Манай “Mongoliapress” мультимедиа агентлаг Боловсролын зээлийн сангийн зээлээ төлөөгүй хүмүүсийн дунд жирийн иргэдээс гадна улс төрийн нөлөө бүхий хүмүүс, тэдний хамаарал бүхий этгээдүүд олноороо байгаа талаар хүргэсээр байгаа билээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн болох Х.Тэмүүжиний дүү Х.Хулан – 172 сая төгрөг, Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа – 686 сая төгрөг, Б.Жангабылын Ж.Жамбол – 354 сая төгрөг, Д.Энхтуяагийн охин Э.Биндэрьяа – 251 сая төгрөгийн зээл авсан байдаг. Мөн УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Г.Ганболдын охин Г.Уянга – 282 сая төгрөг, Б.Ундармаагийн хүү А.Чинсанаа – 498 сая төгрөг, Ш.Раднаасэдийн Р.Сийлэн – 594 сая төгрөг, О.Батнасангийн Б.Буянжаргал – 413 сая төгрөг, Ш.Адьшаагийн А.Биндэрьяа – 365 сая төгрөгийн зээлээ төлөөгүй. Зөвхөн эдгээр жишээгээр тооцоход л дөрвөн тэрбум төгрөгт дөхөх хэмжээний мөнгө БЗС-д буцаан төвлөрөх боломжтой байна.
Гэтэл үүнээс ч ноцтой асуудал бий. Зарим улстөрчид болон тэдний хамаарал бүхий этгээдүүд зээлээ бүр тэглүүлсэн тохиолдлууд ч байна.
УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн дүү Б.Баттогтох – 50 сая, П.Сайнзориг – 114 сая, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг – 33 сая, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан-гийн дүү Э.Батбаяр – 173 сая төгрөгийг тэглүүлсэн байна.
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, А.Ганбаатар, А.Ундраа нарын ч зээлүүд тэглэгджээ.
Эдгээр шийдвэрүүдийн нийт дүн 1.8 тэрбум төгрөгт хүрч, энэ нь хууль зөрчсөн байж болзошгүйг Авлигатай тэмцэх газар тогтоож, холбогдох тушаалуудыг хүчингүй болгох санал хүргүүлээд байна. Бүр өргөн хүрээнд авч үзвэл, 2008 оноос хойш БЗС-тай холбоотой 17 тушаалаар 800 орчим хүний 87.6 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн нь тогтоогдоод байна. Энэ шийдвэрүүдийг үе үеийн боловсролын сайд нар гаргасан бөгөөд үүнд Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг, Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Л.Цэдэвсүрэн, Л.Энх-Амгалан нар багтаж байна.
Тэдний нэг болох Л.Энх-Амгалан Боловсролын сайдаар дахин томилогдоод байна. Л.Энх-Амгалан сайдыг БЗС-гийн зээл төлүүлэх манлайллаа өөрөөсөө эхлүүлэх ёстой гэвэл хэн ч маргахгүй биз. Учир нь түүний гэргий М.Сэржмядаг 2004 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцсан байдаг. Саяхныг хүртэл түүний зээл тэглэгдсэн байсан ч нийгэмд үүссэн шүүмжлэл зэргээс үүдэн зээлээ төлсөн. Гэсэн ч зээлийн хүүгээ төлөөгүй үлдээжээ.
Л.Энх-Амгалан сайдын БЗС-тай холбоотой асуудал үүгээр дуусахгүй. Түүний дүү Л.Ганбаатар ОХУ-ын ДЯЯ-ны Удирдлагын академид удирдлагын менежер мэргэжлээр БЗС-гаас зээл авч суралцсан. Гэрээ ёсоор захиалагч байгууллагад мэргэжлээрээ таваас доошгүй жил ажиллаж, зээл, зээлийн хүүг төлөх нөхцөлтэй. Гэсэн ч тэрээр өнөөг хүртэл ч ямар ч зээл, зээлийн хүү төлөөгүй. Учир нь түүний зээл тэглэгдсэн.
Тэгэхээр Боловсролын сайд БЗС-гийн зээлийн эргэн төлөлтийг өөрийн гэр бүлээс эхэлж төлж дуусган бусдадаа үлгэрлэх ёстой. Харин дараа нь Засгийн газар болон УИХ-ын гишүүд, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийг зээлээ төлөхийг шахаж, шаардах нь зүйтэй. Мөн хууль бусаар тэглэсэн бүх зээлийг сэргээж, энэ шийдвэрийг өөрчлөх нь шударга ёсонд нийцнэ.

















