Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан (СОР17) ирэх оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатарт болно. Даян дэлхийн ач холбогдолтой энэ арга хэмжээнд тус Конвенцын талууд болох 197 улс орны төлөөлөгчид, төр, засгийн тэргүүд, сайд нараас гадна олон улсын болон шинжлэх ухааны байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно. Энэ хурал нь цөлжилт, газрын доройтол, ган зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй харилцан уялдсан сорилтуудыг даван туулах бүхий л боломжит шийдлийг эрэлхийлэхэд чиглэх юм.
Монгол Улсын 1.56 сая км² нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь газрын доройтолд өртөөд байна. Хүрээлэн буй орчны гурамсан хямралыг даван туулахад газар ашиглалтын бодлого чухал үүрэгтэйг Монгол Улс хүлээн зөвшөөрч, цөлжилттэй тэмцэх дэлхий нийтийн хүч чармайлтад идэвхтэй оролцож, манлайлал гарган дуу хоолойгоо илэрхийлсээр ирсэн. Монгол Улс нь хөгжлийн томоохон зорилтууд, ялангуяа байгаль орчин болон хөдөө аж ахуйн салбарын уялдаа холбоог илэрхийлэн хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнүүдээс дүгнэхэд тус улс нь энэхүү чухал хуралдааныг зохион байгуулах стратегийн түнш мөн болох нь илэрхий байна.
СОР17 бага хурал нь НҮБ-аас зарласан “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” (IYRP 2026)-тэй уялдан зохион байгуулагдах тул бэлчээрийн тогтвортой менежмент, дасан зохицох арга хэлбэр, дэлхийн хэмжээнд бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай нэг тэрбум гаруй хүний амьжиргааны асуудлыг олон улсын анхаарлын төвд гаргах боломжийг бүрдүүлж байна.
Хоёр долоо хоног үргэлжлэх бага хурлын хүрээнд өндөр түвшний арга хэмжээ, тэр дундаа сайд нарын түвшний хэлэлцүүлэг, олон талт оролцогчдын чуулга уулзалт, шинжлэх ухаан ба бодлогын уялдаа, инновац, технологи, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэх сэдэвчилсэн форумууд зохион байгуулагдана. Энэхүү бага хурал нь салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж, газрын тогтвортой ашиглалт, экосистем болон газрын нөхөн сэргээлт, “Газрын доройтлыг тэглэх зорилт”-ын хэрэгжилтийг ахиулах чухал алхам болох юм.
СОР17 бага хурлын бэлтгэлийг хангах, олон нийтийн мэдлэгийг тэлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс хэд хэдэн үндэсний санаачлагуудыг эхлүүлээд байна. Үүний нэг жишээ нь “Цөлжилт ба гангийн эсрэг дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан ирэх сарын 16-17-нд өдрүүдэд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулах “Цөлжилт, газрын доройтлын эсрэг залуусын оролцоо” сэдэвт үндэсний форум юм. Уг арга хэмжээнд 100 гаруй залуу малчин, судлаач, бодлого боловсруулагчид оролцож, уламжлалт мэдлэг ба шинжлэх ухаанд суурилсан газрын тогтвортой шийдлүүдийг хамтран боловсруулах юм. Энэ нь өмнөх СОР хуралдаануудаас гарсан хүртээмжтэй оролцоог дэмжих тухай шийдвэрийг хэрэгжүүлэх Монгол Улсын хүч чармайлтын нэг хэсэг болж буй юм.
Монгол Улс газрыг нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, уур амьсгалд тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэх бодлогоо “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” олон нийтэд түшиглэсэн хөдөөгийн хөгжлийн санаачлага, “Хүнсний хувьсгал” хөдөө аж ахуй, хөрс хамгааллын санаачлага зэрэг үйл ажиллагаагаар хэрэгжүүлж буй нь бүс нутаг болон дэлхийн хэмжээнд үлгэр дууриалал болохуйц юм. СОР17 бага хурлыг зохион байгуулах нь газар хөрс, уур амьсгал, биологийн олон янз байдлын талаарх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, инновац, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих чухал боломжийг нээж өгнө.
Энэ түүхэн хурал нь дэлхий нийтээрээ газрын доройтол болон уур амьсгалын сорилтуудын эсрэг нэгдэхэд чухал хувь нэмэр оруулж, хүн төрөлхтөнд тогтвортой, тэсвэртэй ирээдүйг цогцлоох үйлсэд Монгол Улсын оролцоо, манлайллыг харуулах ач холбогдолтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын хэвлэлийн алба, press@unccd.int, https://www.unccd.int/, @unccd
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам – https://www.gov.mn/mn/organization/mecc
“Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцын” тухай:
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь газрын тогтвортой менежментийг хангах олон улсын гэрээ юм. Энэ гэрээ нь газрын тогтвортой менежментийн таатай орчиныг бүрдүүлэх замаар иргэд, олон нийт, улс орнууд баялаг бүтээх, эдийн засгаа өсгөх, хүнс, цэвэр ус, эрчим хүчээр хангах таатай нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Конвенцын талууд болох 197 улс орны түншлэлээр дамжуулан гангийн үр нөлөөг шуурхай, үр дүнтэй шийдвэрлэх тогтолцоог бий болгосон. Бодлого, шинжлэх ухаанд суурилсан газрын зохистой менежмент нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг нэгтгэж, биелэхэд нь тусалж, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх байдлыг сайжруулж, биологийн олон янз байдлын хомсдолоос сэргийлэхэд мөн хувь нэмрээ оруулна.
“Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийн тухай:
Монгол Улсын Засгийн Газрын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий ассамблей 2026 оныг “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийг жил” болгон зарласан. Энэ хүрээнд бэлчээрийн тогтвортой менежментэд хөрөнгө оруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, малчдыг зах зээлд хүрэх боломжийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн талаарх мэдлэгийн зөрүүг арилгахыг уриалах олон улсын арга хэмжээ болно. “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” (IYRP 2026) нь Монгол Улсад зохион байгуулагдах СОР17 бага хуралтай нэг жил зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. https://iyrp.info