Монгол хэл бичгийн шалгалт удахгүй болох гэж байна. Энэ цаг үед Боловсролын үнэлгээний төвийн дарга Э.Цэрэнцоодолтой Монгол хэл бичгийн шалгалт болон ЭШ-ын бэлтгэл ажлын талаар ярилцлаа.
-Элсэлтийн шалгалт /ЭШ/-ын өмнө явагддаг Монгол хэл бичгийн шалгалт хэдхэн хоногийн дараа болох гэж байна. Зохион байгуулагчдын хувьд бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгнө үү?
-Боловсролын үнэлгээний төв Боловсролын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 11-д зааснаар Боловсролын бүх шатны байгууллагын хүний эзэмшсэн мэргэжлийн үнэлэх, баталгаажуулах үндсэн чиг үүрэгтэй. Нэгдүгээрт, Монгол хэл бичгийн шалгалт суралцагчдын эх хэлний мэдлэг чадварыг сорьдог, 400-н босго оноотой стандарт шалгалт юм. Хоёрдугаарт, ЭШ буюу уралдаант шалгалт юм. Элсэлтийн шалгалт нь шалгуулагчдыг хэмжээст оноогоор нь цуваанд оруулан эрэмбэлдэг, уралдаант шалгалт юм. Хүмүүс энэ хоёр шалгалтыг холиод байдаг. ЭШ-д Монгол хэлний шалгалт гэж байдаг. Энэ шалгалтыг Монгол хэл, утга зохиолын мэргэжил сонгох зорилготой хүүхдүүд өгдөг. Өөрөөр хэлбэл, нэг нь босго давах буюу стандарт шалгалт, нөгөө нь эрэмбэлэн жагсаах уралдаант шалгалт юм.
-Монгол хэл бичгийн шалгалтыг цахимаар зохион байгуулна гэж байсан. Гэвч хэрэгжилт нь хойшилсон талаар мэдэгдэл гаргасан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид Монгол хэл бичгийн шалгалтыг сургууль төвтэй зохион байгуулъя гэж уг шийдвэрийг гаргасан. Энэ нь суралцагч сургууль дээрээ бүртгүүлнэ, төлбөр тооцоогоо хийнэ, шалгалтаа өгнө гэх мэтээр шалгалтын бүх процесс зөвхөн сургууль дээр зохион байгуулах байсан. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд бүх сургуулийг суралцахуйн удирдлагын систем (LMS)-д нэвтрүүлсэн байгаа. Боломжийн сайн систем учир үүн дээр нь тулгуурлах гэж оролдсон. Гэвч гуравдугаар сарын 7-нд зохион байгуулсан турших шалгалт бидний санасан хэмжээнд хүрээгүй.
Хэдийгээр LMS сургууль бүр дээр ажиллаж чадаж байгаа ч улсын чанартай, өргөн хэмжээний, нэг удаад 30-40 мянган хүүхдийн шалгалтыг нэгэн зэрэг зохион байгуулахад хангалтгүй, учир дутагдалтай байна гэж үзсэн.
Программ хангамжийн шинэчлэл хийх, серверийн ачаалал тооцох зэрэг асуудал тулгарсан. Хэрэв энэ хэвээр шалгалт зохион байгуулсан бол шалгуулагчдыг 70-80 хувьтай хамруулахаар байсан. Гэвч манай байгууллагын зорилго бол нэг ч хүүхдийг үлдээхгүй хамруулах юм. Манай үзүүлэлт 100 хувь л байх ёстой. Тухайн хүүхэд дараагийн шатны боловсролын байгууллагад ороход шууд хэрэглэгдэх шалгалт учир техникийн асуудлаас болж хүүхэд үлдэх ёсгүй.
-20-30 хувь нь шалгалтад хамрагдаж чадахааргүй байсан гэсэн үг үү?
-Зарим сургуулийн хувьд маш бага хувьтай байхад, зарим нь 95 хувьтай байсан. Гэхдээ бидэнд 95 хувь байгаад ч хангалтгүй. Заавал 100 хувьтай ажиллах ёстой. Тиймээс уламжлалт аргаар зохион байгуулах нь эрсдэл багатай гэж үзэн энэ удаагийн цахим шалгалтыг цуцалсан.
-Сүлжээний асуудлаас болж хойшилсон гэж ойлгож болох уу?
-Тийм. Ер нь зохион байгуулалт дээр асуудал гараагүй. Интернэт хурд, программ хангамж, ачаалал даах чадвар нь хангалтгүй байна гэж үзсэн. Уг нь цахимаар болсон бол цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт, шалгуулагчдын аюулгүй байдал, шалгалтаас хоцрох, авто замын осол гэх мэт эрсдлүүд байхгүй болно гэж тооцсон. Хоёрдугаарт, босго онооны болзол хангаагүй бол дахин шалгалтыг хэд хэдэн удаа өгөх боломж нээгдэх байсан. Гуравдугаарт, сургалтын байгууллагын оролцоог нэмэгдүүлэхийг зорьсон. Тухайн сургуулийн боловсруулсан бүтээгдэхүүн ямар хэмжээнд үнэлэгдэх ёстой вэ гэдэгт сургууль оролцоотой байх ёстой. Сургалтын байгууллага зохион байгуулалтад нь оролцож, гарч байгаа үр дүндээ үнэлэлт дүгнэлт өгөх, дараагийн хүүхдүүддээ зөвлөгөө өгөх зэрэг эерэг үр дүнтэй. Нөгөө талдаа, БҮТ хатуу шаардлага тавьж, хатуу даалгавраар шалгалт аваад байгаа юм шиг ойлголт байдаг. Энэ мэт оролцоог нь нэмэхийг зорьсон.
