Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа томилогдож, салбартайгаа танилцах “дадлага” хийсээр явна. Тэрээр энэ зуураа хаяагаа манаж эрчим хүчний үнийг үе шаттай нэмэх нь байна шүү гэсээр буй. Үтэр түргэн үнээ нэмээд авбал л барав гэж шинэхэн сайд бодож байгаа бололтой.
Сайдын суудалд суучихвал долоон буудлын Должин эмээ ч эрчим хүчний үнэ нэмнэ гээд хэлчхэж чадна л даа. Эрчим хүчний үнэ нэмлээ гээд энэ салбарын бүх асуудал үүл цэлмэх шиг шийдэгдчихдэг бол яая гэхсэн. Гэтэл үнэ нэмэхээс урьтаж өөрчлөх, шинэчлэх зүйл Эрчим хүчний салбарт олон байна.
Эхлээд цахилгаан шугамын алдагдлаа шийдэх ёстой. Крантаа хаагаагүй байж илүү зардал, мөнгө ярих нь илүүц.
Сүүлийн 10 жилд гэхэд дулаан эрчим хүчний шугамын алдагдал 3-4, цахилгаан эрчим хүчний алдагдал 13-15 хувьд хүрсэн.
Өөрөөр хэлбэл үйлдвэрлэсэн 100 кВт·ц цахилгаанаас ойролцоогоор 13–15 кВт·ц нь хэрэглэгчид хүрэх замдаа алдагддаг гэсэн үг.
Зарим урт дамжуулах шугамд 25–30 хувь хүртэл алдагдал гардаг гэж ч яригддаг.
Цаашлаад сэргээгдэх эрчим хүчний асуудал, түүнийг дагаж урсдаг мөнгөн дүнг анхаарах ёстой. Манай улс өнөөдөр асар их нар, салхины нөөцтэй хэр нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ердөө 7 хувийг эзэлж байна.
Гэхдээ энэ 7 хувьд зориулж хэдэн тэрбумыг хийсгэж байгаа. Энэ өртөг хэр үр дүнтэй байгаа ер нь Эрчим хүчний салбарын авлигал хээл хахууль хэр хэмжээнд хүрсэн бэ гэдгийг сайтар нягтлах ёстой. Гол нь сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц, төсөл хөтөлбөр, хууль эрх зүйд онцгой анхаарах нь магад бидний цаашдын аврал биз ээ.
Ер нь тэгээд энэ бүхнийг шийдэх шийдлийг ярих бус үргэлжлэх, үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй цахилгаан станцууддаа найдаж, үнэ нэмэхээс өөр хийх ажилгүй мэт яваа Б.Найдалаад найдах хэрэг байна уу. Энэ л янзаараа өвөлтэй золгож, 21 дүгээр зуунд хүжийн гэрэлд “гэгээрэх” хэрэг болох вий дээ, та минь.













.jpg)
.jpg)

