Мэдээллийн технологийн салбарын "зүрх" болсон IT Park үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлд орсныг тус паркийн захирал Ж.Золзаяа мэдэгдлээ. Тэрбээр “ Төрийн иргэн, аж ахуйн нэгжээ дарамталж, туйлдуулдаг систем, тэр дундаа зүтгэсэн хүндээ ээлгүй, бүтээлч сэтгэлгээг боомилдог орчин салбарын хөгжлийг гацааж байна.
2023 оноос хойш бид бүх ажлаа нээлттэй болгож, IT Park-ийг зөвхөн түрээсийн байр биш, технологийн ирээдүйн гүүр болгохын төлөө зүтгэсээр байна. Бусад улс орнуудын паркуудын хөгжлийн жишгээр олон улсын жишиг парк болох зорилго тавьж технологийн экосистем бүрдүүлэхийн төлөө шат дараалласан амбицтай ажлуудыг хийж байгаа боловч нөгөө л өмч, шүүх, хөшүүн системийн гацаанд байсаар байна.
Тиймээс өнөөдөр миний бие энэхүү мэдэгдлийг хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ.
1. ТӨР ОЮУНЫ УУРХАЙГАА ДЭМЖИХ БУС ДАНСЫГ НЬ БИТҮҮМЖИЛЖ ЧӨДӨРЛӨДӨГ!
Бид олон жил бугшсан хууль бус асуудлуудтай нүүр тулж, Өргөө-2 кино театрын түрээслэж байсан талбайг шүүхээр ялж авсан. Уг нь энэ талбай бол угаасаа л Төрийн өмч. Бид төрийнхөө өмчийг хувийн хэвшлийн хууль бус эзэмшлээс салгаж, "эзэнд" нь буцааж өгөхийн төлөө тэмцсэн. Гэтэл өнөөдөр үүссэн нөхцөл байдал нь яг л "Гудамжинд хүн зодуулж байхыг хараад, танихгүй хүнийг өмөөрч салгасныхаа төлөө өөрөө цагдаад сэрдүүлж, чөдөр дөнгө авч буй" мэт инээдтэй бөгөөд эмгэнэлтэй дүр зураг болоод байна.
Шүүхийн маргаан дээр олон тэрбум төгрөгийн нэхэмжлэл яригдаж байсныг бид олон удаагийн, хүнд хэцүү шүүх хурлын дүнд 791 сая болтол бууруулж, төрийн ачааг хөнгөлсөн ч энэхүү ялалтын "төлөөс" нь 791 сая төгрөгийн өр болж хувирлаа.
Үүний улмаас төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр, өөрийн хүчээр ашигтай ажиллаж ирсэн манай байгууллагын бүх дансыг 17 хоногийн өмнө хааж, дансанд мөнгө байгаа ч ажилтнуудын цалин, урсгал зардлыг шийдэж чадахгүй байна.
Одоогоор манай баг хамт олон, ажилтнууд маань зөвхөн итгэл үнэмшлээрээ ажлаа үргэлжлүүлж байгаа ч тэднийг хохироож буйд туйлын харамсаж байна!
Хуулийн үндэслэлийг харвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн дагуу төрийн өмчит байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоох, цалин хөлс хаах замаар данс битүүмжлэх нь үндсэн чиг үүрэгт халдаж буй хэрэг гэж заасан. Тиймээс энэ бол төрийн байгууллагыг зориудаар үйл ажиллагааг нь доголдуулж, шахалтад оруулсаар дампууруулаад, татан буулгалаа гэж нийтэд мэдээллэн, өмч хөрөнгө барилга байгууламжийг нь хямд авч үгүй хийдэг тогтсон технологи нь ажиллаж байна гэж үзэж байна.
2. 20 УДААГИЙН "ЭС ҮЙЛДЭХҮЙ" БУЮУ ТӨР ӨМЧӨӨ ХАМГААЛДАГГҮЙ!
Бид энэ бүх хугацаанд зүгээр суугаагүй, асуудлыг урьдчилан харж, шийдэл хайж "Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сангийн яам, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ерөнхий сайд руу гээд нийт 20 орчим удаагийн албан бичиг явуулсан. Агуулга нь ердөө л "Бид төрийн өмчийг хамгаалж үлдлээ, олон тэрбумын нэхэмжлэлийг 791 сая болгож буурууллаа, одоо энэ төлбөрийг нь шийдэж өгөөч, үйл ажиллагааг маань гацаахгүй байх тал дээр дэмжээрэй" гэсэн хүсэлт. Мөн төлөлтийн хуваарь тохирон төлөлт хийх хүсэлт хүртэл явуулсан, араас нь хөөцөлдсөн. Угтаа IT Park 2026 онд их бүтээн байгуулалт хийгээд өргөөгөөс авдаг байсан 2650 м2-д сард 16 сая төгрөгийн түрээс төлдөг байсныг, төрийн өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулж 100-д сая төгрөгийн орлого олдог болох боломжтой юм. Гэвч харамсалтай нь, нэг хоёр бичгийн хариуг эс тооцвол бодитой үйлдэл хийсэнгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс Өргөө өдөр шөнөгүй дансыг чинь битүүмжил гээд байна гэх, ТӨБЗГ -аараа Өргөө захирал руу яриулж хэлцэл хийх уулзалт хийе гэхээр дээгүүр /Содмонгол/ мэдэж байгаа би мэдэхгүй гэх, СТӨ-ний байрыг нийслэл нь авна гээд мэдээлэл явж байсан, хотын төвийн IT-ийн цагаан байр, газарт одоо хүртэл санаархан, биднийг эцсийн мөч хүртэл туйлдуулж авах санаатай байдаг байх.
