Монгол орны зүүн хязгаар, хэн хүн хөл тавьж үзээгүй ховор ан амьтан, өвс ургамлын баянбүрд болсон Дорнод аймгийн Халхгол сум Нөмрөгийн дархан цаазат газар бараг бүхэлдээ, амьтай бүхэнтэйгээ хамт галд өртлөө гэх мэдээ зураг сэлт хэдэн өдөр монголчуудын элэг зүрхийг эмтэлж орхилоо. Хэдэн өдөр дамнан тасралтгүй дүрэлзсэн энэ түймэр “Мобиком” компанийн монгол, гадаад удирдлагуудын унаж явсан машин шатсанаас үүдэлтэй. Тэр дунд манай нэр бүхий УИХ-ын гишүүн байсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. Монголчууд нийтээрээ хариуцлага нэхэж, уучлал гуйж нөхөн төлбөр төлөхийг шаардацгааж байна.

Тэгвэл дээрх харамсалтай үйл явдалтай ижил кейсийг хууль хяналтын байгууллагууд хэрхэн шийдвэрлэснийг хүргэе. Мэдээж хор хохирол бол харьцуулах аргагүй гэдгийг онцлох нь зүйтэй.

Прокурорын байгууллага ойн сан бүхий газар нутагтай Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, тал хээрийн бүс болох Дорнод аймгийн нутаг дэвсгэрт гарсан түймрийн хэргийг шийдвэрлэжээ. Ихэнх нь хүний буруутай, хайхрамжгүй ажиллагаанаас болсон байна.

Кейс 1:

-Иргэн З.М  нь 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэр “Сангийн далай” гэх байгалийн өвс ихтэй газраар явахдаа тээврийн хэрэгслийн янданд хуримтлагдсан өвсийг цэвэрлэхгүй явснаас хялбар шатах өвс, ургамал яндангийн халалтад асаж, хээрийн түймэр гарч, 23,093 га бэлчээрийн талбай шатаж, байгаль экологид 76.1 сая төгрөгийн шууд хохирол, уг түймрийг унтраахад 2.8 сая төгрөгийн зардал буюу шууд бус хохирол, мөн нэр бүхий иргэний эд хөрөнгөнд 57.8 сая төгрөгийн хохирол, нийт 136.8 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол, мөн нэр бүхий иргэний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарсан)-т зааснаар) яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд З.М-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас хээрийн түймэр гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол, мөн бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, түүний гэм буруу, эд хөрөнгийн байдлыг харгалзан, байгаль орчинд учруулсан хохиролд 76.1 сая төгрөгийг 7.6 сая төгрөгийг болгон бууруулж гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлэх, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт нийт 60.7 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.  

-Кейс 2:

-Иргэн Ц.Э нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг дэвсгэр “Дунддаваа” гэх газарт гэрийнхээ гадна ил хог хаягдал шатаасны улмаас ой хээрийн түймэр гарч, түймрийн улмаас 5,316.64 га (ой, бэлчээр, тариалангийн талбай) талбай галд өртөж, байгаль орчинд 8.6 тэрбум төгрөгийн хохирол, нэр бүхий 13 иргэн, 2 хуулийн этгээдийн эд хөрөнгө галд өртөж, нийт 139.8 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн  хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Ц.Э-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар хохирол төлөгдсөнд тооцож шийдвэрлэсэн.

Кейс 3:

- Б.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг "Хоёр даваа" гэх газарт төмөр таслагч ашиглаж байхдаа оч үсэргэсний улмаас ой хээрийн түймэр гарч, тус аймгийн Зүүнбүрэн, Хушаат сумын нутаг дэвсгэрийг хамарсан 4,128.43 га талбайд ой, хээрийн түймэрт өртөж байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол, нэр бүхий 8 иргэний эд хөрөнгө галд өртөж, нийт 90.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарсан)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Б.Т-г “гал, шатамхай эд зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой хээрийн түймэр гарч, бусдад хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт  хохирол төлөгдсөнд тооцож шийдвэрлэсэн.

                                                              ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

24.7 ДУГААР ЗҮЙЛ. ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВИХ

1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

‍