Анги танхимдаа хичээлээ зааж байх ёстой багш нар суулт зарлаж, сурагчид гэртээ цоожтой үлдэв. Мөн иргэдийнхээ энхийн манаанд зогсож байх тангарагтай эмч нар аргагүйн эрхэнд халадаа тайлаад талбай дээр гарлаа. Ийн хүйтэн цементэн дээр бээрч зогсох багш, эмч нарыг буруутгах хүн алга. Тэд амьдралдаа хүрэлцэхүйц цалинг шаардах нь зүй ёсны тэмцэл юм.

Гэтэл багш, эмч нарыг цалингаа нэмүүлэх шаардлага тавьж эхэлмэгц төр засаг дарамталж, сүрдүүлж үзлээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир багш нар ажил хаяж, тэр нь шүүхээр хууль бус гэж тогтоогдвол цалингийн асуудал яригдана гэх “сүрдүүлгийн” өнгө аястай мэдэгдлийг хэдхэн өдрийн өмнө хийсэн. Гэтэл өнөөдөр өглөөхөн эмч, багш нарыг эцэг эхчүүдийн өмнөөс турхирахыг санаархахдаа “Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн уулзалтаар багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхийн тулд хүүхдийн 100,000 төгрөгийг хасах санал гаргасан. Хүүхдийн мөнгө рүү “гар” дүрэхээс аргагүйд хүрнэ” гэв.

Ингэж эмч, багш нарын тэмцлийг “хүүхдийн мөнгөөр” барьцаалахаас өөр шийдэл энэ Засгийн газарт олдсонгүй бололтой. Тэдэнд тансаг хэрэглээгээ танах санаа огт алга.

Мөн Боловсролын сайд багш нарын ажил хаялтыг зогсоож түр зуур “гал” унтраахын тулд ажил хаясан нөхөн олговрыг өнөөдөр өгье гэж мэдэгдлээ. Мөн цалинг 2028 онд 3.5 саяд хүргэнэ гэж амлав. Эндээс харвал, сонгуулийн жил болтол замхруулж сонгуулийн шоу болгохоор тооцсон бололтой.