Гэвч энэ удаад хойшлогдож байгаа ч боловсролын цахим шилжилт гэдэг утгаараа ойрын жилүүдэд дээрх зөрчлүүдийг арилган цахим шилжилтийг хийх болно. Тиймээс энэ удаагийн Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд уламжлалтаар зохион байгуулна.
-Өнгөрсөн жилийн ЭШ маш олон асуудал дагуулсан. Энэ асуудлыг дахин давтуулахгүй байх нь чухал. Энэ чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?
-Энэ жилийн ЭШ-ыг зургаадугаар сарын 25-наас 28-ны хооронд зохион байгуулна. Хуваарийн дагуу бэлтгэл бүх ажил хийгдэж байгаа. Бид нэн түрүүнд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байна.
Хар машин буюу скантрон машинуудаа шинэчлэхээр тендер зохион байгуулж байна.
Учир нь одоо хэрэглэж байгаа машинуудыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2018 онд авсан. 7-8 жил болчихсон учир гацах зэрэг асуудал гарч, 2-3 цаг хүлээлгэсэн тохиолдол бий. Тиймээс акталсан. Өнгөрсөн жил гарсан асуудлууд тодорхой хэмжээнд шийдэгдэнэ гэж харж байна. Манай БҮТ-ийн шалгалтын бэлтгэл ажил хоёрдугаар сарын 1-нээс эхэлдэг. Маш нүсэр ажил байдаг. Даалгавар боловсруулалт, хүүхэд бүрийн хэрэглэх хэрэглэгдэхүүнийг савлаж, хянагч багш нараа бэлтгэдэг. Бид нэг шалгалтыг авахын тулд хамгийн багадаа хоёр сарын өмнөөс эхлэн бэлтгэдэг. Энэ уламжлалт бэлтгэл ажлууд хуваарийг дагуу явж байна.
-Хар машинаа шинэчилж байна гэлээ. Программын хувьд бас шинэчлэгдэх үү?
-Программ хангамж тоног төхөөрөмж дагаад сайжирна.
-Даалгавар хүнд байна гэдэг асуудал жил бүр сөхөгддөг. Өнгөрсөн жил нутгийн аялгууны үг оруулж ирсэн байна гэх зэрэг асуудал яригдсан.
-Даалгаврын хүнд хөнгөний асуудал дээр блюпринтийн дагуу зохиодог ба судлагдахуун бүр дээр эксперт багш ажилладаг. Нэг талаас нь харвал бидний гаргадаг блюпринт даалгаврын агуулга, хүрээнээсээ хэтрээгүй.
-Оноожуулалт, хэмжээсжүүлэлтэд ямар нэг өөрчлөлт орох уу?
-ЭШ нь стандарт шалгалт учир стандарт хангуулж, эрэмбэлдэг. Үүн дээр МУИС-ийн профессоруудтай хамтарч арга аргачлалыг нь шинэчлэхээр ажиллаж байна. Бид олон улсын стандартаа барьдаг, дэлхий нийтээр хэрэглэдэг арга аргачлал учир огцом өөрчлөгдөх зүйл байхгүй. Гэхдээ арга аргачлалыг нь хүнд ойлгомжтойгоор тайлбарлах асуудал яригдаж байгаа.
-Даалгавар задарчихлаа гэж ярьдаг. Ер нь тийм боломж байдаг юм уу?
-Даалгавар задарна гэдэг асуудал байхгүй. 20 жил ашиглаж байгаа технологийнхоо дагуу буюу тагнуул, цагдаагийн хяналт дор бүх процесс явагддаг. Шалгалтын материал хүүхдийн ширээн дээр очтол тухайн хоёр байгууллага хяналт тавьж байдаг гэсэн үг.
Хоёрдугаарт, шалгалт зохион байгуулж байгаа багш нарыг тусгаарладаг. Шалгалт дуустал багш нар вакум орчинд байдаг. Тэгэхээр шалгалтын даалгавар задарна гэж байхгүй.
-Харандаа баллуурын чанарын асуудалд энэ жил хэрхэн анхаарч байгаа вэ?
