхлэн хургыг нэмэлт тэжээл болон уламжлалт бэлчээрийн маллагаатай хослуулсан. Байгаль биднийг өөрчлөгдөхийг шаардаж байна. Хуучин шиг олон мал маллах боломжгүй болж байгааг сануулж байна. Харин цөөн боловч чанартай малтай болох хэрэгтэй болж байна. Санхүүгийн хувьд ч, хөдөлмөр хэмнэх талаасаа ч, мөн эдийн засгийн үр өгөөжөө илүү богино хугацаанд хүртэх боломж талаасаа ч энэ бол маш сайн туршлага. Малынхаа эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицоход илүү үр ашигтай болгох гарцуудын нэг нь хурга махлуулах арга гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талдаа энэ нь бэлчээрийн газар нутагт сэргэх боломжийг өгч буй учраас бид өөрт байгаа боломжоо ашиглан малын чанараа сайжруулах хэрэгтэй болохоос биш тоогоо олон болгох тухай биш шүү дээ” гэж ярьжээ.

Эндээс харахад бэлчээрийн доройтлыг зогсоож, малчдын орлогыг нэмэгдүүлэх нэг гарц бол Хурга махлуулах загвар юм. Ингэж Долгорсүрэн шиг олон олон малчин байгаль дэлхийн хувьсал өөрчлөлтийг даван туулах, зохицох арга замаа тодорхойлж, зүгээр л хараад суух биш харин мөс зүсэн урагшилж байна. Гэхдээ малчдын шинэ хандлага, сэтгэлгээний өөрчлөлтөд түүчээлсэн “Хурга махлуулах” шийдэл бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, бэлчээрийг сэргээх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж бүтээлч хөрөнгө оруулалтыг бий болгох нэг л арга ухаан юм гэдгийг дурьдах нь зүйтэй. Тиймээс малчид маань тооноос чанарт шилжиж, байгаль дэлхийдээ ээлтэйгээр дасан зохицох өөр эрэл хайгуулыг хийсээр байх нь зөв юм.