Эрчим хүчний, Сэргээгдэх эрчим хүчний болон Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэгтэйгээр УИХ-аас байгуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр мэдээлэл хийж, Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчдэд танилцууллаа. Эдүгээ хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт ихээхэн ерөнхий бөгөөд цахилгааны болон дулааны гэсэн хоёр том салбарыг нэгтгэн зохицуулж буй учир Дулааны эрчим хүчний тухай хуулийн төслийг тусад нь боловсруулжээ. Үүний сацуу ажлын хэсгийнхэн Цахилгаан эрчим хүчний тухай хуулийг бие даасан хэлбэрээр боловсруулах ажилдаа ч орж. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийн мэдээлснээр Цахилгаан эрчим хүчний тухай хуулийн төслийг ирэх зургадугаар сарын эхээр бэлэн болгох аж. Улмаар Дулааны эрчим хүчний болон Цахилгаан эрчим хүчний тухай хуулийн төслийг хамтад нь энэ хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.
Тус ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг хуулийн төслийг хүний эрх, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэх, дулааны эрчим хүч хүртээмжтэй, тасралтгүй, найдвартай байх, үнэ тарифыг үндэслэлтэй, өртөгт суурилан тогтоох, дулаан хангамжийн тогтолцоонд үйл ажиллагааны давхардалгүй, төрийн оролцоо бага байх, олон эх үүсвэртэй, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжсэн байх зэрэг нийтлэг зарчмыг баримтлан боловсруулснаа онцолсон. Энэ үеэр тэд хийсэн судалгаа, өнөөгийн нөхцөл байдлын талаарх дүн шинжилгээгээ хуваалцав.
Мөн Эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор 800 гаруй журам, дүрмийг батлан мөрдүүлж буй. Эдгээр журам, дүрмийн зохицуулалтыг аль болох хуульчлах бодлогыг баримталснаа тэд хэллээ.
Хуулийн төслийн талаар ажлын хэсгийн гүйцэтгэх багийн хуулийн зөвлөх С.Амаржаргал танилцуулж, агуулга, бүтэц болон зохицуулах харилцаа, ач холбогдлыг тоймлон дурдсан юм. 15 бүлэг, 68 зүйл, заалт бүхий уг хуулийн төслийг дулааны эрчим хүчний бүтээгдэхүүний чанар, хүртээмж, тэдгээрийн зохицуулалт, хуваарилалтыг ил тод, тэгш шударга байлгах, мөн хэмждэг, тэр хэрээр хэмнэдэг байх, дамжуулах болон түгээх, хангах сүлжээ хоорондын холболтын харилцаа, техникийн нөхцлийг зохицуулах, системийн бүтэц, тэдгээрийн онцлог, хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг үзэл баримтлалын хүрээнд боловсруулсныг тэрбээр танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.