-Харандаа, баллуурын ард төсөв, тендерийн сонгон шалгаруулалтын асуудал яригдана. Гэвч тендер сонгон шалгаруулалт манай шалгалтын хуваарьтай цаг хугацааны хувьд таардаггүй. Тендерийн хуулиар бүх тендер хоёрдугаар сард төлөвлөгдсөн байх ёстой. Гэтэл манай ажил аль хэдийн эхэлчихсэн байдаг. Өнгөрсөн жил хөрөнгө санхүүгээс үүдэлтэй асуудал гарсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн асуудлыг давтахгүйн тулд бэлтгэлээ сайн хийж байгаа ч улс орон даяар төсвийн асуудалтай байна. Адаглаад манай хянагч багш нарын цагийн хөлс бага байдаг тул ажиллах хүчний асуудал үүсдэг. Нэг цаг хянагч багш хийгээд 20 мянган төгрөг авдаг багш гэж амьдрал дээр байхгүй. Гэвч багш нарыг нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн төлөө ажиллах ёстой гэсэн шаардлагыг тавин ажиллуулж л байна. Бид бүхэн боломжоороо бэлэн байдлаа хангаж байгаа.
-Тухайлбал, баллуур харандааны төсвөө нэмүүлж чадсан уу?
-Төсвийн төсөөллөөр бага зэрэг нэмэгдэж байгаа боловч зах зээлийн үнэ биднийг хүлээхээс өнгөрлөө. Магадгүй бид 20 төгрөгөөр төсвөө нэмэхэд 400 төгрөгөөр нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Иймэрхүү асуудал олон бий. Сая сайдын тушаалаар бүртгэлийн хураамжийг 20.000 төгрөг болгон нэмсэн. Үүгээр дээрх асуудлыг шийдэхийг зорьж байна.
-Шалгалтын материалыг нь үнэн зөв зассан эсэхийг шалгуулах, материалтайгаа танилцах хүсэлт гардаг. Энэ тохиолдлуудад хэр их алдаа гардаг вэ?
-Монгол хэл бичгийн шалгалт нь уламжлалт аргаар буюу эсээ бичүүлж, мэргэжлийн багш нар засдаг. Шалгуулагч авсан оноондоо эргэлзэж байгаа уир шалгалтын материалаа үзэх, хянах гэж өргөдөл өгдөг. Үүнийг хоёр гурван шат дамжиж шалгадаг. Гэвч өөрчлөлт ордоггүй. ЭШ-ын хувьд машинаар дүгнэдэг учир өөрчлөлт гардаггүй. Мэдээж шалгуулагч материалтайгаа танилцаж болно. Гаргасан өргөдөл, гомдлыг 5 хоногийн дотор шийдвэрлэх журамтай.
Ер нь машинаар уншуулж байгаа учир зөрдөггүй дээ. Зөрж байгаа шалтгаан нь давхар тэмдэглэх, дутуу баллуурдах зэрэг шалгуулагчийн хариуцлагагүй байдлаас болдог. Дөрвөн хариултаас 2-3 хариултыг будсан бол алдаа заах тохиолдол бий.
Бид скантрон машиныг 2015 оноос хойш хэрэглэж эхэлсэн ба энэ машин алдааны магадлал, нэр хүндээрээ дэлхийд нэг номерт байдаг. Зөвхөн манай улс хэрэглээд байгаа биш БНХАУ, Япон, Солонгос зэрэг Азийн орнууд, төвлөрүүлж шалгалт авдаг бүх орон хэрэглэж байна. Хоёрдугаарт, итгэл үнэмшил талаасаа ямар ч гар ажиллагаа байдаггүй, машин уншсан дүнг дэлгэцэн дээр шууд харуулдаг учир асуудалгүй. Засагч машинаа сайжруулах ажил хийгдэж байна.
-Олон улсын зарим шалгалтыг ЭШ-ын оноотой дүйцүүлж 800 оноо авч байгаа боловч ЭШ-т өгөхөөр энэ оноонд хүрэхгүй байна гэдэг шүүмжлэл бий. Энэ асуудлыг хэрхэн шийдэх ёстой юм бол. Ер нь өөрчлөлт орох уу?
-Энэ асуудлыг бодлогын газар тайлбарлах болов уу. Гэхдээ шалгалтуудын чанарын ялгаа байгаа. SAT шалгалтыг арав, арваннэгдүгээр ангид өгөх боломжтой. Гэтэл арванхоёрдугаар ангийн хүүхэдтэй харьцуулж байна гэдэг логик гарч ирдэг. Бид үүнийг журамласан хэм хэмжээнд шийдвэрлэж байгаа. Магадгүй бодлогын түвшинд шийдвэрлэвэл шинэчлэлт хийнэ. Дүйцүүлэлт хийж эхэлснээс хойш журманд хоёр удаа өөрчлөлт оруулсан. Олон улсын шалгалтын дүнг оноожуулах схемээ чангаруулсан. Мөн өнгөрсөн жил шаардлагагүй шалгалтуудыг хассан. Гэхдээ нэгэнт олон улсад хэрэглэдэг, хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтуудыг дотооддоо хэрэглэх нь зөв. Тухайн суралцагч энэ олон улсын шалгалтаар дэлхийн аль ч улсын сургуульд орж чадаж байхад манайд яагаад хэрэглэж болохгүй гэж.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.