Төр өөрийн өмчөө хамгаалж чадаж байна уу, эсвэл хамгаалсан дүр эсгээд дунд нь стратегийн байгууллагаа өөрөө сөхрүүлж байна уу?
3. ВИРТУАЛ БҮС БА AI CENTER ЭХЛЭЛИЙГ ХУРДАСГАЯ!
Мэдээллийн Технологийн Үйлдврлэлийг Дэмжих Хууль нь батлагдаж журам нь хэрэгжих нөхцөл байдал бүх шатанд үүссэн ч "Виртуал Бүс" амилахгүй байна. ЦХИХХЯ-ны хамт олон, УИХ-ын дэргэдэх ИЦБХ-ын дэд хороо бүх хүч чадлаараа дэмжин хамтран ажиллаж байгаа ч бусад төрийн байгууллагууд болгоё гэсэн хичээл зүтгэл, сэтгэл байхгүй. Үндэсний зөвлөл нь хуралдахгүй хойшилсоор, 100 гаруй технологийн компани татварын хөнгөлөлтөө авч чадахгүй гацсаар байна. Бид энэ жил “Бүтээн байгуулалтын жил ” болгон зарлаж, хойд жигүүртээ олон улсын байгууллага, хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр “ITPARK 2.0-AI Center” байгуулахаар олон улсын жишиг рүү тэмүүлж байгаа ч эдгээр асуудлаас болж удаашралтай байна.
Бидний дэргэд буй Казастан улсын “Астана хаб” 8-хан жилийн дотор улсынхаа бодлогын дэмжлэг, хөрөнгө оруулалтаар асар хурдтай хөгжиж төв азийн технологийн хаб болж, 1 юникорн компанитай, экспортоо 681 сая долларт хүргэж, саяхан Alem.ai олон улсын хиймэл оюуны төвөө нээгдлээ. Гэтэл манайд салбарын хөрөнгө оруулалт байхгүй, хууль нь амилахгүй, парк нь үйл ажиллагаа нь зогсох эрсдэлтэй, бизнесүүд нь татварын өртэй, ийм л байна. Угтаа байр, шүүхийн асуудалд санаа зовох бус хэрхэн технологийн экспортоо нэмэгдүүлж, гадаад харилцаагаа сайжруулж, юникорн компани бий болгож, МУ-ын эдийн засгаа солонгоруулах бэ гэдэгт санаа тавьж, ажиллах газар юм.
ТИЙМЭЭС ТӨРИЙН УДИРДЛАГУУДАА:
Технологийн салбарыг "Ирээдүйн оюуны уурхай" гэж харж байгаа бол:
- Дансны битүүмжлэлийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх,
- Ажилтнуудын цалин, хөлс болон байгууллагын урсгал зардлыг хэрхэн гаргах дээр бодлогын болон хууль зүйн яаралтай дэмжлэг үзүүлж, ажилтнуудын эрхийг хамгаалах,
- Парк статустай болгож, технологийн төв олон улсын жишгээр бие даасан хурдтай хөгжих боломж бүхий статустай болох боломжийг нээж өгөхийг хүсч байна.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭХЭД:
Бид шантарч зогсох гэж бус, харин энэ гацаанаас гарах шийдлийг хайж байна. Дарга нараа, мэдээллийн технологийн салбарын хөгжил, дижитал шилжилтийг индэр дээрээс гоё ярихаас илүүтэйгээр бодит асуудлыг шийдэж одоо л "нүд, чих" -ээ нээхгүй бол ирээдүй биднийг хүлээхгүй!
Монголынхоо цор ганц Мэдээллийн технологийн үндэсний паркаа олон улсын жишигт хүргэн олон олон энтрепренер залуустаа ажиллах боломж олгоход төрийн шийдвэр гаргагч нар анхаарч дэмжин ажиллана гэдэгт итгэж байна.
Хүндэтгэсэн,
Ж.Золзаяа
2026.04.06















