Багш нарын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 50 хувь, арваннэгдүгээр сарын 1-нээс 75 хувьд хүргэх хэлэлцээрийг МБШУҮЭ, Засгийн газартай хийв. Ингэснээр 2026 онд багшийн дундаж цалин нийтдээ 2 сая 800 мянган төгрөг болж нэмэгдэх аж. Үүнийг МАН-ын бүлэг дэмжиж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Харин эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 15 хувиар нэмэхээр болжээ. Үүнээс илүү нэмэх эдийн засгийн боломж байхгүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. Тэрбээр “Өнгөрсөн таван жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын эмч, ажилтны цалинг бодитой нэмэхээр төсөв мөнгө төсөвлөөгүй байсан бол энэ Засгийн газар үндсэн цалинг 15 хувь нэмэх гаргалгаа гаргасан. Харин 2027 оныг эрүүл мэндийн салбарыг дэмжих жил болгож 3.5 сая төгрөг болгох боломж бий. Эдийн засгаа тэлж байж цалингийн нэмэгдлийг гаргахгүй бол хоосон халаасны хаанаас нь гаргах вэ дээ” гэв.
Мөн тэрбээр “Үйлдвэрчний эвлэлийг хүрээд ир, уулзъя гэж байгаа. Ямар боломж байна хамтраад ажиллая. Ер нь үе шаттай нэмэх хэрэгтэй. Үгүй бол би ямар сүпермен биш тэр мөнгийг хаанаас гаргах вэ дээ” гэлээ.
Харин 15 хувийн нэмэгдэл хэр хэмжээний үнэлэмж вэ гэдэг тооцооллыг хийж үзье.
Энэ есдүгээр сарын байдлаар улсын дундаж цалин 2.4 сая төгрөг байна. Харин эмч нарын одоогийн цалингийн дундаж нэг сая 480 мянган төгрөг гэсэн тооцоо бий.
Хэрэв 2026 онд цалинг нь 15 хувиар нэмбэл нэг сая 702 мянган төгрөг болох нь. Эмнэлгийн эмч ажилчид багш нартай адил цалингаа 3.5 сая төгрөг хүргэх шаардлага тавьсан. Гэвч хүйтэн талбай дээр 10 гаруй хоног тэмцэж, жагссан эмч нарын цалин нэмэгдээд ч дундаж цалингийн түвшингээс хол дутах нь. Харин багш нарын цалин 2.8 сая төгрөг болох аж. Мэдээж багш нарын ачаалал их, цалин нь хүрэлцээгүй байгаа учир цалинг нэмэхийг бүгд л дэмжиж байгаа.
Эрүүл мэндийн эмч, ажилчны цалинг нэмэгдүүлэхийг мөн олон нийт дэмжиж, гарын үсэг зурсан. Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалдаг эрүүл мэндийн салбар орхигдох ёсгүй гэдгийг хаана хаанаа л хэлж буй.
Тэд нойр хоолгүй, хоногийн 24 цагаар, өндөр ачаалалттай ажиллаж байгаа ч сүүлийн жилүүдэд цалингаа дорвитой нэмүүлж чадаагүй. Харин ижил шаардлага тавьсан эмч, багш нарт Монголын төр хоёр өөр өнгөөр хандав. Товчхондоо багш нарын хүсэлтийг нааштайгаар шийдэж, эмч нарыг гомдолтой үлдээлээ.
















