Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг удирдаж байгаа хүн бол П.Наранбаяр юм. Тэгэхээр багш нарын цалин, хангамжийг нэмэх асуудал түүнд хамаарна. Гэтэл салбар тэргүүлж байгаа сайд нь багш нарынхаа цалингаа нэмэгдүүлэх шаардлагыг улс төртэй хутган, багш нарынхаа эсрэг “зогсов”. Тэрбээр “Ерөнхий сайд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчдийг өнгөрсөн 8-ны өдөр хүлээн авсан. Ерөнхий сайдын зүгээс ирэх оны төсөвт 100 тэрбум төгрөг суулгасан байгаа дээрээ нэмье гэх саналыг хүргүүлсэн. Ерөнхий сайд нэгдүгээр сарын 1-нээс багш нарын үндсэн цалинг 1,850,000 төгрөг болгох саналыг дэвшүүлсэн. Энэ нь одоогийн цалингаас 25 хувь нэмэгдэж байгаа дүн. Мөн долоодугаар сараас төсвийн орлого нэмэгдвэл 2.5 сая төгрөг, цаашид 3.5 сая төгрөгт хүргэх гурван жилийн төлөвлөгөөтэй ажиллая гэдэг саналыг Үйлдвэрчний эвлэлд дэвшүүлсэн. Гэвч үйлдвэрчний эвлэлээс шууд 3.5 сая төгрөг болгохыг шаардаж, маргааш нь ажил хаях тухай мэдэгдэл яаманд ирүүлсэн. Үүнийг туйлын харамсалтай үйл явдал гэж харж байна. Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаагүй, хүнд нөхцөл байдлыг далимдуулж улс төр хийж байна гэж үзэхээс өөр арга алга. Өнөөдөр эрх баригч нам дотроо хагарч, УИХ, Засгийн газар ажлаа явуулахад хүндрэл бэрхшээлтэй байгаа энэ үед улстөржиж байна гэж харж байгаа. Иймд үйлдвэрчний эвлэл тавьсан шаардлагаа дахин харж үзээч гэх саналыг хүргэж байна” хэмээн мэдэгдлээ. Түүнчлэн есдүгээр сарын 15-наас ажил хаялт зарлахаа мэдэгдсэн нь хууль зөрчиж байна гэдгийг хэлээд “ажил хаялт руу орвол Монголын боловсролын түүхэнд хар мөр үлдэнэ шүү” хэмээн анхаарууллаа.
Багш нар ажил хаялт зарлаж байгаа асуудал нь зөвхөн П.Наранбаяр сайдын үед үүссэн асуудал биш. Өмнөх сайд нарын үед болж л байсан. Үе үеийн сайд нар багш нарынхаа асуудлыг нь сонсож, ойлголцож, шийдвэрлэж байснаас улстөржилт, хар мөр үлдээлээ гэх мэтээр багш нарынхаа эсрэг мэдэгдэл хийж байсангүй.
Нэг жишээ сануулахад багш нарын томоохон ажил хаялт гэж нэрлэгддэг ажил хаялт 1995 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр 84 дүгээр сургуулийн нийт багш нар ажил хаяснаар эхэлсэн гэдэг. Уг ажил хаялт эрчээ авч орон даяар ажил хаялт эхэлсэн байдаг.
100 гаруй сургууль, 160 цэцэрлэгийн 6000 багш Сүхбаатарын талбайд суулт хийж, 143 хоногийн ажил хаялт үргэлжилсэн байна.
Тухайн үед ажил хаясан багш нар төр засгаас "Монголын багш нарын амьдрал туйлдаа хүрч, багш нар ганзагын наймаанд гарч, олон хүүхэд сургуулиас хоцрогдож, хөндийрсөн энэ байдал удаан үргэлжлэх боломжгүй юм. Тиймээс багш нарын цалинг 40 хувиар нэмэх, анги удирдсан, дэвтэр зассан, кабинет хариуцсан, ур чадварын мөнгийг цалин дээр олгож байх"-ыг шаардаж байжээ. Багш нарын ажил хаялт 143 хоногийн хугацаанд үргэлжилж эцэст нь төр засгаас багш нарын хүсэлтийг хүлээн авч зөвшилцсөн байна. Түүнээс хойш багш нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх асуудлаарх шаардлага, суулт, жагсаал цуглаан, ажил хаялтыг зохион байгуулж байв. Тухайн үеийн боловсролын сайд нь асуудлыг шийдэж, зөвшилцөж явсан. Зөвхөн П.Наранбаяр сайдад тулгамдсан асуудал биш. Гэхдээ тэд боловсон хүчнээ улс төртэй хутгаж байсангүй.
1995 онд цалин хүрэлцээгүйн улмаас ганзагын наймаанд явж байсан багш нар энэ цаг үед хар ажилтан болохоор харь орныг зорьж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын цалин хангамжийн асуудал гэдэг зөвхөн багш нарын амин хувийн асуудал биш болоод байна. Монголын хүүхэд бүрийн ирээдүйн боловсролын асуудал болсон. Нөгөөтээгүүр багшийн хүрэлцээ дутмаг, энэ чиглэлээр ажиллах сонирхолтой хүний тоо цөөрсөөр байна. Гэтэл цалингаа нэмэгдүүлэх зүй ёсны шаардлага тавьж, эвлэлдэн нэгдэж, жагсах, ажил хаях эрхээ эдлэх гэснийхээ төлөө тэд боловсролын салбарт “хар мөр үлдээгч” хэмээн нэрлэгдэхэд хүрчээ. Салбарынхаа асуудлыг шийдэх атал нэг намын улс төр рүү “бухаж” суугаа П.Наранбаяр сайд одоо байгаа боловсон хүчнээ харь улс руу алдаж боловсролын салбарт хөр мөр үлдээх вий.
















