Боловсролын үнэлгээний төвөөс Монгол хэл бичгийн шалгалтыг энэ сарын 9, 10-нд зохион байгуулсан. Энэ жилийн хувьд уншиж ойлгох чадварыг сорьсон даалгаврын хүрээнд Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын "Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэгийг оруулж ирсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна. Тус өгүүллэгтэй холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвөөс тайлбар мэдээлэл гаргажээ. Уг тайлбарт "Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын хүрээнд 2014 оноос эхлэн жил бүр Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулж ирсэн. Тус шалгалтын агуулгын хүрээг Хэл зохиолын хүрээлэн болон багш бэлтгэдэг их, дээд сургуулийн судлаач, багш нартай хэлэлцэн тодорхойлж гаргасан байдаг.
Шалгалтын агуулга нь:
1. Эхийг уншиж ойлгох чадвар
/орчуулгын бус нэг эхийг уншиж ойлгоод, тухайн эхийн утга агуулгатай холбоотой сонгох хэлбэрийн 10 даалгавар гүйцэтгэнэ/
2. Зөв бичих чадвар
/80-100 үгтэй эх, цогцолбор, өгүүлбэрээс алдаатай бичсэн 5 үгийг олоод зөв болгон засаж бичих задгай хэлбэрийн 1 даалгавар гүйцэтгэнэ/
3. Үндэсний бичгийн уншиж чадвар
/35-50 үгтэй цогцолбор, өгүүлбэрийг үндэсний бичгээс кирилл бичигт хөрвүүлэх задгай хэлбэрийн 1 даалгавар гүйцэтгэнэ/
4. Зохион найруулан бичих чадвар
/өгсөн сэдвийн дагуу 200-250 үгтэй эх зохион найруулах задгай хэлбэрийн 1 даалгавар гүйцэтгэнэ/


Энэ жилийн шалгалтад өмнөх жилүүдийн болон одоо ЕБС-д суралцаж байгаа X, XI, XII ангийн 90.000 орчим шалгуулагч хамрагдсан.


Энэ удаагийн 12 дугаар ангийн суралцагчдаас авсан шалгалтад Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн соёрхолт Цэндийн Доржготовын "Хүруун чинээ лааны гэрэл"-1999, "Хөгшид хөгжөөнтэй"-2009, "Нохой гэрт хүн урдаггүй"-1980 өгүүллэгүүдийг сонгон хялбаршуулж уншиж ойлгох чадварыг сорьсон даалгаврыг боловсруулсан. Цаашид энэ сонголтод уран зохиолын төдийгүй уран зохиолын бус эх /шинжлэх ухаан, танин мэдэхүйн, баримтат судалга, шинжилгээний/-ийг ч мөн сонгож шалгуулагчийн бичвэр мэдээллийг уншаад ойлгох чадварыг илрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Харин Зохион найруулан бичих чадвар шалгасан даалгаврыг "Миний сонгосон мэргэжил", "Миний зорилго", "Миний мөрөөдөл" гэх хүн бүрд ойр зорилго, хүсэл тэмүүллээ илэрхийлэхүйц сэдвийг сонгон авсан.
"Нохой гэрт хүн урдаггүй" өгүүллэгийн тухайд:
Түгжавын дүрийг нохойн дүртэй зэрэгцүүлэн бэлгэдэл маягаар үзүүлсэн, морийг нь боргох төдийд их л сандран малгайгаа өмсөж хүнийрхүү байдлаар цомцойн сууж байгаа Түгжав нь гэрээс сүүлээ хавчин гарч буй нохой шиг л юм гэдгийг харуулсан бөгөөд үүнийг зөвөөр ухаарах нь амьдралд хөл тавьж буй хэн бүхэнд сургамжтай агаад өөрөө өөртөө эзэн байж, амьдрал өөрийн байх ёстой газраа байх ёстой цагтаа байж гэмээнэ сая тэр өөрийн гэр бүл, амьдрал, ажил, нийгэм хамт олон цаашлаад улс орон, эх дэлхийнхээ эзэн нь байх юм гэдгийг сануулсан утга бүхий зохиол юм" хэмээжээ.