Глобал Удирдагч Их Сургуулийн үүсгэн байгуулагч, доктор Б.Отгонбат АНУ-ын Пеннсильванийн их сургуулийн Боловсролын сургуульд Боловсролын ухааны докторын зэрэг хамгаалахдаа “Дэлхийн түвшний их сургуулийг бүтээх манлайллын загвар” гэсэн судалгааны ажил хийжээ. Үүгээрээ Пеннсильванийн их сургуулийн шилдэг судалгааны ажлын шагналыг хүртэж байсан аж. Тэгвэл тэрбээр энэхүү судалгааны ажлаараа ном гаргаж, өнөөдөр /2025.10.01/ нээлтээ хийлээ. Номын нээлтэд УИХ-ын гишүүд болон түүний найз нөхөд, гэр бүлийн хүмүүс, боловсролын байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн юм.

Глобал Удирдагч Их Сургуулийн үүсгэн байгуулагч, доктор Б.Отгонбат: Монголын их дээд сургуулиуд зэрэглэлээрээ дэлхийн 2000 сургууль дотор багтаж байна

-Өнөөдөр миний хувьд “Дэлхийн түвшний их сургуулийг бүтээх манлайллын загвар” номынхоо нээлтийг хийж байна. Монгол Улсад дэлхийн түвшний их сургуулиудыг яаж бүтээх вэ. Сүүлийн үед судалгааны их сургуулийг бүтээе гэж бодлого боловсруулагч нар, дээд боловсролын салбарынхан их ярьдаг болсон. Гэхдээ өнөөдөр бид Харвард, Оксфорд зэрэг их сургуулиудыг хэт явцуу утгаар дуурайж болохгүй юм. Монгол Улс маань социализмаас ардчилал руу шилжиж буй улс гэдэг агуулгаараа арай өөр загвар байх ёстой гэсэн судалгааны үр дүн маань гарсан. МУИС, ШУТИС хоёрын тохиолдлыг харьцуулсан үүний үр дүнд төрийн оролцоо чухал юм байна. Хөдөлмөрийн зах зээлд ээлтэй, ажлын байртай төгсөгчдийг гаргахын тулд төрийн өмчийн сургуулиудад санхүүжилт хэрэгтэй. Энэ сургуулиудыг өөрөө ингээд хөгжчих гэж хэлж болохгүй юм байна. Үүнд төрийн бодлого хэрэгтэй. Дээрээс нь засаглалын хувьд бие даасан байдал хэрэгтэй гэх мэтчилэн долоон зарчмыг гаргасан байгаа. Эрдэмтэн мэргэд, судлаачид, төрийн бодлого боловсруулагч нар миний номыг уншаасай гэж бодож байна. МУИС, Дэлхийн их дээд сургуулиудын зэрэглэл тогтоодог байгууллагаас гаргасан зэрэглэлээр манай их дээд сургуулиуд 1500-2000 хооронд эрэмбэлэгдсэн. Энэ нь юу вэ гэхээр түүхэндээ анх удаа дэлхийн 2000 сургууль дотор орж байна гэсэн үг. Энэ бол маш олон байгууллагын хүч юм. Бүх зүйл эрэмбээр тогтоогдохгүй. Их сургуулийн хамгийн эцсийн зорилго бол нийгэмд эерэг өөрчлөлт бүтээж байгаа тэр үр дүн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Докторын ажил нь зөвхөн цаасан дээр үлдэхгүй Монголын өрсөлдөх чадварыг ахиулах, боловсролын тогтолцоог шинэ түвшинд хүргэхэд онцгой хувь нэмэр оруулна гэж итгэж байна

-Улс гүрнийг сүйрүүлэхэд атомын бөмбөг хэрэггүй. Чанаргүй боловсролын тогтолцоо байхад хангалттай гэж байгаа юм. Манай Бархүүгийн Отгонбат доктор маань Пеннсильванийн их сургуульд яг энэ сэдвээр докторын зэрэг хамгаалахдаа дэлхийн хэмжээний стандартын сургуулийг мэдээж хөрөнгө мөнгөтэй улсуудынх шиг биш, ялангуяа социализмаар замнаж байсан улсуудын хувьд яаж мөнгөнөөс хамаарал багатайгаар буюу механизм буюу манлайллын аргаар шинээр хийж болох вэ гэдэг гаргалгааг шинэ түвшинд онолын хөтөлбөр дэвшүүлсэн, шинжлэх ухаанд үнэ цэнтэй манлайлал бүхий зөвхөн Монголд төдийгүй дэлхийд үнэлэгдэхээр бүтээл болсон. 10 жилийн өмнө бид хоёр Харвардад нэг ангид суралцаж байсан. Найз маань Монголын боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаад баяртай байна. Энэ докторын ажил нь зөвхөн цаасан дээр үлдэхгүй Монголын өрсөлдөх чадварыг ахиулах, боловсролын тогтолцоог шинэ түвшинд хүргэхэд онцгой хувь нэмэр оруулах байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монгол Улсаа хөгжүүлэх залуусыг бид өөрсдөө бэлдэхээс өөр арга байхгүй

-Монголын нөхцөлд их дээд сургуулиудаа ямар чиглэлээр хөгжүүлбэл дэлхийн түвшинд гарч чадах юм бэ гэдгийг харуулсан чухал ном гэж миний хувьд үзэж байна. Б.Отгонбат маань энэ чиглэлээр олон жил ажилласан. Бид хүндээ л анхаарах ёстой юм байна. Хүнийхээ мэдлэг, сурах чадвар, төлөвшил зэрэг зүйл дээр анхаарч чадах юм бол Монгол Улсын иргэн жинхэнэ утгаараа баялаг болно гэж хардаг.

Өнөөдөр бүх зүйлийг бид гадаадаас авч болж байна. Гагцхүү Монгол Улсаа хөгжүүлэх залуусыг бид өөрсдөө бэлдэхээс өөр арга байхгүй. Тиймээс шийдвэр гаргах түвшний хүмүүс уншиж танилцах ёстой ном гэж бодож байна.