НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2025 оны Хүний хөгжлийн илтгэлийг танилцуулаад буй.

Монгол Улсын хүний хөгжлийн индекс (ХХИ) 1990 оноос хойш 26 хувиар өсөж 0.747-д хүрсэн бөгөөд өдгөө 193 улсаас 104-т эрэмбэлэгджээ.

Тухайлбал, 1990-2023 онд манай дундаж наслалт 12.9, сургуульд суралцах хугацаа 3.5, сургуульд суралцсан дундаж хугацаа 0.93 жилээр нэмэгдсэн байна. Мөн нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 148.4 хувиар өсжээ. Дэлхий болон бүс нутгийн хэмжээнд энэ нь өндөр өсөлт ч үүнээс илүү гарах боломж байсан уу гэвэл тийм. Бас Монголын эл өсөлт эмзэг, хэврэг байгааг олон улсын шинжээчид анхааруулж буй.    

Энэ удаагийн илтгэлийг “Хиймэл оюун (AI)-ы эрин дэх хүмүүсийн сонголт ба боломжууд” хэмээн нэрлэсэн нь учиртай. Дэлхий дахинд хүний хөгжлийн ахиц дэвшил удааширч буй бол эсрэгээрээ хиймэл оюун, түүний хэрэглээ асар хурдтай тархаж байна. Үнэхээр ч “Ковид-19” цар тахлын жилүүдийг эс тооцвол дэлхийн хүний хөгжлийн өсөлт 1990 оноос хойших хамгийн доод хэмжээнд хүрсэн байна. Тогтвортой өсөлт, сэргэлтийн оронд урьд өмнө байгаагүй удаан ахиц, дэвшил ажиглагдаж буй нь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хэдэн арван жилээр хойшлуулахаар буй. Манай бүс нутгийн хэмжээнд гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгуудын дөнгөж 17 хувийг биелүүлээд байна.

Өөрөөр хэлбэл, хиймэл оюуныг ашиглаж хүний хөгжлийг дээшлүүлэх үү гэдэг сорилттой дэлхий дахин нүүр тулаад байна.

Гэхдээ хиймэл оюун яаж ажиллаж, ямар гайхамшиг бүтээх нь чухал биш. Үнэндээ хиймэл оюуныг бид хэлбэржүүлж байна уу, эсвэл хиймэл оюун биднийг өөрчлөөд байна уу гэдгийг нухацтай бодох цаг ирж. Тиймээс ч хүн төрөлхтөн хиймэл оюуныг яаж ашиглах вэ гэдэгт илүүтэй төвлөрч, ёс зүйтэй, хүртээмжтэй, хүн төвтэй бодлого хэрэгжүүлэх хэрэгсэл байлгахын төлөө ажиллаж таарах нь.    

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүний хөгжлийн үзүүлэлтийг 10 байраар ахиулна хэмээн тооцож буй бөгөөд нийгэм, эдийн засгийн салбарт их өгөгдөл, хиймэл оюуны чиглэлийн 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаад байна. Үүний дагуу Монгол Улс хиймэл оюуны өнөөгийн бэлэн байдлаа үнэлж, хэтийн төлөвийнх нь судалгааг хийсэн.

Улмаар Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн төслийг эцэслэж, энэ долоо хоногоос салбар бүрийн төлөөллийг хамруулан сүүлчийн шатны хэлэлцүүлгийг үе шаттайгаар хийж байна.

Уг стратегиар Ази тивдээ тэргүүлэгч 10 улсын нэг болох зорилт тавьж, нийгэм, эдийн засгийн салбарт тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх 50 шийдлийг нэвтрүүлэх гэнэ. Тухайлбал, дундаж наслалтад сөргөөр нөлөөлдөг гол өвчтөнүүдийг эрт илрүүлэх, эмчилгээний оновчтой арга барилыг эмч нарт санал болгох болон эрүүл мэндийн байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр R&D төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж.

Гэхдээ Монгол Улсын хиймэл оюуны өнөөгийн бэлэн байдлын үнэлгээг задалж харвал, Засгийн газар үүнийг хэрэглэхэд тийм ч бэлэн бус, сайнгүй “дүн” авсан.

Бас ёс зүйн үнэлгээгээр тааруухан байгаа. Уг үнэлгээгээр манай улс 11 байр ахиж, 188 орноос 98 дугаарт эрэмбэлэгдээд буй. Нөгөө талаас технологийн суурь дэд бүтцээ улс даяар сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, 5G сүлжээг орон даяар нэвтрүүлэхэд урьдчилсан тооцоогоор нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлээс хийх шаардлагатай. Энэ удаагийн хүний хөгжлийн илтгэлтэй холбоотойгоор цахим дэд бүтэц, дата төвүүд бий болгож, хөрөнгө оруулах ёстойг НҮБ-аас зөвлөж байгаа билээ.