Монгол Улс наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод COP17 олон улсын хурлыг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна. Гадаадаас арваад мянган зочин хүрэлцэн ирэх энэхүү хуралтай холбоотойгоор зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа төвийн 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуульд зохицуулалт хийхээр болсныг салбарын яамнаас мэдээллээ.
Тодруулбал, хурал болох хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг цахимаар зохион байгуулах юм. Тухайн цэцэрлэг, сургуулиуд дээр наймдугаар сарын 17-28 ны өдрүүдэд ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Элсэлт, бүртгэл, шилжих хөдөлгөөн зэргийг цахимд шилжүүлэх юм.
Боловсролын яамны ТНБД Т.Ням-Очир “Хурал зохион байгуулах бүсчлэлд хамаарч байгаа төвийн 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургууль хичээл эхлэх бэлтгэлийг цахимаар хийнэ. Хичээл есдүгээр сарын 1-нээс танхимаар орох боловч эхний 14 хоног сургалтын бэлтгэл ажлыг гүйцээж хангах шаардлагатай. Мөн бүсчлэлд амьдарч байгаа багш ажилчид бүсчлэлд хамаарахгүй сургууль, цэцэрлэгт ажиллахдаа зайн зохицуулалт хийнэ” гэлээ.
Тэгэхээр дээрх 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээл есдүгээр сарын дунд үеэс жигдрэх нь. Түүнчлэн хурал болох төвийн таван дүүргээс Баянхошуу, Сонгинохайрхан зэрэг хичээл нь хэвийн үргэлжлэх сургуулиудын багш ажилтнуудыг зайнаар ажиллуулна гэхээр энэ намрын боловсролын салбарын үйл ажиллагаа ерөнхийдөө есдүгээр сарын эхний 14 хоног “завсарлах” нь тодорхой боллоо. Их, дээд сургуулиуд ч мөн адил есдүгээр сарын 15-наас танхимаар хичээллэхээр болоод буй юм.


ТНБД Т.Ням-Очир “Сургалтыг шаардлагатай үед цахим хэлбэрээр зохион байгуулах бэлтгэл хангана. Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг эцэг, эхийн хэрэгцээнд тулгуурлан уян хатан зохицуулалтаар ажиллуулах зохион байгуулалтыг хийнэ.Эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлж, хүүхэд хүргэх, авах автомашины хөдөлгөөнийг бууруулах арга хэмжээ авна” гэлээ.

















