Одоо л шинэ тутам мэт сонсогдоод байгаа болохоос монголчууд хурганы мах хүртдэг, хүндэт зочиндоо барьдаг бүр түүгээр цай чанаж уун тамир тэнхээгээ тэтгэдэг байжээ. “Монголын нууц товчоо”-нд л гэхэд Наху баян хүү Боорчитой хамт ирсэн Тэмүүжинд тэлээ хурга гаргаж өгсөн хэмээн тэмдэглэсэн байна. Тодруулбал “Монголын нууц товчоо”-ны IX бүлэг, 93 дугаар зүйлд
“Тэмүжинд тэд тэлээ хурга алж хүнс бэлтгээд бас ганзагын тулам өгөв” гэжээ.
Цаашлаад “Монгол ардын зан үйлийн толь бичиг”, “Монгол ахуйн ёс заншлын нэвтэрхий толь” зэрэгт хурганы цай гэх хүндэтгэлийн цай байдаг талаар ч дурдсан байна. Сүрэг мал өсөх, буян хишиг тогтохыг билэгддэг энэхүү цайг мал төллөх үеэр анхны хургаараа хийдэг аж. Цайнд хурганы хавирга, ууц, заримдаа хөл, хүзүүний махыг хэрэглэдэг байна. “Хурганы мах нь шингэц сайтай, уураг, эрдэс бодисоор баялаг тул хүүхэд, хөгшид, өвчтэй хүмүүст хурдан тэжээл авдаг” болохыг ч энэхүү толь бичгүүдэд өгүүлжээ. Сонирхуулахад, тэргүүн хатагтай асан Филатова монгол хурганы махыг ихэд таашаан хүртдэг байсан гэдэг. Энэ уламжлал балартсаных уу эс бөгөөс огт мэддэггүйд үү өнөө цагийн монголчуудад хурганы махыг төдийлөн ойшоож зооглодоггүй.
Гэтэл гаднынхан төлөг, шүдлэн бус хурганы махыг л шүтээд байдаг. Ингэхээс ч өөр аргагүй. Хурганы мах бидний сорчлон хүртдэг нас бие гүйцсэн хониноос олон давуу чанартайг шинжлэх ухаан хэдийн нотолчихсон юм.
Нэн тэргүүнд хурганы мах холестерин багатай. 100 грамм хурганы маханд 96мг холестерин байдаг. Энэ нь нас гүйцсэн хонины махны холестериноос 13 мг-р бага юм. Мөн өөхөн судлын хэмжээ бага, өөхний 64 хувь нь хоргүй ханаагүй өөх байдаг. Ханаагүй өөх тос нь зүрх судасны эрүүл мэндэд тустайг та надаар хэлүүлэлгүй мэдэх биз ээ.
Хурганы мах нь өндөр чанартай уургаар баялаг, B аминдэм, цайр, төмөр зэрэг эрдсийн уурхай. Хүний биед нэн чухал найман төрлийн амин хүчлийг хамгийн зөв харьцаатайгаар агуулдаг. Тэр бүү хэл хүний бие организм бий болгож чаддаггүй нийлмэл линолений хүчилтэй. Энэ нь хүний биеийг хоргүйжүүлэх, дархлааг сайжруулах үйлчилгээтэй. Хурга хүнсний ач холбогдлоороо ч нас гүйцсэн хониноос илүү байдаг. Хурганы махаар ямар ч төрлийн хоол хийсэн бай зөөлөн шүүслэг, амттай болдгоороо онцлог. Ингээд дурдаад байвал хурганы махны сайн сайхныг хэлээд баршгүй.
Өнгөрсөн мал тооллогоор Монгол Улс нийт 57.6 сая мал тоолсноос 24.5 сая нь хонь байсан. Ингээд бодохоор Монгол Улс яах аргагүй хонины эх орон. Тийм байхад бид яагаад хурганы махаа зооглож болохгүй гэж.
Нас гүйцсэн тос өөх ихтэй хонь идсэнээс холестерин бага, уураг, эрдсийн уурхай болсон хурганы махаа хүртэж заншья л даа. Тэгж гэмээн энэ шимт мах эрүүл хооллохыг эрхэмлэдэг хэн бүхний эрэлтэд хүнс болох нь цаг хугацааны л асуудал.
Үүнийгээ дагаад малчдын орлого ч нэмэгдэнэ. Экспортоо нэмэгдүүлээд зогсохгүй дотоодын байнгын хэрэглэгчидтэй болчих юм бол малчид бага малаас их ашиг шим хүртэх бүрэн боломжтой. Хөгжингүй орнуудын тухайд хурганы махыг нас гүйцсэн хонины махнаас гуравны нэгээр илүү үнээр худалдаж авдаг. Түүнийгээ өөрийн орны хооллох соёлтой уялдуулан төрөл бүрээр амталж хүртдэг. Энэ соёлын үүсэл улбааг яривал урт аа түүх болж таарна. Яадаг ч байлаа гэсэн бид тэдэнд монгол хурганы мах гойд сэтгэгдэл төрүүлдэг нь лавтай.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр МУ-ын Засгийн Газар болон НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслийн хүрээнд “УАӨ-ийн сурвалжлагчдын корпус”-ын гишүүдийн дунд зохион байгуулагдсан “Малын гаралтай түүхий эдийг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон борлуулж буй сайн туршлага” сэдэвт бүтээлийн уралдаанд зориулан бэлтгэв.


.jpg)











