Улс төрийн нам бол ардчиллын хамгийн чухал амин сүнс, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэгч. Мөн татвар төлөгчдийн мөнгөөр “цалинждаг” олон нийтийн байгууллага төдийгүй бидний өмнөөс эрх мэдэл эдэлж, баялгийг хуваарилдаг онцгой институц учраас зөнд нь орхиж, хаяж болохгүй. Харин ч бүр олон нийтийн хараа хяналтад оруулж, санхүү, хөрөнгөөс эхлээд ил тод, шилэн байх учиртай. Үүний төлөө улс төр судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд тасралтгүй тэмцэж, олон улсын байгууллагууд шахаж шаардаж ирсний үр дүнд 30 жилийн дараа Улс төрийн намын тухай хууль бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдээд буй юм.

2023 оны долоодугаар сард парламент Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн баталснаар Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүрэн ил болох, хариуцлагатай, дотоод ардчилалтай байх эрх зүйн боломж баталгаажсан.

Ялангуяа, намууд дотоод ардчилалтай, идэвхтэй “амьд” байх хөшүүргийг энэ хуулиар бүрэн зохицуулж өгсөн. Тиймээс намууд олон нийтийн байгууллага гэдгээ ухамсарлаж өөрчлөлт шинэчлэлтийг хүлээж авч хэрэгжүүлэх, манлайлах цаг нь ирсэн. Гэтэл эрх баригч намын бүлэг төр, иргэний нийгмийн байгууллагын энэ олон жилийн хичээл зүтгэл, ойлголцол, хэвлэл мэдээллийн байгууллагуудын шахалт шаардлагын үр дүнд бий болсон улс төрийн намын дотоод ардчилал, тогтолцооны өөрчлөлтөөс ухрах шийдвэрийг  гишүүддээ тулгаж, гарын үсэг зурж баталгаажуулахыг шахаж эхэлжээ.

УИХ-ын дахь Монгол Ардын Бүлгийн Шийдвэр гэсэн төсөлд

-Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, иргэдийн амьдралын чанарыг ахиулах, төр засгийн тогтвортой шуурхай ажиллагааг хангах Монгол Ардын Намын бага хурлын II хуралдааны 04, 05, III хуралдааны 05, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн А/11 дүгээр тогтоолуудтай танилцаад Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын Бүлгийн гишүүд бид дараах  чиглэлийг цаашдын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахаар шийдвэрлэлээ.

Үүнд:

1. Монгол Ардын Намын үзэл баримтлал, үнэт зүйл, үндсэн дүрэм, намын бүлгийн дүрэм, хуралдааны дэгийг чанд мөрдөж, дотоод эв нэгдлийг хангаж, намын их, бага хурал, намын даргын болон удирдах зөвлөл, бүлгийн хуралдаанаас гаргасан улс төрийн шийдвэрийг 100 хувь дэмжин хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын нэгдсэн чуулган, байнгын хороо, дэд хороод, ажлын хэсэг, бүлгийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд бүрэн суух;

2. Үндэсний язгуур эрх ашгийг эн тэргүүнд тавьж, 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд Монгол Ардын Намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах төрийн бодлого, эрх зүйн орчныг цаг алдалгүй шуурхай бүрдүүлэхэд идэвхтэй ажиллаж, ирэх онуудын шат шатны ээлжит сонгуулиудад амжилттай оролцох бэлтгэлийг хангах, олон улсын геополитикоос үүдэлтэй эдийн засгийн хямралт байдлаас урьдчилан сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах, хариу арга хэмжээний нөөц төлөвлөгөө, баялаг бүтээгчдийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бодлого, эрх зүйн орчныг шуурхай бүрдүүлэх хүрээнд Монгол Ардын Намын даргын тэргүүлэх Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад 100 хувь санал нэгдэж, бүх талаар дэмжлэг үзүүлэх болно... гэжээ.

Эндээс харвал, эрх баригч нам бүлгийн гишүүдээ бүрэн хайрцаглаж, намын бодлого шийдвэрийг 100 хувь дэмжих, Засгийн газрыг тогтвортой ажиллуулахад 100 хувь санал нэгдэж бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэсэн бичигт гишүүдээр гарын үсэг зуруулахаар танилцуулжээ. Өөрөөр хэлбэл, бидний өмнөөс эрх мэдэл эдэлж, баялгийг хуваарилдаг онцгой институц болох нам ямар ч дотоод ардчилал, итгэл үнэмшил, оюун дүгнэлт, олон ургалч үзэл, санал шүүмж бүхий хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр намын шийдвэрээ бүлгийн 68 гишүүндээ бүрэн тулгах. Мөн УИХ-ын хяналтад байж ажлаа тайлагнах учиртай гүйцэтгэх засаглалыг шүүмжлэх, шахаж шаардах, хариуцлага тооцох механизм алдагдах аюултай. Цаашлаад парламентын ардчиллын дархлаа, УИХ-ын гишүүдийн халдашгүй байдал гээд олон сөрөг ноцтой үр дагавар бий болох эрсдэлтэй юм. МАН-ын даргын удирддаг  гүйцэтгэх засаглал намын бүрэн хамгаалалтад орж, хяналтгүй болохыг ч эхнээсээ судлаачид шүүмжилж байна.

