“Биологийн олон янз байдлын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан "Монголын говийн биологийн олон янз байдал форум" Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болж байна. Форумд Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн ЗДТГ,  байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Тусгай хамгаалалттай газар нутгийн дарга, мэргэжилтнүүд,  аж ахуйн нэг байгууллага, ТББ-ын төлөөллүүд  оролцож байна.

Энэ үеэр БОУАӨ-ийн сайдын зөвлөх Д.Мөнхнаран “Тогтвортой ан агнуурын шилдэг туршлага” тэр дундаа аргаль, янгир зэрэг ан амьтдыг хамгаалах олон улсын жишгийн талаар илтгэл танилцууллаа. Тэрбээр “Популяцийн мониторинг буюу тогтмол судалгаа, тооллогоор амьтдын тоо толгой, насны бүтэц, эрүүл мэндийг хянадаг. Мөн үржих чадамжийг хэтрүүлэхгүйгээр агнуурын тоо тогтоож, агнуурын квотыг анхаарах, дасан зохицох менежментээр байгаль орчин, популяцийн өөрчлөлтөд уялдуулан бодлогоо шинэчлэх хэрэгтэй. Харин хууль эрх зүйн талаасаа агнуурын улирал, зөвшөөрөгдсөн арга, агнах хориотой зүйлүүдийг нарийн зохицуулах зэргээр хууль, дүрэм маш тодорхой байх нь зөв. Улмаар хуулийн хяналт, хэрэгжилт талаасаа хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох чадвартай байгууллагуудаас эхлээд агнуурыг зөвхөн зөвшөөрөл, лицензийн дагуу явуулах тогтолцоо маш чухал. Тэр дундаа орон нутгийн иргэдийн оролцоо, үр шимийг хуваалцахдаа хамтын удирдлагын түвшинд хөдөөгийн иргэд, уугуул ард түмнийг шийдвэр гаргалтад оролцуулах, эдийн засгийн урамшууллыг бий болгохын тулд агнуурын орлогоос иргэдэд ашиг хүртээх замаар хамгаалалтыг дэмжих боломж бий. Энэ бүгдийг амжилттай хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны болон уламжлалт мэдлэгийг хослуулан хэрэглэх нь үр дүнтэй.

Түүнчлэн ан агнуурын ёс зүй талаасаас ч шударга өрсөлдөөний зарчим бий. Харин  хэт их хор хөнөөлтэй аргачлалыг зайлшгүй хөндөх учиртай. Тухайлбал, гэрэл тусган агнах, автомат зэвсэг хэрэглэх зэргийг хязгаарлах нь зөв” гэдгийг онцоллоо.

Мөн трофей ба амин зуулгын тэнцвэр: Трофейн ан ба орон нутгийн хэрэглээг ялгаж зохицуулах

CITES-ийн шаардлагыг дагах: Зэрлэг амьтны олон улсын худалдааг зохицуулсан гэрээг мөрдөх

• Хил дамнасан менежмент: Нүүдлийн болон хил дамнасан зүйлсийн хамтарсан хамгаалалт

• Олон улсын удирдамж, туршлага: IUCN, FAO, CIC зэрэг байгууллагуудын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх асуудлыг тэрбээр илтгэлдээ танилцууллаа.