Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртсөн асуудал өнөөдөр улс төрийн хүрээний онцлох сэдэв байлаа. Хамгийн хачирхалтай нь Япон Улсын Засгийн газар “дуугарсны” дараа Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд нөхөн сэргээлт, хариуцлагын асуудлаар “ам” нээлээ. Эл логик, дэс дараалал олон нийтийн шүүмжлэлд өртөж эмзэглэл эгдүүцлийг хүргэв бололтой. Монголын унаган байгаль, ховор ан амьтан Японы хөрөнгө оруулагчдын хайхрамжгүй, буруутай үйлдлээс болж түймэрт өртөөд 20 гаруй хонож байхад яагаад өдийг хүртэл Монгол Улсын Засгийн газар чимээгүй байв. Хатуу хариуцлага нэхэж шаардсангүй вэ. Харин тус улсын Элчин сайд байр сууриа илэрхийлсний дараа Ерөнхий сайд Н.Учрал холбогдох албаныхныг дуудаж загнасан дүр эсгэв гэдгийг шүүмжлэх хүн цөөнгүй байна.

Тэгвэл түймрийн гол буруутнаар нэрлэгдэж хохирлыг төлөх учиртай Япон Улс өөрийн орныхоо мэргэжилтнийг томилж ажиллуулна гэдгийг хэллээ. Тодруулбал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаатар нартай өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, “Мобиком корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи болон бусад албаны төлөөлөл уулзахдаа харамсаж буйгаа илэрхийлээд “Японы Засгийн газар тус бүс нутгийг нөхөн сэргээх, экосистемийг хамгаалах чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах, бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа онцоллоо.

Мөн Япон Улсын байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнийг түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газарт ажиллуулах, Монголын мэргэжилтнүүдтэй туршлага солилцох хүсэлтэй байна” гэдгийг тодотголоо.

Хариуд нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Нөмрөгийн дархан цаазат газар нь Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалсан, өвөрмөц экосистем бүхий, нэн ховор ургамал, амьтны өлгий нутаг байсныг онцлоод хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас дэлхийд ховордсон, байгалийн үнэ цэн бүхий энэ нутагт их хэмжээний хохирол учирсанд харамсаж байгаагаа илэрхийлээд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, цаашид ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг олон талын оролцоотойгоор эрчимжүүлэх шаардлагатай. Мөн түймрийн улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээлтийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд Япон Улсын туршлага, мэргэжлийн дэмжлэг чухал” гэсэн нь Японы хөрөнгө оруулагчийн хохирлыг тооцоход Япон мэргэжилтнүүдийг оролцуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн хэрэг боллоо.

Харин Ерөнхий сайд Н.Учрал албаны хүмүүсийг загнаж зандарсан дүр эсгэхдээ хилийн боомт, хилийн ангийн хоёр албан тушаалтнаар туг тахиад өнгөрлөө. Нөмрөгийн Дархан цаазат газар шатсаны буруутнаар Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулга болон Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгс нарыг бутуутгаж ажлаас нь халахаар болов. Харин хариуцах ёстой гол албан тушаалтан Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэн сугарч үлдэв.

‍