Товчхондоо, МАН 30 жилийн дараа “амилсан” улс төрийн намын дотоод ардчилал, шинэ соёл, тогтолцооны өөрчлөлтөөс ухрах уу. Үүний тулд намын гишүүдээ шахаж, хайрцаглаж эхлэв үү гэдэг нөхцөл байдал бий боллоо.  

Улс төрийн намын хуулийн шинэчлэлийн талаар МУБИС-ийн багш, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од mongoliapress сайтад ярихдаа “Нам гэдэг бол эвлэлдэн нэгдэж улс төрийн хүсэл зорилгоо биежүүлэх зорилготой иргэдийн нэгдэл. Та хэний ч шахалтгүйгээр сайн дураараа улс төрийн хүсэл зорилгоо биежүүлэхийн тулд эвлэлдэн нэгдсэн тул үүнийхээ төлөө шийдвэр гаргах түвшинд оролцох ёстой.

Өнгөрсөн 30 жилийнх шиг зөвхөн сонгуулийн үед амилаад бусад үед чимээгүй болдог байж болохгүй. Сонгуулиас сонгуулийн хооронд олон нийт рүү ажилладаг, бодлого боловсруулдаг, иргэдийн улс төрийн боловсролыг дэмждэг, гишүүдээ идэвхжүүлэх ажлуудыг тогтмол хийж байх ёстой. Намын дотоод үйл ажиллагаа ардчилсан, нээлттэй, хурлын протокол, бүтцийн байгууллагуудынхаа бүрэлдэхүүнийг сонгуулийн хороонд өгдөг байх ёстой гээд бүгдийг тодорхой заачихсан.

Өмнө нь тодорхой нэг амбицтай, улс төрийн сонирхолтой, карьер хөөе гэж байгаа хүмүүс өмнүүр нь ороод дураараа шийдвэр гаргадаг байсан байж магадгүй. Одоо бол нам гишүүддээ үйлчилнэ. Харин гишүүдийнхээ оролцоог хангах ёстойг нам, гишүүн хоёрт хоёуланд нь үүрэг болгосон нь дотоод ардчиллыг хангах маш том хөшүүрэг.

2023 оны долоодугаар сард Улсын Их Хурал Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа Европын орнуудын сайн туршлага, зохицуулалтыг шингээж хэрэгжүүлэх механизмд нь онцгой анхаарсан. Тухайлбал, манайхан намд гишүүнээр элссэн л бол үүрэг хүлээхгүй явсаар 30 жил өнгөрлөө. Одоо бол нам тасралтгүй үйл ажиллагаа явуулах, амьд байх үүрэгтэй болж байна. Ингэж улс төрийн намын хөрөнгө орлого ил тод, нээлттэй, хариуцлагатай, дотоод ардчилалтай байх санаачилга хуульд тусгалаа олоход МАН, АН, ХҮН нам болоод бусад намууд улс төрийн манлайлал үзүүлсэн гэдгийг онцлох ёстой. Харин одоо дараагийн алхам болох хууль хэрэгжих нь дахиад л улс төрийн намуудын манлайллаас шалтгаална.

Өмнө нь улс төрийн намууд дотоод ардчилалтай байна гэж заасан боловч яаж, хянаж хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт байгаагүй. Улс төрийн намуудыг Улсын Дээд шүүх дээр бүртгээд орхичихдог, хэнд ч тайлангаа өгдөггүй. Санхүүгийн үйл ажиллагаагаа олон нийтэд ил болгоно гэсэн атлаа хэн ч хянаж, хариуцлага тооцдоггүй байлаа. Харин одоо улс төрийн намын үйл ажиллагааг санхүүгээр нь дамжуулж хянах, төрөөс хэсэгчилсэн дэмжлэг олгох, зогсоох гэх мэтчилэн бүх харилцааг Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн. Нам тухайн оны долоодугаар сард хагас жилийн үйл ажиллагааны санхүүгээ, дараа оны хоёрдугаар сард багтааж жилийн эцсийнхээ санхүүгээ тайлагнах үүрэг хүлээж байгаа. Хувийн болон төрийн санхүүжилтийн хамаарал болоод, гишүүдийн татвар, хандив үйл ажиллагаатай хэрхэн нийцэж буйг аудит хянана. Тайланг нам болон Сонгуулийн ерөнхий хороо нийтэд ил тод болгоно. Ийм механизмыг бий болгож өгснөөрөө нам нийтийн, төрийн бас бусад намуудынхаа хяналтад орж ирэх цоо шинэ соёл бий болно.

Одоо бүх зүйл өөрчлөгдөх гэж байна. Өнгөрсөн 30 жилийг мартъя. Зууралдах хэрэггүй. Ирээдүй рүү гээ харж бүрэн өөрчлөгдөх боломж бүрдэж байна. Ингэж байж нам амьд байх юм. Хүссэн хүсээгүй улс төрийн намууд төлөвшихгүй бол болохгүй юм байна гэдгээ ойлгочихлоо. Тиймээс намууд улс төрийн зориг гаргаж хууль эрх зүйн орчныг шинэчилсэн дээрээ хэрэгжилтэд үүрэг, манлайллаа харуулах хэрэгтэй” гэж ярьсан.

Тиймээс МАН болоод намын гишүүд дотоод ардчиллаа хамгаалж үлдэх, Улс төрийн намын тухай хуулиа хэрэгжүүлэхэд манлайлах, улс төрийн намын шинэ соёл, тогтолцооны өөрчлөлтийг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй гэдгээ мартаж болохгүй.